Эрчим хүчний яамнаас өнгөрсөн долоо хоногт аукцион зохион байгуулж, дотоодын компаниуд шалгарсан. Бид энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын зөвлөх инженер, доктор Б.Лхагвадэмбэрэлтэй ярилцлаа.
Сая хоёр дахь удаагийн дуудлага худалдаа орон даяар нээлттэй сонгон шалгаруулалт явууллаа. Миний хувьд энэ асуудлыг зөвхөн өнөөдөр гэнэт бий болсон мэтээр харах нь өрөөсгөл гэж бодож байна.
2013 оноос хойш Монгол Улс БНХАУ-аас эрчим хүч импортлох гэрээ байгуулж, Оюу толгой уурхайн цахилгаан хангамжийг хангаж ирсэн. Өмнө нь яагаад ийм системийг нэвтрүүлж байгаагүй вэ гэдэг асуудал бий. Учир нь тухайн үеийн техникийн нөхцөлд эрчим хүчний сүлжээнд ямар нэгэн эх үүсвэрийг шууд холбох нь хүндрэлтэй байсан. Оюу толгой бол тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангагдах шаардлагатай, өндөр хүчин чадалтай уурхай. Тиймээс цахилгаан хангамжийг нь тасалдуулахгүйгээр шинэ эх үүсвэр холбох техникийн боломж өмнө нь бүрдээгүй байсан гэсэн үг.
Харин өнөөдөр энэ боломж бүрдсэн учраас дуудлага худалдааг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалтаар, үнэ бууруулах аргачлалаар зохион байгуулж, эх үүсвэрийг сонгон шалгаруулж байгаа нь зүй ёсны асуудал гэж үзэж байна.
Монгол Улс 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Анх уг хуулийг батлахдаа эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой тариф тогтоож байсан. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчийг 9.5-14 центээр худалдан авах зэрэг тарифыг хуульчилсан.
Үүний дараа хуулийг шинэчлэн найруулж, сайжруулах ажлууд үе шаттайгаар хийгдсэн. Улмаар 2013 онд Монгол Улсад анх удаа 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц ашиглалтад орж, сэргээгдэх эрчим хүчийг томоохон хүчин чадлаар эрчим хүчний системд нэвтрүүлж эхэлсэн. Үүнээс хойш Дарханы нарны цахилгаан станц зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглалтад орсон.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад суурилагдсан хүчин чадлаараа 155 МВт-ын салхин цахилгаан станц, 150 МВт-ын нарны цахилгаан станц, мөн 150 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын системүүд бий болсон байна.
Энэ бүх хөгжил нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль болон тухайн үеийн технологийн дэвшилтэй шууд холбоотой. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын өмнө тодорхой амлалтууд хүлээсэн. Тухайлбал, Парисын хэлэлцээрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн.
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд бид хууль эрх зүйн орчноо сайжруулж, санхүүгийн механизмуудыг үе шаттайгаар нэвтрүүлж ирсэн. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүчний хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчилж, өнөөдрийн дуудлага худалдааны тогтолцоонд шилжиж байна.
Миний хувьд энэ бол маш том давуу тал. Өмнө нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг тогтоосон тарифаар сонгон шалгаруулдаг байсан бол өнөөдөр үнэ бууруулах дуудлага худалдаагаар, олон нийтэд нээлттэй, өрсөлдөөнт зарчмаар сонгон шалгаруулж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсад төдийгүй олон улсад ашиглагддаг зах зээлийн механизм юм.
Нөгөө талаас, ийм нээлттэй, үр өгөөжтэй, Монголын талд ашигтай тогтолцоог нэвтрүүлэх нь улс орны тусгаар тогтнолд халдаж байна гэж үзэх нь өрөөсгөл ойлголт гэж бодож байна.
Дуудлага худалдаагаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлэх, нүүрсний цахилгаан станцуудыг эрчим хүчний үндсэн системтэй холбох зэрэг нь бүгд нэг зорилготой. Энэ нь эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах явдал юм.
Эрчим хүчний системийн онцлог нь үйлдвэрлэл, хэрэглээ хоёр нэгэн зэрэг тэнцвэртэй байх шаардлагатайд оршдог. Тиймээс сэргээгдэх эрчим хүч болон нүүрсний цахилгаан станцууд харилцан уялдаатай ажиллаж, нэгнийхээ дутагдлыг нөгөөгөөр нөхөж байж системийн найдвартай ажиллагааг хангана" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна