Ази тив дэхь, Монгол улсын Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар болгосонтой холбогдуулан олгосон 2019 оны “Гоулдмэн” байгаль орчин хамгааллын шагналын эзэнтэй танилцана уу.
Агваанцэрэнгийн Баяржаргал нь 2016 оны 4-р сард тоо толгой нь цөөрч, аюулд нэрвэгдээд байгаа цасны ирвэсийн амьдрах нутаг болох Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны 754 мянган га газрыг улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар болгох Засгийн газрын шийдвэр гаргуулан, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар дахь 37 уул уурхайн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. 2018 оны 7-р сарын байдлаар тухайн нөөц газарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нэг ч уул уурхайн компани үлдээгүй бөгөөд энэ хэсэгт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хориглосон нь цасны ирвэсийн төлөөх урьд өмнө нь тохиолдож байгаагүй түүхэн ялалт болсон юм.
УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД АМЬДРАХ НУТГАА АЛДСАН ДЭЛХИЙД НЭН ХОВОРДСОН АРААТАН АМЬТАН
Ази тивийн Гималайн нуруунаас Хятадын өргөн уудам өндөрлөг газрууд дахь цаст уулсын оргилд мянган мянган цасны ирвэсүүд хүрхрэлдэн байдаг байсан. Энэхүү сүрлэг араатан нь ихэвчлэн 3000 болон түүнээс дээш метрийн өндөрт 500 гаруй хавтгай дөрвөлжин километр нутагт тархан амьдардаг. 45 килограммаас багагүй жинтэй, 60 см орчим өндөр, биеэ далдлах онцгой өвөрмөц чадвартай энэ амьтныг “уулын хий үзэгдэл” гэж нэрлэдэг нь түүний хүнд хэцүү байгалийн орчин нөхцөлд амьдардагтай нь холбоотой юм. Гэсэн хэдий ч энэхүү амьтан нь удаан өсч үрждэг амьтан бөгөөд хоёр жилд ганц л удаа үр төлөө үлдээх бөгөөд цасны ирвэсийн амьдардаг хатуу ширүүн уур амьсгалыг үр зулзаганы ихэнх нь давж гарч чаддагүй байна. Олон Улсын Байгаль Хамгаалах Холбооны Нэн Ховордсон Амьтдын Улаан Номын Жагсаалтанд оруулсан уг төрөл зүйл нь байгальд 4000-7000 тоо толгой үлдээд байгаагийн 1000 орчим нь Монгол улсын эгц хавцал цохио, өндөр уулс бүхий бүс нутагт амьдарч байгаа бөгөөд дэлхийд хамгийн олон тоо толгойгоор амьдарч байгаа бүсийн хувьд хоёрдугаарт жагсдаг юм. Сарвуу, сүүлнээсээ болж хулгайн анчдад агнуулж, үр зулзгаа суйлуулах, малчдын мал сүрэгт халдаснаасаа болж агнуулах, уул уурхайд амьдрах нутгаа алдсан зэрэг шалтгааны улмаас цасны ирвэсийн тоо толгой сүүлийн 15 жилд 20 орчим хувиар буураад байгаа юм.
Цасны ирвэс нь Монгол улсад уул уурхайн үйл ажиллагаа огцом нэмэгдэснээс шалтгаалан амьдрах нутгаа алдаад байсан юм. Тус улсын экспортын бүтээгдэхүүний 80-иас илүү хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзлэх бөгөөд хагас хуурай, хүйтэн уур амьсгалтай, цасны ирвэсийн амьдрах гол нутаг болох Өмнөговь аймаг нь уул уурхайн олборлолтын гол зангилаа төв юм.Тус бүс нутаг дахь нүүрс, уран, зэс, алт, газрын тос, байгалийн хийгээр баялаг ордуудад Орос, Монгол, Хятадын компаниуд ихээхэн хэмжээний олборлолтын үйл ажиллагаа явуулах болсон юм. Уул уурхайн үйл ажиллагаа нь хүрээгээ тэлж, цасны ирвэсийн амьдрах нутгийн ихээхэн хэсгийг сүйтгэн, хэмжээний хувьд хэдийнээ багасаад байсан цасны ирвэсийн амьдрах нутаг руу малчид нүүн суурьшснаар хүн, мал, цасны ирвэс гурвын хооронд зөрчилдөөн тэмцэл үүсч эхэлсэн юм.
БАГШ, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, МАНЛАЙЛАГЧ
Монгол Улсын хойд хэсгийн нэгэн суманд төрж, өсөн, багшаар ажилладаг байсан Агваанцэрэнгийн Баяржаргал нь өдгөө 49 настай бөгөөд Орос, Англи хэлний багш, Аялалын хөтөч мэргэжлээр анх ажлын гараагаа эхлүүлж байжээ. 1980-аад оны үед цасны ирвэсийг судлахаар Монгол оронд ирсэн олон улсын эрдэмтдэд хөтөч хэлмэрчийн үүрэг гүйцэтгэж явах үедээ энэхүү цасны муурнуудын талаар ихээхэн сонирхон судалж эхлэн, эдгээр сүрлэг амьтдыг хамгаалахад өөрийн ажил үйлс, амьдралаа зориулахаар шийджээ. Тэрээр 2007 онд Цасны Ирвэсийг Хамгаалах Санг байгуулахаасаа өмнө олон жил Монголын алс хязгаар нутгууд дахь малчин ард иргэдтэй цасны ирвэсийг хамгаалах төсөл, хүн ард руу чиглэсэн санал санаачилга, хөтөлбөрүүдэд ажиллаж ирсэн юм. Түүний байгуулсан энэхүү сан нь малчдын мал сүргийг даатгах, судалгааны ажлуудын санаачилга, эмэгтэйчүүдийн эрхлэх байгаль хамгаалалын сэдэвт гар урлалын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагааг дэмжин ажилладаг байна. Агваанцэрэнгийн Баяржаргал нь Цасны Ирвэсийг Хамгаалах Олон Улсын Концерны Монгол талыг хариуцсан Захирлаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор Улаанбаатар хотод амьдран, сард гурван удаа Тостын нуруу руу хээрийн замаар 2 хоногийн туршид автомашинаар аялан, очиж ажиллаж байна.
БЭРХШЭЭЛТЭЙ ТУЛГАРСАН ОН ЖИЛҮҮД, ТУУШТАЙ, ЦӨХРӨЛТГҮЙ ОРОЛДЛОГУУД
Агваанцэрэнгийн Баяржаргал анх 2009 онд Өмнөговь аймаг дахь хоёр ч тусгай хамгаалалттай газрыг холбон оршиж, цасны ирвэсийн хувьд нүүдэллэх гол зам нь болж амьдрах орчныг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой байдаг Тостын уулсад хүрээгээ тэлж буй уул уурхайн үйл ажиллагааны талаар олж мэдсэн байна. Тэрээр Өмнөговь аймагт ажиллаж байсан жилүүддээ Тостын нуруунд орших ард иргэдийн итгэл хүндлэлийг хүлээсэн нэгэн болсон байсан учир тухайн орон нутгийн ард иргэдийн элч төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэн, Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, Тостын нурууг улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар болгох уулзалт хэлэлцээрүүдийг хийж эхлүүлжээ.
Тост, Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар болгоход олон нийтийн дэмжлэгийг авахын тулд тэрээр компанит ажлынхаа талаар өдөр тутмын хэвлэл мэдээлэл, нийтлэл, нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэх, холбогдох хууль тогтоогчидтой ярилцлагуудыг хийхэд Улаанбаатар хот дахь байгаль орчин хамгаалагч сэтгүүлчидтэй хамтран ажилласан байна. Түүний энэхүү компанит ажлын үр дүнд 2016 оны 4-р сард Тост, Тосон Бумбын нурууны 754 мянган га газрыг албан ёсоор улсын хамгаалалтанд авах буюу цасны ирвэсэнд тусгайлан зориулсан улсын хэмжээний анхны тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар бий болсон байна. Энэхүү нөөц газар нь цасны ирвэсийн үржлийн тоо толгойн гол чухал хэсгийг хамгаалж байгаа бөгөөд Өмнөговь аймаг дахь ирвэсийн амьдрах нутаг бүхий зэргэлдээх тусгай хамгаалалттай бусад газруудтай нийлээд 810 мянган гаруй га газрыг хамардаг.
Хэдийгээр Тост, Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар болгох шийдвэрийг гаргуулж чадсан нь томоохон ялалт байсан хэдий ч энэхүү нөөц газар дахь олон тооны уул уурхайн лицензтэй компаниуд үйл ажиллагааныхаа хүрээг салбарлан тэлсээр байсан юм. Баяржаргал нь үлдсэн уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийн тоог хуулийн дагуу тэглэхийг засгийн газрын эрх баригчдаас хатуу шаардсаар байлаа. Ийнхүү тэрээр 2018 оны 6-р сар гэхэд тус нөөц газарт идэвхитэй байдлаар үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн 37 тусгай зөвшөөрлийг бүгдийг цуцлуулж чадсан юм.
Түүний тууштай явуулсан ухаалга сурталчилгааны ажлууд, олон нийтийн оролцоог хангах болон засгийн газартай хамтран ажилласан явдлууд нь байгаль хамгаалах үйлсэд томоохон ялалтыг авчирсан бөгөөд 2016 оны 4-р сард Тост, Тосон Бумбын нурууг улсын тусгай хамгаалалттай байгалийн нөөц газар болгох шийдвэр гаргуулан, улмаар тус нөөц газарт идэвхитэй байдлаар үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн зөвшөөрлүүдийг бүхэлд нь цуцлуулж чадсан билээ.
Хяналтаа алдсан уул уурхайн үйл ажиллагаа ноёлсон дэлхийн хамгийн хатуу ширүүн, алслагдмал газар нутаг дахь Баяржаргалын тэмцэл, удирдан манлайлсан компанит ажлууд нь Монгол улс дахь дэлхийд цөөн тоогоор үлдээд байгаа цоохор ирвэсийн тоо толгойг хамгаалан авч үлдэх үйл хэрэгт ялалт байгуулж чадсан юм. Түүнчлэн, малчин ардуудын дундах цасны ирвэсийн талаарх буруу ойлголтыг өөрчилж, энэхүү сүрлэг амьтан нь малчин ардын өвөрмөц соёл, ахуй амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг болсон амьтан гэдгийг ойлгуулж чадсан юм.
Эх сурвалж: goldmanprize.org
Сэтгэгдэл бичигдээгүй байна