УБЦТС: Авлига хороолол буюу “Aqua garden”-д улсаас эрчим хүчний эх үүсвэр өгөөгүй

Х.Есү
1 цаг 6 минутын өмнө

Авлига хороолол буюу “Aqua garden” өчигдөр эрчим хүчээ авсан талаар иргэд нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж байна. 

Бид уг асуудалтай холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх станцаас мэдээллийг тодруулахад "Улсаас “Aqua garden” хороололд эрчим хүчний эх үүсвэр өгөөгүй. Хувийн аж ахуйн нэгж буюу хувийн цахилгаан түгээх станцаас эрчим хүчээ авсан байна лээ. 

Манайд яг аль хувийн хэвшил цахилгаан өгсөн талаарх мэдээлэл алга байна. Анх баригдсаных нь дараа улсаас эрчим хүч өгөхөд асуудал үүссэн учраас тэр өдрөөс эхлэн улсаас тог өгөхөө больсон" гэлээ. 

“Авлига хороолол” гэж нэршсэн “Акуа гарден” баригдах болсон түүхийг төсөл хэрэгжүүлэгч “Эм энд Жи” констракшн Баянзүрх дүүрэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан 2006 оны арванхоёрдугаар сараас эхлүүлдэг ч үнэндээ бол 2020 оноос л эхэлсэн юм.

Тэр жил Нийслэлийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж байсан Ж.Батбаясгалан орон нутгийн сонгуулийн өмнөхөн “Эм энд Жи констракшн” ХХК-ийн “Үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор барих зориулалтаар” эзэмшиж байсан 7.9 га, 0.26 га, 2.9 га газрын зөвшөөрлийг цуцалсан бөгөөд 1200 гаруй айл өрхийг эрсдэлд оруулаад байгаа “Авлига хороолол” баригдах эхлэл чухам ингэж тавигдсан юм.

Авлига хороолол гэж нэршсэн орон сууцны хорооллын газрыг анх Нийслэлийн Засаг дарга Т.Билэгт 2008 онд, олгосон юм. Улмаар тус 11.8 га газрын эзэмших эрхийг 2020.9.30ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан. 

Гэвч захиргааны хэргийн шүүхийн 2021.9.30-ны өдрийн шийдвэрээр НЗД-ын захирамжийг хүчингүй болгож газрын эрхийг сэргээх шийдвэр гаргаж байсан. Уг нь анх усан парк, спорт цогцолбор, соёл амралтын хүрээлэн барина гэж байсан ч 10.5 га газарт 25 давхар орон сууцны хороолол сүндэрлээд байна.

Тэгвэл Эм Энд Жи Констракшн компани Орон сууцны зориулалтаар бус Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар эзэмшдэг аж.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна