Алтан гэрэгэ үнэгүйдэх цаг дор


 

Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг нэгдмэл, залгамж чанарыг хадгалах замаар хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг дипломат алба гэнэ. Дипломат алба нь төрийн тусгай алба мөн.

Дипломат албаны тухай хуулиас

ЯМАР БАЙВ?

Их гүрэн байхдаа ч, эрх чөлөөгөө эргүүлж олж авах үедээ ч Монгол Улс гадаад харилцаанд туйлын ач холбогдол өгч байв. Энэ хэрээр гадаад харилцаа хариуцсан элч түшмэдэд олгох эрх ямба нь ч өндөр байсаар ирсэн түүхтэй. Эзэн Чингис хааны үед “Элчин харилцаа бол төрийн алтан аргамж мөн” гэж зарлигдаад, зэрэг дэвийг нь илтгэх гэрэгэ олгож байсан нь түүхэн сурвалжуудад бий. Хожмоо Богд хаант Монгол Улсын төрийг төвхнүүлэхдээ ч Чин ван Ханддоржоор удирдуулан одоогийн Гадаад харилцааны яамыг анхлан байгуулж байв. Тусгаар тогтнолоо зарласан түүхэн энэ өдөртэй чацуу гэж тооцвол Монголын дипломат алба энэ жил 108 жилийн ойгоо тэмдэглэх учиртай.Монгол Улс 73 жилийн өмнө анхны улстайгаа дипломат харилцаа тогтоож байжээ. Тэгвэл өнөөдөр НҮБ-ын 186 улстай дипломат харилцаа тогтоож, дэлхийн бүрэн эрхт нэг тоглогч болоод байна. Энэ бол Монгол төрийн үе үеийн зүтгэлтнүүд, дипломатуудын хичээл зүтгэлийн үр дүн. Нийгмийн шилжилт, зах зээлийн эдийн засагт хөл тавьсан ороо бусгаа цаг үед ч Монгол Улсыг гал алдуулчихгүй авч явах хүндхэн үүрэг дипломатуудын нуруун дээр явж ирсэн гэхэд буруудахгүй. Хэзээнээсээ Монгол төрийн бодлогын цөм нь болж, цэрэг армиас ч дутахгүй жин дарах нөлөөлөл үзүүлж ирсэн алба бол дипломат алба, дипломатчид юм. Төрийн алтан аргамжийг бөхөлж, алтан гэрэгэгээр дархлагдсан ч төрдөө үнэнч зүтгэсэн тэдний хууч яриа ч анхаарал татам.

Алтан гэрэгэ үнэгүйдэх цаг дор Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн

Шилжилтийн үед маш том зорилго тулгарсан.Цоо шинэ гадаад бодлого явуулах, олон улсын байр сууриа цоо шинээр тогтоох хэрэгтэй болсон. Гэхдээ Гадаад явдлын сайд бүхнийг шийддэг, ганцаараа зохицуулдаг хүн биш. Мэргэжлийн том аппарат, салбар газрууд, Элчин сайдын яам, төр засаг байна. Тэр хүрээндээ л ажилласан. Тэр үед гадаад харилцааны салбарт ажиллаж байсан, шийдэж оролцож явсан хүмүүс шинэ зорилтоо ойлгож ухаарсан улс байлаа. Харин хэрэгжүүлэхэд дадлага, туршлага дутах зүйл бишгүй байсан. Бид социалист орнуудтайгаа харилцдаг, тэднээсээ гуйж түүдэг өөрийн гэсэн барилтай байсан шүү дээ. Хөрөнгөтөн гэдэг байсан улсуудаа дайсан гэж үзнэ. Тэдэнтэй харилцах арга барилаа мэдэхгүй. Тэр нь бидний бэрхшээл байв. Тэр үед Монголын гадаад харилцааны салбарын хийдэг ажил нь гуйлга гуйх л байлаа... Тэр үед бидний заяа түшсэн юм. Улс гүрнүүдийг социализмаас хурдхан салгая гэсэн том бодлого байсан. Бид өөрчлөлт шинэчлэл хийнэ, ардчилал, зах зээл гээч рүү орно гэсэн зорилго тавьсан. Хоёр талын сонирхол нийлснээр хандивлагчдын бүлэг гэж 20 гаруй улс, олон улсын байгууллага жил бүр 300- гаад сая ам.долларын хандив тусламж амалж, түүнийхээ 70-80 хувийг хэрэгжүүлчихдэг байлаа. Шилжилтийн хүнд үеийг гэтлэхэд тэр тусламж их тус болсон. Энэ бол бидний тухайн үеийн аз.

Өнгөц харахад Ц.Гомбосүрэн гуайн энэ үг өөрийнх нь тодорхойлсноор зөвхөн “гуйлга гуйх” төдийхөнд шилжилтийн үед нөлөөлж байсан юм шиг уншигдаж мэдэх юм. Гэвч үнэндээ энэ хүмүүсийн гараар шинэ нийгмийн эхэнд Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулсан байдаг. Хэнтэй ч зиндаа ижил харилцах боломж, бололцоо нээгдэж, жижиг улс том улс төр хийх хаалга нээгдсэн гэж хэлж болно.

“Монгол Улс бол хөгжиж байгаа улс. Дипломат бодлого бол дотоод бодлогын үргэлжлэл гэж мэргэд хэлсэн байдаг юм. Улс орноо хөгжүүлэхийн тулд өөрийн эх үүсвэрийг чадамгай ашиглахаас гадна, дипломат
бодлогоор гадаад бололцоог машид оновчтой, үр өгөөжтэй ашиглах ёстой. Монголын дипломат бодлогын гол зорилго энэ” гэсэн тодорхойлолт ч гадаад бодлогын мөн чанарыг илтгэх байх.

Энэ бодлогыг хэрэгжүүлэгчид нь Гадаад харилцааны яам болон холбогдох газруудаас нь гадна дэлхийн өнцөг булан бүрт суух гурван байнгын болон эдийн засгийн төлөөлөгчийн газар, 29 Элчин сайдын яам, 11 Консулын газарт ажиллаж буй дипломат ажилтнууд билээ.

ЯМАР БОЛОВ?

Өмнөх үеийнхний нуруун дээрээ үүрч босгосон Дипломат албыг 108 жилийн ойн босгон дээр нь өнөө үеийнхэн юу болгож орхив оо. “Бөмбөрцөгийн булай” гэсэн хоёрхон үг дипломат албаны тодорхойлолт болчихоод байна. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийнх доргиодог гэдэгчлэн нэг дипломатчийн хууль бус үйлдэл нийтээр нь Монгол Улсын нэр хүндийг унагаж байна. Холоос биш ойроос, өнгөрснөөс бус өнөөдрөөс шүүж үзье л дээ.Дэлхийн хэвлэлүүд, тэр дундаа Европын хэвлэлүүдэд Монголын тухай мэдээлэл цацагдсан өдөр хоногууд үргэлжилж байна. Өчнөөн жилийн хөдөлмөр зүтгэлээр, дипломат харилцаагаар тогтоож ядаж байгаа эерэг нэр хүндийг бүхэлд нь шавартай хутгаж байгаа тийм л мэдээллүүд цацагдаж байна. Шуугиан тарьсан саяхны, бас хамгийн том мэдээ нь Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын Дэд консул
Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Дрезден хотод 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан тухай. Өмнө нь Монголын дипломатууд тамхины наймааны хэрэгт үе үе холбогдож байсан ч энэ удаагийнх шиг 70 кг мансууруулах бодис тээвэрлэж яваад баригдсан нь үгүй. Хэргийн мөрдөн шалгалтын явцад Монголын хоёр дипломатч мафийн сүлжээтэй холбоотой болох нь бараг нотлогдож байгаа бөгөөд нийтдээ 521
кг мансууруулах бодис тээвэрлэж явснаа мэдүүлсэн тухай нь яригдаж байна. Тэгвэл энэ хэргийг хийсэн хоёр дипломатчаас гадна хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Сөрөг хүчний зүгээс Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг огцрох ёстой гэж үзэж байгаа бол эрхэм сайд арай өөр бодолтой яваа аж. Тэрээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би албан тушаалтай зууралдахгүй. Хэзээ ч зууралдаж, хүн амьтнаас албан тушаал гуйж явж үзээгүй. Гэхдээ Монголд хулгай гаарлаа гээд бүх цагдаа нарыг тэмцэж чадсангүй гээд халаад байж болох юм уу. Хулгай зогссонгүй гээд Цагдаагийн ерөнхий газрын дарга нарыг өөрчлөөд хулгай зогсох уу. Үүнтэй л адил байхгүй юу. Би хууль бус наймаатай хэзээ ч эвлэрч байгаагүй” гэж мэдэгджээ. Мөн тэрээр энэ хэргийг илрүүлэх суурийг анхлан тавьсан гэдгээ ч илэрхийлсэн байна.

Алтан гэрэгэ үнэгүйдэх цаг дор Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар

Дипломат албаныхан хар тамхины наймаанд холбогдсон тухай асуудлыг Гадаад харилцааны яам өнөөдөр хөндсөн хэрэг биш гэдгийг юун түрүүнд хэлмээр байна.Учир нь, энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр буюу энэ хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө манай яамнаас холбогдох байгууллагад албан бичиг явуулсан. Яагаад албан бичиг явуулах болсон гэхээр ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан хүн өнгөрсөн оны сүүлчээр мөн л Чехээс ХБНГУ руу мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж яваад баригдаж, хоригдсон. Энэ асуудалтай холбоотойгоор Европт байгаа манай Элчин сайдын яамдууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдэг хүсэлт тавьсан. Манайхыг энэ хүсэлтийг тавихтай зэрэгцээд холбогдох байгууллагууд нь аль хэдийнэ тусгай шалгалтын ажлуудаа эхлүүлсэн байсан. Ажиллаж эхлэхдээ өөрсдийн олон улсын сүлжээ байгууллагуудтай хамтарч ажилласан гэж ойлгож байгаа.

Сайдын ярьснаас үзэхэд дипломатууд хар тамхитай холбогдсон анхны тохиолдол нь Истанбулын хоёр биш ажээ. Өмнө нь ч болж байсан, одоо ч болж байгаа, цаашид ч болж болзошгүй үйлдэл бололтой. Гэхдээ зөвхөн нэг удаагийн үйлдлээр нь нийт дипломат албыг бүхэлд нь харлуулах гэж энэхүү бичвэрийг эхлээгүй юм. Гэвч дипломат алба тойрсон сөрөг мэдээлэл дөнгөж долоохон хоногийн дотор хэдэнтээ гарч байгаа учраас үргэлжлүүлье. Монголын хоёр дипломатчийн хар тамхи зөөвөрлөсөн хэргийн шуугиан намжаагүй байхад Украин, Унгарын хил дээр микро автобус дүүрэн тамхи зөөж явсан Монголын дипломатч баригдсан талаарх мэдээлэл цацагдлаа. Араас нь Чех дэх Монгол Улсын Элчин сайд Польшийн цагдаагийн газрын цахим хуудаст “Эрэн сурвалжлагдаж байна” гэсэн гарчигтайгаар зураг, хөрөгтэйгөө нийтлэгдсэн байгаа нь сошиал ертөнцөөр хөврөв. Ингээд зогссонгүй. Хар бараан мэдээний жагсаалт цааш үргэлжлэх агаад Хөх хот дахь Ерөнхий консул Д.Мөнх- Эрдэнэ БНХАУ-д гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээллүүд гарч эхэллээ. Энэ бол зөвхөн 7 хоногийн дотор Монголын дипломат албаныхантай холбоотойгоор Монголд болон дэлхий нийтэд цацагдсан мэдээлэл. 108 жилийн ойдоо барьж буй дипломат албаныхны "Бэлэг" !!!

ЯАГААД ИЙМ БОЛЧИХОВ?

Монголын дипломат алба хэзээнээсээ ийм гэмт хэргийн уурхай байсан гэвэл олон нийт мэдээж хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ бас одоогийн удирдлагуудын үед л ийм болчихсон мэтээр бичвээс үнэнээс хол зөрнө. Харин яагаад ийм болов гэдгийг хувь бичигчийн бус хүмүүсийн дүгнэлтэд тулгуурлаж хүргэхийг хичээе.

Алтан гэрэгэ үнэгүйдэх цаг дор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 
Төрийн албыг мөнгөөр үнэлэн арилжаалах “60 тэрбумын” схем төрийн албанд ажиллагсдын хууль бус үйл ажиллагааг гааруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг гэмт хэргийн нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Мөнгө төлж албан тушаалд очдог, албан тушаалаа ашиглаж мөнгөө нөхдөг, ашиг хийдэг энэ гаж байдлыг бүрэн таслан зогсоохгүй бол байдал улам хүндэрнэ. Нэн ялангуяа гадаад харилцааны салбарт энэ нь байж болшгүй үзэгдэл юм.

Алтан гэрэгэ үнэгүйдэх цаг дор АН-ын ГХХА-ны асуудал хариуцсан дарга Ц.Сүхбаатар
Гадаад харилцааны яам руу Ерөнхий сайдаасаа эхлээд сайд, УИХ-ын гишүүд болон улстөрчид танил талаа “чихэж”, аль ашигтай газар руу томилдог жишиг тогтоод байна. Энэ бол хэдийнэ ил болсон бичигдээгүй хууль. Хар тамхины олон улсын томоохон сүлжээнд Монгол Улсын төрийн тусгай албан хаагчид орооцолдсон байгаагаас харахад л Гадаад харилцааны яамны боловсон хүчний бодлого яаж алдагдсаныг дүгнэж болохоор. Гадаад харилцааны яам гэдэг төрийн маш чухал алба. Энэ яамнаас Монгол Улсыг төлөөлж ажиллахаар томилогдсон хүмүүс нь тухайн улсад том эрх ямба эдэлдэг. Ийм чухал албан тушаалыг улс төрийн наймааны бялуу хуваах хэрэгсэл болгож, мэргэжил, боловсрол, туршлага зэргийг үл харгалзан ах дүү, төрөл садан, танил тал, найз нөхдөө томилж, гадаад руу явуулдаг байдал өнөөдөр эх захаа алдаж, хэрээс хэтэрлээ.

Алтан гэрэгэ үнэгүйдэх цаг дор УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан
Томилгоо оновчгүй учраас тэдгээр хүмүүс асуудалд ороод байна. Үүнд хэн хяналт тавьж, хэн хариуцах вэ, яаж таслан зогсоох вэ гэдгийг ярилцлаа. Ингээд зөвхөн ярилцаад зогсохгүй Байнгын хорооноос тогтоол батлах нь зүйтэй гэж үзсэн. Байнгын хорооноос томилгоо хийхтэй холбоотой асуудлуудыг үүрэгжүүллээ. Томилгоо хийж байгаа болон томилогдож байгаа этгээдүүдийн хариуцлагыг чангатгах чиглэлд анхаарах. Түүнчлэн хар тамхитай холбоотой байгууллагуудыг бэхжүүлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах. Мөн дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүнүүд болон Гадаад харилцааны яам дипломат пасспортуудыг хянах хэрэгтэй.

Алтан гэрэгэ үнэгүйдэх цаг дор Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
Монголын дипломатчдын хар тамхи нууцаар зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдлууд шил дараалан гарав. Шившгээ хутгав. Баригдаж байгаа хүмүүсийг нь анзаарахад аавууд нь насаараа төрийн өндөр албан тушаал эрхлэж сэтэр зүүгсэдийн үр хүүхэд байх юм. Тэгэхээр гадаадад суух элчин консулын газар гэдэг нь албан тушаалтнуудын эрх нь дэндсэн хэдэн бацааны өдөр өнжүүлэх болсон юм байж. Монголын төрд муми болтлоо “тахигдаж” нам нь өртэй юм шиг албан тушаал өгч байдаг хэдэн өвгөцүүл өөрсдөө ч дийлэхээ больсон банди нараа элчин консулаар томилуулж гадаадад зугаацуулдаг бузар бүхний хонгил нь Монголын дипломат алба ажээ.

Алтан гэрэгэ үнэгүйдэх цаг дор Инженер Ц.Бат
Европын болсон болоогүй бүх жижиг улсад Элчин сайдын яам байгуулж тэд нар нь тарчиг цалингаараа өндөр үнэтэй газар амьдрах гэж ядахдаа тамхи зөөсөөр бүгд гэмт хэргийн зах руу хальтарч байх юм. Элчин сайдын яамдаа гурав дахин цомхотгоод цалингаа хоёр дахин нэмчихвэл болохгүй юу?

Нийгмийн сүлжээ хийгээд нийтэд хийсэн мэдэгдлээс нь үзвэл дипломат албанд бугшсан өнөөгийн асуудлыг хүмүүс ингэж дүгнэж байна. Гарц, гаргалгааны тухайд ч байр сууриа энэ мэтээр илэрхийлсэн байна.

ТӨГСГӨЛД НЬ...

Хятадад тэнгэрийн түшмэл гэх ойлголт бий. Эртнээс түшмэлийг сонгон шалгаруулахдаа хэдэн үеэр нь судалж байж томилдог байсан тухай ойлголт л доо. Ухаан нь манайхны гурван үеийн дархан гэдэг шиг удам судрыг нь харж байж хэдэн үеэрээ тухайн албанд зүтгэсэн хүнийг онож сонгодог, тэр нь ч албандаа зүрх сэтгэлээрээ, чин үнэнчээр зүтгэдэг байж. Дипломат алба ч нэг талаараа тийм байх талтай. Удам дамжсан дипломатуудаас илүүтэй цаг зуурын, улс төрийн томилгоогоор ирсэн тавиулууд энэ албыг бусниулж байхыг үгүйсгэхгүй. Дипломатч Х.Бэхбат нэгэнтээ “Дипломат ёс бол урлаг юм” гэж тодорхойлж хэлсэнтэй харьцуулбал өнөөгийн Монголын дипломат алба утгаа алджээ. Тэнд улс төр, ураг төрлийн л томилгоо хийгдэж байгаас урлаг гэх юм алга. Сүүлийн үеийн мэдээллээс харахад л тэр сайдын хүү, энэ сайдын хүргэн, тэр гишүүний бэр, тийм улстөрчийн ач л дипломат албанд тохоогдож байх аж. Эсвэл “Хоёр хөрш биднийг эрхшээлдээ оруулъя гэвэл ШХАБ-аар дамжуулах хэрэггүй” гэх мэт дэндүү нь дэндсэн мэдэгдэл хийдэг хүн л Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож байна. Угтаа бол ахмад дипломатч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Төмөрхүлэгийн “Дипломатч гэсэн мэргэжлийг эзэмшиж чадаж байна уу гэдэг бол жич асуудал. Хүнээсээ л болно доо. Хамгийн гол нь дэлхийн төвшний бодол сэтгэлгээтэй байх ёстой юм шүү дээ. Олон улсын хууль цаазыг сайн мэддэг байх хэрэгтэй. Түүнчлэн ялангуяа өнөөгийн шинэ нөхцөлд олон улсын эдийн засгийн талаар нарийн мэдлэгтэй байх шаардлагатай болжээ” гэж хэлсэнчлэн тийм л чадварлаг түшмэдийг энэ албанд томилох учиртай юм. Харамсалтай нь бид улстөрчдийн голдуу ураг төрлийн хүмүүсээр дипломат албыг дүүргэснээс болж Монгол Улсын гадаад харилцаа олон тулгуурт биш нуман тулгуурт орлоо!!!

 
Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна