Дэд сайдуудын ХЭН нь ХЭН бэ: Ми.Энхболдын залгамжлагч, залуу дүр Б.Нямжав

Х.Батсайхан
7 цаг 35 минутын өмнө

-Улстөрч санхүүжүүлж алдсан мөнгөө ард түмний халааснаас гаргуулагч Б.Нямжавд дэд сайдаар ажиллах эрх байхгүй-

“2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хожим энэ мөнгөө улсын төсвөөс гаргуулж авсан” гэгддэг Б.Нямжав гэгч Г.Занданшатарын Засгийн газарт ажиллахаар “хавчуулагдаад” орж иржээ.

Б.Нямжав бол Нийслэл хотын газрыг наймаалж асар ихээр баяжсан гэгддэг МАН-ын дарга асан М.Энхболдын улстөрд зориулж бэлдсэн, хамгийн ойрын хүн. Ми дарга Б.Нямжав хоёрын холбоо сүлбээ олон жилийн өмнөөс эхлэлтэй.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр “Эм Жи Эл корпорац”-ынхаа нэр дээр арилжааны банкнаас 10 тэрбум төгрөг зээлж сонгуулийн санхүүг нь босгож өгсөн. Сонгуульд М.Энхболд ах нь ялагдаж, тэрбээр том шатсан ч 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялж, төрийн бүх шатны эрх мэдлийг атгасныг ашиглан, Нийслэлийн МАН-ын өмчид байсан Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгосон үйл явц дээр тоглолт хийн, 10.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргуулж авсан байдаг. Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгох шийдвэр 2013 оны нэгдүгээр сард гарч хэрэгжсэн. Тэр үед Б.Нямжав Лениний музейг Ерөнхий түрээслэгч статустай, өөрийнхөө баарыг дотор нь ажиллуулдаг байсан. Гэтэл тэр олон жил өнгөрсөн хойно Шүүхэд “Төрийн буруу шийдвэрээс болж хохирсон” хэмээн шүүхдэж, бүр ирээдүйд олох байсан ашигаа хүртэл нэхэмжилж, хамгийн хачирхалтай нь авч чадсан байгаа юм. Үүнд одоогийн МАН-ын дарга Я.Содбаатар, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар холбоотой талаар тухайн цаг үедээ хэвлэлүүд мэдээлж байв.

Энэ мөнгө 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө Төрийн банкнаас маш сэжигтэйгээр “Шинжиан Шеньфа” гэх компани руу гарсан 20 тэрбум төгрөг, энэ их мөнгийг төлж барагдуулсан үйл явцтай холбогддог гэхээр Б.Нямжав Үлэг гүрвэлийн музейг Нийслэлийн МАН-ын эзэмшилд байхад л тэр үед Хотын фракцыг хэмжээгүй эрхшээж байсан М.Энхболдын ивээлд багтсан, магадгүй, мань хүний бизнесийг нэр дээрээ байлгаж хариуцдаг байсныг ч үгүйсгэхгүй.

2024 оны сонгуулийн өмнө Ми.Энхболд Б.Нямжавыг өөрийн тэргүүлж асан ММСУХ-ныхоо Дэд тэргүүн болгож, дараа нь мөн өөрийн үүсгэн байгуулж, удирдаж ирсэн “Дүнжингарав” бөхийн дэвжээнийхээ Тэргүүн болгож, хадаг, сүүтэйгээр халаагаа өгсөн. Олон жилийн турш буй болгож бүтээсэн бүхнээ найр тавьж өгч байгаа нь тэдний холбоог дахин харуулсан. Мэдэгдэж байгаагаар лав сүүлийн 15 жил нэг нь ил харагдаж, нөгөө нь далд, араас нь түлхсэн маягтай явж ирсэн хөгшин залуу хоёрын 2024 оны зорилго томсгосон тойргоос болоод бүтээгүй ч одоо Г.Занданшатарын Засгийн газарт дэд сайдын томилолт өвөртөлснөөр амжилт олж байна.     

МАН Л.Оюун-Эрдэнэ, Л.Амарбаясгалан тэргүүтэй НАМЗХ, У.Хүрэлсүх, Г.Занданшатар тэргүүтэй АСЗХ-ны фракцаараа хуваагдаж талцсан, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаж, Г.Занданшатарын Засаг тогтсон, сүүлд МАН-ын даргын төлөөх тэмцлээс энэ бүхэн тод харагдсан. Шуудхан хэлэхэд, талууд хүч тэнцүү байсан бөгөөд М.Энхболд, Сү.Батболд зэрэг хууччуулыг энд тэндхийн айлчлалд дагуулж явж, талдаа татсаны ачаар 1970-аад оныхон давуу байдал олж авсан. Хууччуулын хувьд энэ тэмцэл улс төрд үрээ суулгах боломж байжээ гэдэг нь Б.Нямжавыг дэд сайдаар томилж байгаагаас  харагдаж байна.  

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахад хүчээ нэгтгэж, зүтгэсэн, Монголын улстөрийг булингартуулж, авлигад живүүлсэн этгээдүүд бузар үйл хэргээ үргэлжлүүлэхээр зүс, биеэ хувилгасан хойч үеэ улстөрд байршуулж байгаа нь энэ. Орж ирсэн дэд сайдууд дотор чадварлаг боловсон хүчин байгааг үгүйсгэхгүй ч Б.Нямжав мэтийн, Г.Занданшатарын суудлыг бататгах, улстөрд үеэ өнгөрөөсөн хөгшчүүдийн үйл хэргийг үргэлжлүүлэх хүн хэрэггүй.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.200
    5 цагийн өмнө

    Одоо соёлтой улс хийх хэрэгтэй юм шигээ монголчуудын энэ их стрес харилцаа хандлагыг өөрчлөж залуусаа хайрламаар байна. Улс орны минь хөгжлийн түчээ болж явах ёстой хүмүүс өвчтэй эрүүл нь мэдэгдэхгүй хүнээс мөнгө нэхдэг байгаа нь хэцүү юмаа. Үүнийг өгч чаддаггүй хүмүүс байна нийгмийн уур амьсгалыг бохирдуулж байна. Хар суудэртүүлж байгаа нь хүнд байна шүү сэтгэл зүйн дайн юм шиг л санагдаж байна. МАН-ын бүлэглэл эв эеэ хичээж ажиллавал бид баярлах байна та нар чаднаа. Амьжилт хүсэе.

    Хариулах