Эгзгийг нь тааруулж дарсан зургаа өндөр үнэ хүргээд зарах боломжтой ч тогтмол орлого гэх юмгүй папараци зурагчид аж амьдралаа хэрхэн авч явдаг бол? Тэдний амьдрал тэр чигтээ л алдартнуудаас хамааралтай мэт. Алдартнуудыг хаа ч явсан дагаж, хувийн амьдралыг нь ''хайр найргүй'' дэлгэдэг тэднийг өрөвдөж хайрлахаас илүү үзэн ядах хүмүүс олон.
Сантиаго Без нэрт зурагчин 1990 оноос эхлэн папарацичин болсон. Гартаа үргэлж камераа барьж явдаг энэ эр 1990 оноос хойш алдартнуудын амьдралд тохиолдсон маш олон хайр дурлал, салалт, гэрлэлт гэх мэт үйл явдлуудын гэрч болоод амжсан. Сонгосон ажил нь түүнээс алдартнуудын хаана амьдардаг, ямар зуршлуудтай болон хаагуур хэсэх дуртай байдаг гэх мэтчилэн маш олон зүйлсийг мэддэг байхыг шаарддаг. Зоогийн газар, зочид буудлууд, тансаг зэрэглэлийн дэлгүүрүүдэд тагнуулуудтай болж, ажилтнуудтай нөхөрлөж, алдартнууд хаана явааг цаг алдалгүй мэддэг.
Ихэнх зургууд нэг их үнэ хүрэхгүй ч, алдартнуудын хувийн амьдрал, үнсэлцэж буй зураг эсвэл шинэ хүүхэд төрөх гэх мэт үйл явдлуудыг зургийн хальснаа буулгаж чадвал нэлээдгүй мөнгө олж болдог гэнэ шүү.
Алдартнуудтай таарах гэдэг цэвэр тохиолдол байдаг учир аз өдөр бүр таарахгүй. Тиймээс ч Сантиаго эдийн засгийн байгууллагууд шиг эрсдэлийн тактик хэрэглэдэг. Гар утастай хүн болгон папарацичин болсон энэ үед тэдгээр ''сонирхогчидтой'' тэмцэлдэх ажил ч Сантиагод тулгардаг. ''Бидний мэргэжил маш эрсдэлтэй, тогтмол орлогогүй. Гэсэн хэдий ч ард иргэдийн мэдэх эрхийг хангахын тулд бид өдөр шөнөгүй, цаг агаар хамаарахгүй ажилладаг. Бид ч гэсэн ардаа тэжээх гэр бүлтэй, аз жаргалтай амьдрах хүсэлтэй байдаг гэдгийг санаасай.'' гэжээ.
Алдартнуудын хувийн амьдралыг шимтэн сонирхдог нэгэн байхад огт тоож сонирхдоггүй, бүр үзэн яддаг хүмүүс ч байна. Таны бодлоор Монголын нийгэмд Папарацичид хэрэгтэй юу?
Б.Эрхбилгүүн
Сэтгэгдэл бичигдээгүй байна