Кэмерон Диас: Нөхөр маань надаас дүү, бас намхан, гэхдээ зүгээр ээ

Zuv.mn
1 цаг 8 минутын өмнө

Алдарт жүжигчин Кэмерон Диасын хувийн амьдроалаа хуваалцсан ярилцлагыг хүргэж байна. Мэтт Диллон, Жаред Лето, Жастин Тимберлейк гэх зэрэг секс бэлгэ тэмдэг болсон алдартнуудыг дурлуулж явсан Кэмерон Диаз 2014 оны тавдугаар сард хөгжимчин Бэнжи Мэддентэй уулзаж эхлэн улмаар гэрлэсэн юм. Хоёр хоёр гурван хүүхэдтэй бөгөөд том охин нь  2019, дунд хүү нь 2024, бага хүү нь өнгөрсөн тавдугаар сард мэндэлжээ. Жич: Ярилцлагыг хосууд хараахан үрийн зулай үнэрлээгүй байх үед авчээ. 

-Кэмерон, таны нэгэн биенийхээ нөгөө хэсгийг олсон явдал бүх хүний анхаарлын төвд байна.

-Харин тийм ээ. Би өмнө нь нөхөрт гарсан найзуудаасаа суудаг байлаа л даа. “Яг өөртөө тохирсон, заяаныхаа ханийг оллоо гэдгээ яаж мэдэх вэ” гэж. Тэд “Тийм хүнтэй учрахаараа чи шууд мэднэ ээ” гэдэг байсан. Энэ яг үнэн юм байна лээ. Би Бенжитэй анх уулзаад л “Энэ залуу миний ирээдүйн нөхөр болно” гэдгийг ойлгосон. Бен бол миний мэдэх хамгийн сэтгэлээрээ залуу. Энэ дэлхий дээр түүн шиг өгөөмөр хүн ховор байх. Тэр гэгээлэг, халамжтай, өгөөмөр. Бас их хөгжилтэй, сэргэлэн. Хүндэтгэмээр өөр олон чанар байгаа даа. Үнэнийг хэлэхэд, би амьдралдаа гэрлэх талаар бодож байгаагүй. Харин Бентэй учирсныхаа дараа анх удаа өөртөө “Би яагаад өмнө нь гэрлэлтэд итгэдэггүй байсан юм бол оо” гэж асуусан. Тэгээд “Бентэй учраагүй байсан болохоор л тэр” гэж хариулсан даа.

-Сонин юм. Та Бенийг бүүр өмнө нь таньдаг байсан шүү дээ. Бен чинь таны дотны найз Николь Ричигийн нөхрийн төрсөн ах нь биз дээ?

-Сайн асуулт байна. Тэр үед бид харилцааны өөр, өөр тойрогт байсан гэх үү дээ. Би анх Бенийг нэг гүйлтийн үеэр харсан юм. Тэгээд “Ямар сайхан залуу вэ” гэж бодчихоод түүнийгээ санааныхаа нэг мухарт хадгалчихсан. Гэтэл дараа нь би нэг барбекъю үдэшлэг зохиодог юм. Түүндээ Николь Риччиийг нөхөр Жоэль Мэддентэй нь урьтал “Ахыгаа дагуулж очвол болох уу” гэсэн. Би мэдээж зөвшөөрсөн. Тэр үед Бенийг хараад дахиад л “Энэ залуу одоо хүртэл гайхалтай хэвээрээ байна шүү” гэж бодож байгаа юм. 

Дараа нь “Би яагаад одоо болтол энэ залуутай уулзахгүй яваад байгаа юм бол” гэж бодсон доо. Бусад нь бол нууц. Бид гэрийнхээ зочдын өрөөнд, ойр дотныхонтойгоо гэрлэх ёслолоо хийсэн. Дрю Бэрримор, Николь Риччи гэх мэт найзууд маань хуримын гэрч болцгоосон. Тангаргаа өргөсний дараа байшингийн арын цэцэрлэгт хэдэн ширээ сандал тавиад жаахан сууж, бүжиглэцгээсэн дээ.         

-Насны зөрүү мэдрэгдэхгүй байна уу?

-Мэдээж. Бен сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Харин би арай ахмад болохоороо сэтгэлийн хөдөлгөөнтэй ч түүнийгээ барьж чаддаг. Ингэхээр төгс тэнцвэрийг үүсгэж байгаа юм. Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан. Өвдөлт, ядралт, өөртөө итгэлгүй байдал гээд бүгдийг нь. Гэтэл би энэ бүгдийг насан туршдаа л далдалж, нууж амьдарсан юм шүү дээ. Бага байхад минь намайг хүүхдүүд “Араг яс”, “Эфиоп” гэж дууддаг байсан. 

