Монголын ардчилсан холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус холбоог Ерөнхийлөгч асан Х.Баттулга олон жил удирдаж байсан бөгөөд 2023 онд Д.Монголхүү даргаар сонгогдсон байдаг.
МоАХ-ны Удирдах зөвлөл мэдээллийн эхэнд "Монголын ардчилсан холбоо 1989 онд үүсгэн байгуулагдан, ардчилсан хувьсгалыг манлайлан түүчээлсэн хүмүүсийн нэгдэл. Харамсалтай нь 2016 оноос хойш анхныхаа зорилгоос хазайсан, ардчиллын эсрэг гэж хэлж болохуйц үйл ажиллагааг тэр үеийн удирдлагууд хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2023 онд бид хуран чуулж V их хурлыг хуралдуулж Х.Баттулгад хариуцлага тооцож, Д.Монголхүүг даргаар сонгосон" хэмээн товч мэдээлэл өглөө.
Харин МоАХ-ны дарга Д.Монголхүү "МоАХ-г надаас өмнө долоон хүн даргалж байсан. V их хурлаар Х.Баттулга огцорсон ч одоог хүртэл тамга тэмдгээ өгөөгүй. Энэ асуудал Захиргааны хэргийн гурван шатны шүүхээр явсан. Анхан шатны шүүхээр түдгэлзүүлсэн. Тэр шүүгч Х.Баттулгын томилсон шүүгч байсан юм билээ.
Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар дээр МоАХ нэг хүний хувийн компани байдлаар бүртгэгдсэн байгаа хууль бус бүртгэлийг цуцалж өгөхийг Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад явж буй. Хуучин системтэй ах нарын бүлгээс үлдэж хоцорсон ганц нь Х.Баттулга. МоАХ-г нохойн замаар чирч явсан хүн шүү дээ. Улс төрд 2017 оноос хойш үүссэн дарангуйлал, замбараагүй байдал Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хосолмол тоглолт байсан гэж хэлж болно" хэмээсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна