​ ХАБЭМТ: 1573 хүн уушги тоосжих өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алджээ

2021/04/28

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэнтэй хамтран “Тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлт” цахим симпиозум хурлыг өнөөдөр /2021.04.28/ амжилттай зохион байгууллаа.

Цахим симпиозум хуралд

1. Тоосны өртөлт бүхий үйлдвэр, уул уурхай 

 2. Стандартын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагууд 

 3. Хөдөлмөрийн эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиуд 

 4. Хөдөлмөрийн эрүүл ахуй, ХАБЭА-н мэргэжлийн мэргэжлийн холбоо, нийгэмлэг

 5. Уул уурхайн салбарын ажилтнуудын төлөөлөл 

 6. Салбарын яамдын ХАБЭА-н салбар хороо, аймаг дүүргийн ХАБЭА-н зөвлөлүүд оролцож санал солилцов.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн статистик мэдээллээр мэргэжлээс шалтгаалах өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан 2961 иргэн идэвхтэй хяналтанд байна. Үүний 2137 буюу 72.1 хувь нь уул уурхайн салбарт ажиллаж байсан, 1573 буюу 53.1 хувь нь уушги тоосжих өвчнөөр хөдөлмөрийн чадвараа алдсан байна.

Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн 350 жолоочийн ажлын байранд хийсэн судалгаагаар цулцанд нэвтэрдэг тоосны өртөлт ажлын 8 цагийн зөвшөөрөх дээд хэмжээнээс дөрөв дахин өндөр байгаа нь тогтоогдсон. Мөн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хамрагдсан уул уурхайн компаниудын ажлын байрны 26 хувьд тоосны өртөлтийн түвшин ЗДХ-ээс өндөр гарсан байна.

Дээрх тоо баримт нь ажлын байрны тоосны өртөлтийг бууруулах, ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалах,  тоосоор үүсгэгддэг өвчний урьдчилан сэргийлэлтийг эрчимжүүлэх, тоосны өртөлтийг зохицуулах стандартыг хэрэгжилтийг сайжруулах хэрэгцээ шаардлага өндөр байгааг илтгэж байна.

 Ажлын байранд тоосны өртөлтийг зохицуулах үндэсний багц стандартын хэрэгжилтийг дэмжих, сайн туршлагыг солилцох замаар тоосоор үүсгэгддэг МШӨ-ний урьдчилан сэргийлэлтэд дэмжлэг үзүүлэхэд хурлын зорилго оршиж байгаа.

 Оролцогчдын зүгээс хувиараа бичил уурхай эрхэлж буй хүмүүсийн хувьд эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж чадахгүй байгааг онцолж байлаа. Энэ нь цаашлаад тоосноос шалтгаалсан мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөх өндөр эрсдэлтэй хэлж байсан. Түүнчлэн уул уурхайн компаниудын хувьд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг  хийлгэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь ажил олгогчдын зүгээс хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний ач холбогдлын талаар төдийлөн мэдэхгүй байгааг хэлэв. Тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бууруулахын тулд тоосны багц стандартыг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх, тоног, төхөрөөмж санхүүгийн асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдэгт оролцогчид санал нэгдэж байлаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна