АН-ЫН ДАРГЫН СОНГУУЛЬ: Б.Хурц аль хувилбарыг дэмжив?

Zuv.mn
2 цаг 15 минутын өмнө

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал яг одоо болж байна. Хурлын өмнө Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл өнөөдөр хуралдаж, Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан намын шинэ дүрмийг ҮБХ-ны хурлаар хэлэлцүүлэхээ мэдэгдсэн.

Ингэснээр, тус нам ҮБХ-ны хурлаар шинээр боловсруулсан дүрмийг эхэлж хэлэлцэж батлаад, шинэ дүрмээрээ даргынхаа асуудлыг оруулж ирэх үү, одоо хүчин төгөлдөр байгаа дүрмээрээ даргынхаа асуудлыг шийдэх үү гэсэн сонголтын өмнө ирээд буй.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн дүрмийн 5.17.4-т “Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна” гэсэн заалт байдаг бөгөөд энэ дүрмээр явбал намд сүүлд орж ирсэн залуу гишүүд намын даргад нэр дэвшиж өрсөлдөх боломжгүй.

Харин шинээр боловсруулсан Үндсэн дүрэм нь одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж, намын даргад ямар нэгэн хязгаарлалт, болзол тавигдаагүй байдлаар бичигдсэн тул, хэрвээ шинэ Үндсэн дүрмээ эхлээд баталбал олон залуус намын даргын өрсөлдөөнд орж ирэх учиртай.

Ардчилсан намын тухайд энэ асуудал дээр эсрэг тэсрэг байр суурьтай байгаа нь илэрхий буй. Тэгвэл Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Б.Хурц хэвлэлд энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн дүрмээрээ даргаа сонгоод, шинэ дарга нь шинэ Үндсэн дүрмээ бариад явчихаасай” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр шинэ даргыг “Намдаа элсээд 10 жил болсон байх” үндсэн шалгуур бүхий одоогийн Үндсэн дүрмээр сонгохыг дэмжсэн байна.  

Харин үүний эсрэг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Ө.Шижир нарын гишүүд зогсож, байр сууриа илэрхийлж байгаа билээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.