-Аварч, хөнгөвчилж чадахгүй бол үхэх эрх чөлөөг нь өгөөч-
Монголд халдварт бус өвчин, тэр тусмаа хортой болон хоргүй хавдар, чихрийн шижин зэрэг өвчний тархалт, нас баралт өндөр байна. Үүнтэй холбоотойгоор хөнгөвчлөх эмчилгээний хүртээмж муудсаны дээр ирхээхэн хэмжээний мөнгө санхүү шаарддаг болжээ. Монгол шиг улсад байгаагийнхаа үйлээр иргэд амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өвдөлт шаналал дор өнгөрүүлж, ар гэрээ эдийн засгийн дарамтад оруулан сэтгэлийн зовлонтойгоор хойчийн замдаа гарч байна. Бид энэ удаа эвтанази буюу өвчнийхөө сүүлчийн шатанд орсон өвчтөнийг өөрийнх нь хүсэлтээр, эмнэлгийн байгууллагын тусламжтайгаар зовлон зүдгүүрээс нь ангижруулах үйл ажиллагааг хуульчлах хэрэгтэй эсэх сэдвийг хөндлөө.
Эвтанази гэж юу вэ
Эвтанази гэдэг үг εὖ - сайн + θάνᾰτος - үхэл гэдэг грек үгнээс үүсэлтэй бөгөөд эдгэршгүй хүнд өвчтөнийг өөрийнх нь болон гэр бүлийнхнийх нь хүсэлтээр эмнэлгийн тусламжтайгаар зовлонгоос нь ангижруулахыг хэлдэг. Эвтаназийг Гиппократын тангарагтай зөрчилдөнө гэж үздэг хэдий ч дэлхийн улс орнууд ээлж дараалан хуульчилсаар байна. Ялангуяа XX зууны сүүлээс эхлэн анхаарал гойд татах болсон бөгөөд “Амьдралын чанар” гэх ойлголттой уялдан улам ч чухаг сэдэв болсоор байна.
Хуулиар зөвшөөрсөн улсууд
Эвтанази гэсэн ойлголт Дэлхийн II дайны үед Европын орнуудад маш өргөн дэлгэр тархсан байжээ. Нацистуудын харгислалын үед эвтанази хэрхэн хүчээ авсныг тайлбарлах ч шаардлагагүй биз. Харин энх тайван тогтсон үед эвтаназийг хуульчлан баталсан анхны улс нь Нидерланд юм. Тус улс эдгэршгүй хүнд өвчтөний зовлон шаналлыг багасгах үүднээс үхлийг нь эмнэлгийн аргаар түргэсгэх хуулийг 2002 онд баталжээ. “Постмагийн хэрэг” гэж нэршсэн, өвчтөнд өөрийнх нь болон ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу “туслаад” яллагдсан эмчийн хэрэг, 1980- аад онд гарсан хэд, хэдэн ижил төстэй хэрэг энэ хуулийг батлахад гол нөлөө үзүүлсэн байдаг. Тэдэнтэй зэрэгцээд Бельги улс эвтаназийг хуульчилсан байна. Бельгид 2003 онд 200 өвчтөн эвтаназийн аргаар амьдралаас хагацсан бол 2004 онд 360 болж бараг хоёр дахин өсжээ. Одоо бол жилд дунджаар 1500 орчим хүн эвтаназийн аргаар амьдралаас явдаг. 2013 онд 1807 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн их нь.
Нидерланд, Бельги ийнхүү эвтаназийг хуулиар зөвшөөрснөөс хойш өөр улсууд нэг, нэгээрээ нэмэгдсээр (Люксембург 2009, Колумби 2014, Канад 2016, Испани 2021) эдүгээ зургаад хүрээд байна. Шинэ Зеланд улс 2021 оны арваннэгдүгээр сараас тэдэн дээр нэмэгдэх бол Австралийн зарим муж (Тасмани, Виктория, Өмнөд Австрали, Баруун Австрали) хүлээн зөвшөөрдгийг хэлэх хэрэгтэй. Бусад улсын хувьд бараг бүх улс идэвхгүй эвтаназийг (ар гэрийнхний зөвшөөрлөөр өвчтөнөөс амьдралыг тэтгэгч аппаратыг салгах) хүлээн зөвшөөрдөг. Идэвхтэй эвтаназийг хүлээн зөвшөөрөх буюу хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа яваа улсууд ч байна. Хуулиар хүлээн зөвшөөрөөгүй ч иргэдийн дэмжлэг авсан тохиолдол ч байдаг аж. Тухайлбал, Ирланд улс идэвхтэй эвтаназийг хүлээн зөвшөөрдөггүй ч “Irish Times” сонины редакцаас 2010 онд явуулсан санал асуулгаар насанд хүрэгсдийн 57 хувь нь эвтаназийг хуульчлах нь зүйтэй гэж үзсэн байдаг. Барууны орнуудад эвтаназийг хувь хүний эрх, өөрийн сонголт, хүнлэг энэрэнгүй байдлын үүднээс авч үзэх хандлага илүү байдаг бол Азийн улсуудад шашны талаас хандах нь илүүтэй байдаг.
АНУ-ын хувьд, найдваргүй өвчтөнийг өөрийнх нь хүсэлтээр эмнэлгийн аргаар нөгчөөх хуулийг хамгийн анх 1996 онд Орегон муж улс гаргажээ. Улмаар 2008 онд Вашингтон Орегонтой зэрэгцсэн байна. Гурав дахь нь ийнхүү Вермонт болсон. Гэхдээ дээрх муж улсуудын жишээ нь АНУ эвтаназийг дэмждэгийн баталгаа болж чадахгүй юм. Тухайлбал Жоржи мужийн амбан захирагч Натан Дил эвтаназийг бүрмөсөн хориглох захирамжийг 2012 онд гаргасан байна.
Манай хойд хөршид идэвхтэй, идэвхгүй эвтанази аль аль нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудад мөн ижил байдаг.
Хэдий цөөн улс орон эвтаназийг хүлээн зөвшөөрдөг ч өөр бусад улсын эдгэшгүй хүнд өвчтөнүүд тэдгээр улсыг зорьж, өөрийгөө нөгчөөх эрх эдэлж байгаа нь цаашид энэ асуудлыг одоо байгаагаас илүү олон улс хүлээн зөвшөөрөх юм байна гэж таамаглахад хүргэдэг юм. “Үхлийн аялал жуулчлал” гэж нэрлэгдсэн энэ аялал жуулчлалын төрөл хүрээгээ тэлж буй нь эвтаназийн хэрэгцээ шаардлага байгааг харуулдаг юм.
Манай улсад байдал ямар байна вэ
Өнөөдөр Монголд эдгэшгүй өвчнөөр өвдсөн хүн өвчиндөө шаналсаар өөрөө ч зовж, ар гэрээ ч эдийн засгийн асар хүнд дарамтад оруулаад амьдралаас буцаж байгаа нь гашуун үнэн. Гэсэн ч эрх баригчид иргэдээ ийм өрөвдөлтэй байдалд үхүүлснийхээ хариуцлагыг хүлээхгүй байх зохицуулалтыг бодож олсон байдаг. Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжуудад “Өвчтөн сайн дураараа эмчилгээнээс татгалзах эрхтэй” гэж заачихсан. Тэгсэн мөртлөө эмнэлгийн тусламжтайгаар үхүүлэхийг Эрүүгийн хуульд “Хүн амины хэрэг” гэсэн зүйлчлэлд оруулсан байдаг юм.
Тэсэшгүй хүндээр өвдөж, шаналж байгаа өвчтөнийг хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтүүлэхийн тулд эхлээд дугаарт бичиж авдаг (хэвтэхийн тулд ор гарахыг хүлээх шаардлагатай). Ор гартал тэсээд, хэвтсэн ч 7-10 хонуулаад л “Дараагийн өвчтөнөө авна” гэж хэлээд гаргана.
Бүртгэлээ харин хуулийн “ӨВЧТӨН САЙН ДУРААРАА ЭМЧИЛГЭЭНЭЭС ТАТАГАЛЗАХ ЭРХТЭЙ” гэдэг заалтыг ашиглан хөтөлдөг. “Одоо энд ямар ч эмчилгээ байхгүй, гэртээ байснаас долоон дор, гэртээ асарсан нь хамаагүй дээр” гэх мэтээр ятгаад л татгалзуулчихаж байгаа юм. Хөөрхий өвчтөн гэртээ гараад мөнгө төгрөггүй бол өвчиндөө шаналсаар хорвоог орхих гашуун тавилантай тулдаг. Хууль журмаараа иргэдэдээ тарчилж үхэх ял оноочихсон яваад байна. Эдгэшгүй өвчтэй нэг өвчтөн Эрүүл мэндийн хуулиа дагаж болно (дагаж, сайн дураараа эмчилгээнээс татгалзахаас өөр аргагүй болгодог), харин эмчийг оролцуулж болохгүй.
Шулуухан хэлэхэд, өөрөө зовж тарчилж үх ээ, эмнэлгийн тусламж авч, өвчин зовиургүйгээр нүд анивал эмч чинь шоронгийн хадаас болно шүү гэсэн маш харгис зохицуулалт үйлчилж байгаа юм. Нөхцөл байдал ийм л байна.
Монголд хүн тарчилж үхдэг
2007 оны зун намрын заагт, Архангай амгийн Их тамир суманд найзындаа очоод байх үед юм сан. “Нутгийн нэг хөгшний бие муу, хорт хавдартай, орилоод л байна гэнэ” гэсэн сэтгэл шимшрэм үгсийг айлын хүмүүс ярилцаж байхыг сонссон юм. Түүнээс хойш бараг сарын дараа өнөө хөгшин тэнгэрийн орныг зорьсон тухай мэдээг дуулгаж билээ. Хөөрхий хөгшин өвдөлтөөсөө болоод эхэндээ орилж байснаа сүүлдээ дуу нь гарахаа больсон гэнэ лээ. Хөнгөвчлөх эмчилгээ байхгүй, илүү гэртээ оруулчихсан. Хүүхдүүдийнх нь сэтгэл шимшрээд гэрээ хүртэл холдуулж барьсан гэдэг.
Очсон айлын маань хар хүн ажил явдалд нь оролцож ирчихээд “Найр наадам шиг л юм боллоо. Талийгаачийн араас гашуудаж уйлбал нулимс нь цас мөс болж, сүнс тэр дундуур явахаас аргагүй болдог гэдэг. Гэхдээ талийгч хөгшний сүнс лав нэг ч цас мөсөн дундуур яваагүй байх өө. Уйлж байгаа хүн нэг ч алга, баярласан хүмүүс л байна” хэмээн хуучилж билээ.
2020 оны зун. Найзын аав нь хорт хавдартай болоод хөнгөвчлөх эмчилгээ хайтал төлбөртэй эмнэлэгт л сул ор байв.
Дээрх хоёр тохиолдлын хооронд лавтай 13 жил өнгөрсөн ч хөнгөвчлөх эмчилгээний хүртээмж, чанарт дорвитой өөрчлөлт гараагүй байна.
Хөнгөвчлөх эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлбэл эвтанази хэрэггүй
Ер нь бол энэ нийтлэлд эвтанази зөв, буруу эсэх талаар ч бичих гээгүй юм. Хөнгөвчлөх эмчилгээний чанар хүртээмжийг л сайжруулах шаардлага байна гэх гэсэн юм. Хөнгөвчлөх эмчилгээ хүртээмжтэй, хүн ард зовохгүй амар тайван буцаж байвал заавал хорвоогийн жамыг түргэсгэх шаардлага байхгүй. Гэтэл манай улсад үнэндээ хөнгөвчлөх эмчилгээний тал дээр сүүлийн 15 жил ямар ч ахиц дэвшил гарсангүй. Манай улсын хувьд эвтаназийг хуулиар хориглодог. Чухамдаа хөнгөвчлөх эмчилгээ тал дээр хангалттай тусламж үйлчилгээ өгч чадахгүй байгаа нь эвтаназийг хүлээн зөвшөөрөх асуудлыг дахин, дахин сөхөх гол шалтгаан болдог юм.
Манай улсад хорт хавдрын шалтгаант нас баралт 10000 эрэгтэйд 14.99, 10000 эмэгтэйд 11.14 ногддог. Хорт хавдраар өвчилсөн нийт өвтөнүүдийн 79.1 хувь нь III, IV шатанд орсон үедээ буюу эмчилгээгүй болсон хойноо оношлогддог гэсэн судалгаа байдаг юм байна. Нас барсан хүмүүсийн 61 хувь нь оношлогдсоноосоо хойш нэг жилийн хугацаанд амьдарсан байдаг аж. Энэхүү нэг жилийн сүүлийн хэд хоногт өвчтөн үнэхээр тэсвэрлэшгүй өвдөлт, шаналалыг мэдэрдэг. Төрсөн бол үхэх нь орчлонгийн жам ч гэлээ, боломж нөхцөл нь байвал энэ зовлонг нь нимгэлж яагаад болохгүй гэж. Хөнгөвчлөх эмчилгээ үйлчилгээ сайн хөгжсөн улсад иргэд нь амьдралынхаа сүүлийн өдрүүдийг ядаж л ямар ч өвдөлтгүй өнгөрүүлдэг. Хорт хавдрын сүүлийн шатанд очсон өвгөн сүүлийн удаа шар айраг ууж, захиасаа захиад хорвоогоос буцдаг бол Монголд энэ талын эмчилгээ үйлчилгээний хөгжил маш сул байгаа юм.
Нийслэлийн тухайд, ХСҮТ-ийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг, Дүүргийн эрүүл мэндийн нэгдлүүдийн дэргэдэх хөнгөвчлөх эмчилгээний тасгууд энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Дээр хэлсэнчлэн, хүлээж тэсээд, хэвтэж чадвал даатгалаас бүх төлбөр төлөгддөг. Түүнээс гадна “Бриллиант хоспис”, “Найдвар хоспис” зэрэг хувийн 10 орчим байгууллага иргэдэд хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлж байна. Гэхдээ эдгээрээс ЭМД-аар үйлчилдэг нь маш цөөн аж. Өөрөөр хэлбэл, иргэд ор хоногийн мөнгөө төлж, эм тариагаа өөрсдөө худалдаж авах болдог байна. Хөнгөвчлөх үйлчилгээг зөвхөн өвдөлт намдаах төдийгөөр ойлгож болохгүй. Арчилгаа сувилгаа, сэтгэл заслын нийлбэр байдаг. Ийм цогц үйлчилгээг одоо иргэдэд хувийн хосписууд л үзүүлж чадаж байна. Харамсалтай нь, дээр хэлсэнчлэн төрөөс дэмжлэг бараг байдаггүй. Сүүлийн үед бас нэгэн ноцтой асуудал гарч ирсэн нь хавдрын бус өвчнөөр шаналж байгаа иргэдтэй холбоотой. Хуульд зөвхөн хавдрын III, IV шатанд орсон өвчтөн өвдөлт намдаах эмээ үнэгүй авах эрхтэй гэж заасан байдаг тул хавдрын бус өвчнөөр шаналж байгаа иргэдэд энэ боломжийг нээж өгөх шаардлагатай байгаа юм.
Хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтэхийн тулд дугаарладаг, хэдхэн хоног үйлчилж гаргачихаад “Өөрийн хүсэлтээр эмчилгээнээс татгалзсан” гэж бүртгэдэг одоогийн байдлаас гарахгүй л юм бол бид эвтаназийн талаар нухацтай бодохоос өөр аргагүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.167
Сүүлийн шатандаа орсон үедээ өвдөлт нь дийлдэхээ байж морфинд дарагдахгүй болдог. Энэ үед л ар гэр, эмч нь нийлж шийдвэр гаргаад өвтөнийг мөнх амгалан унтуулах арга олох шаардлага үүснэ. Хууль яагаад үүнийг зөвшөөрдөггүй гэхээр өвчтөний зовлонгоос илүү гэмт хэрэгтнүүд өөрсдийн ашиг сонирхлын үүднээс эрүүл хүнийг ийм аргаар алах магадлалтай гэж үздэг. Энэ нь цөөн хэдэн буруу шалтгыг олон өвчтөний зовлонгоос дээгүүр тавьсан хэрэг юм.
Хариулах66.181.161.244
Маш зөв. Миний төрсөн ах тэгж их удаан шаналахгүй. Гэхдээ өөрийгөө эдгэрэхгүй, сэхэхгүй гэдгээ мэдрээд юм,идэж уухаа болиод "ахад нь одоо ямар ч эмчилгээ хийлгэхгүй, хурдхан л нөгөө ертөнц рүүгээ явмаар байна,намайг хурдан л явуулаад өг" гэдэг байсан.
Хариулах66.181.179.203
Сайн судалж байж шийдэх нь зүйтэй. Ядаж эхлээд өөрсдийн хүчээр хэд хэдэн удаа санал асуулга авч судалж үзээ. Ер нь бол энэ хоёр үйлчилгээ хоёулаа зэрэгцэн байж болно шүү дээ. Аргагүй байдалд удаан зовж шаналдаг хүн олон байдаг тухай ярьцгаадаг.
Хариулах213.87.128.248
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах202.126.90.97
ЕР НЬ БОЛ ТЭР ХУУЛИЙГ НЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ ЯМАРЧ ЭМЧИЛГЭЭГҮЙ ЗОВЖ ТАРЧИЛЖ МОРФИН Ч ҮЙЛЧЛЭХЭЭ БАЙДАГ ХҮНД ӨВЧТӨНГҮҮД ТА БИДНИЙ БҮГДИЙНХ НЬ Л АМЬДРАЛД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ТЭГЭХЭЭР ӨӨРИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙНХ НЬ ХҮСЭЛТИЙН ДАГУУ ТЭР ЯВУУЛАХ ХУУЛИЙГ ЯАРАЛТАЙ БАТЛАХ НЭН ШААРДЛАГАТАЙ ТЭР ХҮН НЭГЭНТЭЭ АМЬДРАХ ЧАДВАРГҮЙГЭЭ МЭДСЭНЭЭС ХОЙШ САЙН ДУРААРАА ЗОВЛОНГҮЙ ҮХЭХ ЭРХИЙГ НЬ ХАНГАЖ ӨГӨХ НЬ ЗӨВ ГЭЖ БОДОЖ БАЙНА
Хариулах