Би тийм туранхай байсан хэрэг. Үүнд нь их эгдүүцэж уурлана. Одооны ихэнх хүүхдүүд хичээлийн бус цагаа компьютерийн ард сууж нэмэлт мэдлэг олж авахад зарцуулдаг. Гэтэл бидний бага нас огт өөр орчинд өнгөрсөн. Ихэвчлэн гудамжинд тоглоно. Тэгээд зодолдоно. Эрэгтэй хүүхдүүдтэй зодолдлоо гэж бодоход, өөрийгөө мундаг гэдгийг харуулахын тулд хамгийн том биетэйг нь сонгож “үздэг” байлаа шүү дээ. Мундаг гэдгээ харуулах, дээрэлхүүлэхгүй байх л хамгийн чухал гэж тэр үед надад санагддаг байлаа.

-Өмнө нь дурлаж явсан эрчүүдээ одоо санаж байгаа эсэх нь сонин байна?

-Аан гээч, урьд өмнө учирч байсан эрчүүдийн хэн нь ч надад нөхөр шиг минь нөлөөлж байгаагүй. Би юу чсанахгүй, санахыг ч хүсэхгүй. Яагаад гэвэл хэнийг ч хэнтэй ч харьцуулж болдоггүй юм. Энэ хүнийг би ирээдүйгээ хамт бүтээж босгохоор сонгож авсан шүү дээ. Одоо бол би надтай урьд нь учирч байсан хайр чин сэтгэлийнх биш байж гэдгийг ойлгож авсан.  

-Гэрлэлтийн юу нь танд хамгийн их таалагдав?

-Өөрийнхөө талаар урьд нь мэддэггүй байсан зүйлсээ нөхрийнхөө тусламжтайгаар мэдэж авах гэх үү дээ. “Тэгвэл гэрлэлтийн хамгийн муухай нь юу вэ” гэж битгий асуугаарай. Яагаад гэвэл би бас л тэгж хариулна. Шинээр олж нээсэн “би” маань тийм ч онцгүй юм билээ. Ер нь бол өөртөө  таалагдахгүй байгаа (Инээв). Яг л хоёр талдаа иртэй сэлэм шиг.

-Та хоёр хүүхэдтэй болъё гэж бодож байна уу?

-Миний эгчийн, Бенжигийн ахын гээд эргэн тойронд минь өчнөөн хүүхдүүд байдаг болохоор бид хүүхэд гэж юу юм, хэрхэн өсдөг юм бэ гэдгийг сайн мэднэ. Гэхдээ би “Би ээж болмооргүй байна” гэж нэг ч удаа хэлж байгаагүй шүү дээ. Хамгийн гол нь амьдралынхаа төгсгөл хүртэл хамт байх тэр хүнийхээ хүүхдийг л гаргахыг хүсдэг.

-Та хөгшөрөлтийн талаар их ярьдаг. Энэ асуудлаар ном бичсэн ч удаатай. Гэхдээ арай л эрт ийм асуудалд ач холбогдол өгөөд байна гэж санагдахгүй байна уу. Та одоо ч гэсэн сайхнаараа л байна шүү дээ.

-Дөч хүрсний дараа эмэгтэй хүн болгонд дааврын өөрчлөлт явагддаг, хэрхэн хөгшрөх нь зөвхөн үүнээс шалтгаалдаг гэдгийг та мэдэх үү. Физиологийн, сэтгэл санааны, сэтгэл хөдлөлийн гээд бүгд. Би энэ талаар маш их зүйл уншиж судлан, чамлахааргүй мэдлэгтэй болсон хүн. Энэ сэдвийг онцлох болсон шалтгаан их энгийн. Зарим нь ил хэлдэггүй л болохоос хүн бүр л хөгшрөхөөс айдаг. Асуудлыг зөвхөн “бид 20-тойдоо 40-тэйгөөсөө илүү сайхан харагддаг” гэдэг утгаар хүлээж авбал өнгөц хэрэг болно. Би одоо 40-тэй, гэхдээ өөрийгөө илүү сайн мэдэрч байна. хэрвээ одоо мэддэг мэдлэгээ 20-тойдоо мэдчихсэн байсан бол одоо бүр ч илүү сайн байж болох сон. Тийм л учраас ямар ч насны эмэгтэйчүүдийг өөрсдийнхөө нас, насанд сайхан байгаасай гэж хүссэндээ ном бичсэн. Миний ном дан ганц “Яаж хөгшрөлтөө удаашруулах вэ”, “Залуу насаа хэрхэн удаан хадгалах вэ” гэсэн асуултад хариулдаггүй. Харин хэдэн настай байхаасаа үл хамаарч хэрхэн сайхан амьдрах талаар илүү оруулж өгсөн байгаа.                  

-Тэгвэл таныхаар, настай эмэгтэйчүүд сайхан амьдрахын тулд яах ёстой вэ?

-Өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө хүндэлж, өөрийгөө хайрла. Хүмүүс залуу байх үеийнх шиг уучлал гуйгаад байх нь ховор шүү. Байгаагаараа байх нь их чухал. Чадахгүй зүйлээ чадахгүй гээд шууд хэлэхэ хэрэгтэй. Өөртөө битгий лай хураа. Чухал биш зүйлийн төлөө өөртөө хариуцлага хүлээлгэх хэрэггүй.

 

 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна