Ж.Эрхэмбаатар: Нэг яамнаас 200 хүн халсан тушаалыг гурван дарга гаргасан байдаг

2018/12/10

Авлигын эсрэг олон улсын өдөр өнөөдөр /2018.12.09/ тохиож байна. АТГ-аас энэ өдрийг угтан цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулсны нэг нь  “Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил” чөлөөт хэлэлцүүлэг байв. Энэ үеэр нэр бүхий хуульчид “Авлигын эсрэг хуульчдын нэг алхам” санаачилгын хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хууль тогтоомжийн шинэчлэл, нөөц боломж, бодит байдал, ухралт, хүлээлгэх хариуцлагын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр хуульч Ж.Эрхэмбаатар “Төрийн албаны маргаан буюу төрийн албанаас халсан, чөлөөлсөн, шилжүүлсэн, албан тушаал бууруулсантай холбоотой нэхэмжлэлийн 70 гаруй хувь нь захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны актыг хууль бус гэж үзсэн. Үүний улмаас 2.089.478.711 төгрөгийг нэхэмжилсэн ба  шүүхээс 496.098.260 төгрөгийн цалин хөлсийг төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. 2017 онд 660 төрийн албаны маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн нь 58 хувь өссөн. 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын нэг яамны бүтцээс 200 төрийн албан хаагчийг ажлаас хоморголон халсан. 200 төрийн албан хаагчийг  халсан тушаалыг гурван албан тушаалтан гаргасан байдаг. Уг нь хуульд “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан. Гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна.Дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж байхгүй бол гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг төрийн аудитын байгууллага хариуцна гэж заасан. Гэтэл энэ зохицуулалтыг мэдэхгүйн дээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сул, эрх зүйн орчин хангалтгүй байна. Тиймээс олон нийтэд мэдээлэх, эрхээ хамгаалах эрх зүйн боловсрол олгох, санхүүгийн хариуцлагын үр нөлөөг таниулах, хариуцах эзэнтэй болох, мэдлэг, боловсрол дутагдаж байгаагаас гадна  процесс, хохирол олголтыг хөнгөвчилж, шийдвэр гаргасан этгээдийн оролцоог хангах хэрэгтэй байна” гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: www.polit.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна