Их мөнгө эргэлддэг ТӨК-ийн ТУЗ-ын гишүүдийн цалин “Шилэн” цахим хуудаст "0" гэж гарсны учир...

2023/04/18

Монгол Улсын Засгийн газраас авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор хэрэгжүүлж буй “5 Ш” ажиллагааны нэг болох “Шилэн” буюу Төрийн үйл ажиллагааг ил тод болгох ажил үргэлжилсээр байна. Уг ажиллагааны хүрээнд байгуулсан shilen.gov.mn цахим хуудаст мэдээлэл нэмэгдэж орсон талаар Цахим хөгжлийн сайд Н.Учрал өчигдөр мэдээлэл хийсэн.

Ил болгосон мэдээллүүд дотор Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 71 ААН-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл байсан ч “Эрдэнэс Монгол”, түүний охин компаниуд тэргүүтэй 13 ТӨК-ийн гишүүдийн цалин “0 төгрөг” гэсэн нь иргэдэд ойлгомжгүй байдал үүсгэсэн юм. Тодруулбал, хамгийн их мөнгө эргэлддэг компаниудын ТУЗ-ийн гишүүдийн цалинг мэдээлсэнгүй нуучихлаа хэмээн хардах нэг хэсэг байхад “Цалингүй ажилладаг юм байна” гэж ойлгох хэсэг ч байсан.  

Тэгвэл дээрх хардлага ойлголтын аль, аль нь ташаа бөгөөд мэдээлэл “0” төгрөг гэж гарсан нь Засгийн газраас энэ сарын эхээр авч хэрэгжүүлсэн ажилтай холбоотой бололтой. 

Тухайн үед "Эрдэнэс Монгол" ХК-ийн 26 охин компанийн ТУЗ-д 270 орчим гишүүн ажиллаж байсныг толгой компаниудад нийт 43 гишүүн ажиллахаар болгож цөөлсний зэрэгцээ цалин бодох журмыг өөрчилж, тогтмол цалинг хүчингүй болгосон юм. Тодруулбал, тогтмол цалинжуулахаа больж, сар, жилд хэдэн удаа хуралдаж байгаагаас хамаарч цагийн хөлсийг нь тооцон олгох хэлбэрт шилжжээ. Ингэснээр ТУЗ-ын гишүүдийн цалинг сараар тодорхойлох боломжгүй болж, Shilen.gov.mn цахим хуудаст “0” төгрөгийн цалинтай гэсэн мэдээлэл орж ирсэн бололтой.

Гэхдээ тогтмол биш байлаа гээд маш өндөр цалинтай гэсэн үг биш. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "ТУЗ-ын нийт гишүүдийн цалингийн сан жилд 0.5 тэрбум төгрөгт багтана" гэсэн нь нэг гишүүн жилдээ 10 орчим сая төгрөгийн цалин авна гэсэн үг. 

Тэгэхээр, ямар ч байсан "Эрдэнэс Монгол", түүний охин компаниудын тухайд "0" гэсэн мэдээлэл гарсан нь тухайн гишүүд огт цалингүй гэсэн үг биш, тогтмол цалингүй гэсэн үг болж таарах нь. Бусад нь /Нийт 13 компанийн ТУЗ-ийн гишүүдийн цалин "0" гэж мэдээлэгдсэн/ чухам юу гэсэн үг болохыг тодорхой мэдэхгүй юм. Тэгэхээр, цахим хуудаст мэдээлэл оруулахдаа "Цалингүй", эс бол "Тодорхойлох боломжгүй, цагаар цалинждаг" гэх мэтээр илүү дэлгэрэнгүй тайлбар хийх шаардлага байгааг энэ явдал харуулж байгаа юм.     

"Шилэн данс"-ны тухай хуульд өөрчлөлт оруулж, тайланг мэдээлэхдээ зарцуулалтад тайлбар хавсаргадаг болох асуудал ч тулгамдаад буйг энд хэлэх нь илүүдэхгүй гэж бодно. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.139.211
    2023/04/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах