Ерөнхий сайдад эрх мэдэл өгснөөр Засгийн газар бие даах боломж бүрдэнэ


Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналыг уялдуулах, санал боловсруулах үүрэг бүхий Зөвшилцөх ажлын хэсгээс таван чиглэл бүхий нээлттэй хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн турш зохион байгуулна. Энэ сарын 22-26-ны өдрүүдэд үргэлжлэх хэлэлцүүлгийн эхнийх нь буюу гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах талаарх хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл,саналаа танилцуулсан  бөгөөд улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач, иргэдийн төлөөлөл оролцож, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах талаар байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж, хэлсэн үгэндээ “Сүүлийн арваад жилийн турш нийгмийн бүх түвшинд хөндөгдөн, олон нийтээр чамгүй шүүн хэлэлцэж ирсэн асуудлын хүрээнд бид Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж, хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш эрэлхийлсэн түүхэн боломжийнхоо өмнө монголчууд бид тулж ирээд байна. Энэхүү боломжийг бодит үйл хэрэг болгох нь эрх баригчид хийгээд сөрөг хүчин, улс төрийн бусад нам, төрийн байгууллага, албан тушаалтан, иргэд, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаач та бүхний ухамсар, алс хэтийг харах ухаан, эв эеийг эрхэмлэх сэтгэлээс шууд хамаарах бөгөөд үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн зөвшилцөл, ойлголцол голлох нөлөөтэй” гэж онцлон тэмдэглэлээ.
Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн  мэдүүлсэн. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн  төслийн талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.
 
УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэлээр тодорхой зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, “давхар дээл”-тэй сайд нарын тоог цөөлж, 4-5-ын хэмжээнд зөвшөөрөх, төрийн албан хаагчийг хууль бусаар халахыг хориглох зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн УИХ сайд нарыг томилдог томилгооны эрхээсээ татгалзаж, Ерөнхий сайдад шилжүүлснээр Засгийн газар бие даан танхимаар ажиллах, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлнэ хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Мөн Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэнэ. УИХ тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно зэрэг асуудлыг тусгасан. УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлд УИХ-ын 19-өөс доошгүй гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлэхдээ дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг хамтад нь оруулж ирэх бөгөөд тэрхүү саналыг УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхэлж, 10 хоногт шийдвэрлэхээр тусгасан гэдгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт онцолж, ингэснээр Засгийн газрын тогтвортой ажиллах нөхцөлийг хангаж, төрийн бодлого тогтвортой хэрэгжих боломжтой болно үзэж буйгаа хэллээ.
Харин Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүнийг Ерөнхий сайдаар ажиллуулах Ерөнхий сайдаас  бусад Засгийн газрын гишүүдэд “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүнээр ажиллахыг бүрэн хориглох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг ҮАБЗ-өөр хэлэлцдэг байх, мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод нийцэж буй эсэхэд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан, хараат бус байгууллага хяналт тавьж, дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлдэг байх, энэхүү байгууллагыг шинээр байгуулах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон тогтвортой хөгжлийн бодлогыг УИХ, Ерөнхийлөгч болон Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн ИТХ-аас санал авсны үндсэнд баталдаг байх, Засгийн газрын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох зэрэг саналыг тусгаад байгаа юм. 
 
Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах талаарх саналаас Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ хэлэлцэн шийдвэрлэнэ гэсэн заалтыг оролцогчдын зүгээс дэмжихгүй байгаагаа илэрхийлж байлаа. Учир нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг ҮАБЗ хянах нь хууль тогтоох байгууллага болон гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд халдах эрсдэлтэйг хэлсэн.
 
Хэлэлцүүлэгт УИХ дахь АН-ын зөвлөлийн нэгдсэн байр суурийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төслийг АН-ын зөвлөл хоёр үндсэн шалтгаанаар дэмжээгүй учраас төслийн хэлэлцүүлэгт оролцоогүй. Дэмжээгүй шалтгааны тухай Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчиж хуулийн төслийг өргөн барьсан” гээд хэлэлцүүлэгт ороогүй шалтгаанаа тайлбарласан. Мөн тэрбээр “Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа өргөн барьсан тул АН-ын зөвлөл төслийн хэд хэдэн саналыг дэмжиж байгаа учраас цаашид хэлэлцүүлэгт оролцож зөвлөлийн байр сууриа илэрхийлэх шийдэлд хүрсэн. Мөн АН хуулийн төсөлд тусгах саналаа боловсруулж байгааг хэллээ. Ингээд хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл тэр дундаа гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах чиглэлээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналд улс төрийн нам болон эрдэмтэн судпаачид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛД ЭРГЭЛЗЭЭ ТӨРҮҮЛЭХҮЙЦ  ЗҮЙЛ БАЙНА
 
Үндсэн хууль тогтоогчдын нэг, иргэн Д.ЛАМЖАВ: -Ерөнхийлөгч Үндсэн хуулийн төсөлд саналаа нэлээд хожимдуулж өглөө. АН хуулийн төслийн өмнөх хэлэлцүүлгүүдэд оролцоогүй шалтгаанаа тайлбарлалаа. Эдгээр шалтгаан нь үндэслэл муутай байсан. УИХ-аас Ерөнхийлөгчийн төсөл, саналыг дэмжээд, УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэйгөө уялдуулах ажлыг хийж байгаа нь хууль зүйн хувьд зохисгүй хэдий ч улс төрийн хувьд аятай алхам хийлээ гэж бодож байна. Гарч байгаа саналд эргэлзээ төрүүлж болохуйц саналууд байна. Жишээлбэл, бие даасан байгууллага байгуулна гэж байгаа нь Үндсэн хуулийн эрх мэдлийн хуваарилалтын асуудалд ноцтой байдал бий болгож болох санал гэж би бодож байна. Гүйцэтгэх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдлийн дээр гарах эрсдэлтэй. ҮАБЗ онцгой байгууллага болж магадгүй гэж бодож байна.
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОЛОВСРУУЛСАН ТӨСЛИЙН ХЭСЭГТЭЙ НЬ САНАЛ НИЙЛЭХГҮЙ БАЙНА
 
УИХ-ын гишүүн асан Ж.СҮХБААТАР: -Ерөнхийлөгчийн боловсруулсан төсөлтэй танилцсан. Судлаач хүний хувьд зарим саналыг дэмжиж байгаа ч нэлээд хэсэгтэй нь санал нийлэхгүй байна. Тухайлбал, Засгийн газрын хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг ҮАБЗ хянана гэсэн саналыг дэмжихгүй. ҮАБЗ-ийн үүрэг нь Монгол Улсын дотоод, гадаадад учирч болох эрсдэлийг тооцоолж, зөвлөмж гаргадаг байгууллага.
 
ҮАБЗ шаардлагатай тохиолдолд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зөвлөмж, санал дүгнэлтээ гаргах эрх  нь одоо ч нээлттэй. Үүнийг хуульчилна гэдэг нь Засгийн газар бодлогын хөтөлбөрөө УИХ-аар хэлэлцүүлэхээс өмнө ҮАБЗ-өөр урьдчилан хянуулдаг байх шат дамжлага бий болно. Ийм шат дамжлага бий болгож байгаа нь зохистой бус.
 
Засгийн газрын хөтөлбөр нь эрх баригч намаас гардаг бодлого. Тиймээс ҮАБЗ түүнийг нь хянана гэж үзвэл УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь эрх баригч намын гишүүн бол энэ нь бэлгэдлийн шинжтэй үйл явц болно.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ  ТАВИХ  АСУУДАЛ ОЛОН УЛСЫН ПРАКТИКТ БАЙДАГГҮЙ
 
Улс төр судлаач Ц.МӨНХЦЭЦЭГ: -Ерөнхий сайдыг огцруулахын тулд дараагийн Ерөнхий сайдыг нэрийг өргөн барьдаг жишээг төсөлд тусгасан байна. Үүний үр дүнд Засгийн газар харьцангуй тогтвортой ажиллаж, төрийн бодлогын залгамж халаа, урт хугацааны үр ашиг гарах магадлалтай гэж үзэж байгаа.
 
Мөн Засгийн газрын УИХ-аас хараат бус байдлаар байгуулах буюу УИХ дахь нам, бүлэг, фракцуудын эрх ашиг гүйцэтгэх засаглалд харьцангуй бага байхаар тусгах ёстой.
 
Тиймээс одоо хэлэлцэж буй төслөөс эдгээр заалтыг дэмжиж байна. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, саналд шүүмжлэлтэй заалт цөөнгүй бий. Засгийн газрын мөрийн хөтөлбөр үндэсний аюулгүй байдалд нийцэж байгаа эсэхийг ҮАБЗ шийдвэрлэх, Мөн тухайн мөрийн хөтөлбөрт хяналт тавих тусгай байгууллага байгуулна гэсэн хоёр заалтыг оруулж ирсэн нь парламентын болон гүйцэтгэх засаглалын бүрэн эрхэд халдсан байх магадлалтай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий дахинд сонгуульд ялсан намын Засгийн газар мөрийн бие даан боловсруулж, түүнийхээ хариуцлагыг сонгуулийн жилүүдийн хугацаанд хүлээдэг. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөндлөнгийн хяналт тавих асуудал олон улсын Үндсэн хуулийн практикт байдаггүй үйл явц учир эргэлзээтэй байна.
 
ЗАСГИЙН ГАЗАРТ УИХ-ЫН ТАВАН ГИШҮҮН САЙД БАЙХААР ХЯЗГААРЛАХ НЬ ХАМГИЙН БОЛОМЖТОЙ САНАЛ
 
Хууль зүйн дэд сайд асан Б.ЭНХБАЯР: -Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол зарчим нь тогтвортой, хариуцлагатай Засгийн газрыг байгуулах юм. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын таван сайд УИХ-ын гишүүн байж болохоор заасан бол, Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн байх зарчмыг баримталж байна. Энэ хуулийн өөрчлөлтийн хамгийн гол зүйл нь Засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай болгох. Энэ шаардлагыг хангахад Засгийн газарт УИХ-ын таван гишүүн сайд байхаар хязгаарлах нь хамгийн боломжтой санал гэж үзэж байгаа. 2004-2008 оны парламентад таван нам хамтарч эвслийн Засгийн газар байгуулсан байдаг. Тиймээс хэн ч олонх болоогүй нөхцөл байдлыг бид тооцоолох ёстой. Улс төрийн намууд зөвшилцөж, Засгийн газраа байгуулах боломжийг бүрдүүлэхгүйгээр, зөвхөн Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байна гэж хуульчлах нь сөрөг үр дагавартай. Тиймээс бид цомхон чадварлаг зөвшилцлийн Засгийн газар бүрдэх боломжийг харж тооцох ёстой юм.
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна