Л.Оюун-Эрдэнийн даваагүй давааг давж, “Хамтарсан засаг”-ийн “баас”-ыг өөрт ашигтайгаар арилгасан Г.Занданшатар

Zuv.mn
2 цаг 16 минутын өмнө

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа хийх гэсэн ч “гал авах”-аас айгаад чадаагүй “Дэд сайд”-ын томилгоог Г.Занданшатар хийлээ. Үүндээ “Хамтарсан Засаг”-ийн үлдээсэн “баас” болох, ТӨК-иуд дээр бий болгосон 128 “Бүтээмжийн менежер”-ийн орон тоог ашиглаж, тоон дээр тоглолт хийв.

Яг үнэн нь гэвэл, “Бүтээмжийн менежер” бол тухайн ТӨК-ийн үйл ажиллагаанд хяналт тавьж, байгууллагын худалдан авалт, санхүүгийн ажиллагаатай танилцах эрхтэй, үр ашиггүй зардал, ажлын байрыг хэмнэх чиг үүрэг бүхий албан тушаал байсан. Бүр тодорхой хэлбэл, илүүдэл орон тоог цомхотгох санал гаргах эрхтэй субъект байсан бөгөөд “Хамтарсан Засаг”-ийн үед цалин авагч, орон тоо бөглөгч байж болох ч МАН дангаараа Засаглаж, Ардчилсан нам сөрөг хүчний байр сууринд шилжсэн үед харин ч ТӨК-ийн орон тоог цомхотгож, үр дүнгээ илүү харуулах албан тушаал байв.

"Тавантолгой төмөр зам" ТӨК-ид томилогдсон Б.Тамир нэг сар ажилласныхаа дараа "Тавантолгой төмөр зам компани үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болсон ч 1000 ажилтантай, үр ашиггүй зардал их, сайд дарга нарын сонгуульд явсан "цүнх баригч" нараар төрийн өмчийн компаниудыг дүүргэсэн. Надад бичиг баримтуудаа өгөхгүй байсан. Тиймээс бүх төрлийн шалгалт оруулсан. Хяналт, үнэлгээний үндэсний хорооны шалгалт ороод дуусаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт татварын шалгалт оруулсан. Дараа нь НДЕГ-аас шалгалт оруулна. Төрийн өмчит компаниудын бүтэц орон тоо давхацдаг. Жишээ нь, худалдан авах ажиллагааны газар нь хоёр байдаг" гэсэн бол Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам компани 1000 ажилтантай. Гэтэл яг адилхан урттай зам дээр хувийн хэвшлийн компани 280 ажилтантай байна. Улаанбаатар хотод Тавантолгой төмөр замын 180 ажилтан 1800 м.кв талбайтай өндөр түрээстэй байранд ажиллаж байгаа бол хувийн хэвшлийнх яг адилхан үйл ажиллагааг 9 хүн 60 м.кв оффист ажиллаж байна. Тавантолгой төмөр замын захирал 19 сая төгрөгийн цалинтай, ажилтнууд нь 4-5 сая төгрөгөөр цалинждаг. Тавантолгой төмөр замд ажиллаж байгаа 1000 ажилтны 400-500 нь сонгуульд ажилласан хүмүүс. Тэдийг бүгдийг нь төрийн өмчийн компанид ажилд томилж байна" гэж байв. Энэ бол хамтарсан Засаг унаж, АН сөрөг хүчний байр сууринд очих тэр үед болсон явдал. 

Гэвч яг ийм үед нь цомхотгож орхиод, тоон дээр тоглолт хийн (128>18) Дэд сайдын томилгоог хийж орхив. Сөрөг хүчнээс томилогдсон Бүтээмжийн менежер ТӨК-ийн үр ашгийг дээшлүүлэхийн тулд дарга нарын шахсан, сул цалин авдаг шаардлагагүй нөхдүүдийг цомхотгох, Дэд сайд Ажлын алба байгуулж төрийн бүтцийг данхайлгах албан тушаал байсан ч хэлсэнгүй. Бүтээмжийн менежер бол 128, Дэд сайд бол 18-хан гэсэн чигээрээ дуусав. 


Хооронд нь харьцуулахад сөрөг хүчнээс томилогддог бүтээмжийн менежер л арай үр дүнтэй юм уу гэж байгаагаас бус, олон нийтийн байр сууринаас харвал үнэн хэрэгтээ бүтээмжийн менежер ч, дэд сайд ч тийм шаардлагатай олон тоо, албан тушаал биш.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй МАХН /одоогийн МАН/-ын удирдлагууд 2000 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа намд их хэмжээний хандив өгч, ялалт байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн бизнесмэнүүдийг шагнах зорилгоор хуучны “орлогч сайд” гэдэг гэсэн албан тушаалыг “дэд сайд” сэргээсэн түүхтэй юм. Бараг эрх мэдэлгүйгээрээ социализмын үеийн “орлогч сайд”-аас ялгаатай орчин цагийн дэд сайдын суудалд тухайн үедээ байгуулсан компанийнхаа нэрээр “Монреимпексийн” гэж нэршсэн У.Уламбаяр агсан, одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд тэргүүтэй нөхдүүд сууж, улстөрд орж ирэх эхлэлээ тавьж байсан түүхтэй. Стратегийн лицензүүдийг эзэмшдэг гэр бүлийн гишүүн Н.Номтойбаяр ч энэ замаар л улс төрд хөл тавьсан. Товчхондоо мөнгөний томилгоо хийгддэг, нэг бол нам доторх бүлэглэлүүдийн эрх ашгийг тэнцүүлдэг албан тушаал байсан, одоо ч хэвээрээ байна. 

Аливаа юмыг бодолцож хийхгүй бол ямар их аюул дагуулдгийг энэ бялуу хуваах ахархан бодлого харуулдаг. Бизнесмэнүүд “Намд хандив өгвөл сайд болдог юм байна” гэж туйлширч, төр бизнесийг атгасан олигархиуд үүсэн бүрэлдэх нөхцлийг энэ шийдвэр үндсэндээ бүрдүүлж өгсөн гэж болно. Үүнээс өмнө улс төр бизнес бага ч гэсэн тусдаа явдаг байлаа. Одоо ямар болсныг, Монголын хөгжлийн нэг гацаа нь олигарх буюу монополиуд болохыг, төр нь тэднийхээ өмнө хүчгүйддэгийг бид одоо ч харж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна