Олигархиуд дутуу орхисноо гүйцээхээр айсуй

Х.Батсайхан
2 цаг 58 минутын өмнө

-О.Дерипаскагийн гол бай нь Тавантолгой, Оюутолгой- 

Оросын олигахиуд Монголын ашигт малтмалын ордуудыг дахиад сонирхоод эхэлжээ. Тэдэн дундаас монголчуудын эртний танил О.Дерипаскагийн нэр хамгийн тод дуулдаж байна.

О.Дерипаскагийн Монгол дахь ашиг сонирхол, зорилго...

Хойд хөршийн эрчим хүчний салбарыг “атгадаг” энэ бизнесмэн Монголд эртнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нэгэн үе манай улсын банк санхүүгийн салбарт ихээхэн түрэмгийгээр нэвтэрч, богино хугацаанд ноёрхлоо тогтоож байсан юм. “Монголын банк санхүүгийн 35 хувь нь миний хяналтад байгаа” гэж мэдэгдэж байсан ч удаатай.

Энэ бизнесмэн “Монголын нүүрсний зах зээлд ноёрхлоо тогтоо” хэмээн В.Путины илгээж байсан олигархиудын багт багтсанаар Монголын нүүрстэй анх холбогдсон гэж болно. Зарим мэдээллээр бол Сибирьт ноёрхлоо тогтоож орчин цагийн Ермак болохоор түүнтэй тэмцэлдэж байсан Борис Громов гэгчийн хүү Сергей Монголд ирж хүчээ авсан явдал голлон нөлөөлсөн ч гэлцдэг.

Ямартай ч тэрбээр нүүрсний салбарт үзээд алдахаар шийдэж, нүүрсний хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Gobi Coal & Energy компанид хөрөнгө оруулалт хийн, 31 хувийг нь эзэмших болсон юм. Гэвч дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр, 2009 оны аравдугаар сард эргүүлэн зарсан. Энэ үедээ тэрбээр Тувад орших Каа-Хемский, "Востсибуголь" гэдэг хоёр ордоосоо бусдыг нь худалдаж байжээ. Харин эдийн засгийн хямрал намжингууд итгэмээргүй хурдан хөл дээрээ боссон байдаг. Түүний эзэмшлийн En+ групп Монголын “Жаст” групптэй хамтран Таван толгойн дэд бүтцийн ажилд оролцохоор зүтгэж байгаа гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлд нэг бус удаа гарч байв.

Тавантолгойн орд ба ОХУ-ын ашиг сонирхол, олиграхиудын сонирхол  

2015 онд, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед явагдсан Тавантолгойг ашиглах тендерүүд удаа дараа бүтэлгүтэж, хүчингүй болж байсны ард ОХУ байсан гэдэг хардлага бий. Тэдгээр тендерүүд хүчингүй болсны дараа буюу 2014, 2015 оны орчим О.Дерипаска тэргүүтэй олигархиуд Монголын нүүрсний зах зээлд орон зайгаа эзлэхээр санаархаж эхэлсэн. Гол онцлог нь, тэд хайгуулын ажилд биш шууд орд худалдаж авах ажилд анхаарлаа хандуулахаар шийдсэн гэж байв. Гэвч олигтой амжилт олоогүй, тэр тусмаа Тавантолгойг авч чадаагүй юм.  

 Одоо эргээд харахад, ОХУ нүүрсний тухайд БНХАУ-ын зах зээлийг 100 хувь өөрсдөдөө ашигтай байлгахын тулд Монголд дахь том ордууд, тэр дотор Тавантолгойн ордыг эзэмших, чадаагүй тохиолдолд нийлүүлэлтийг хязгаарлаж тогтоон барих /нарийн царигтай төмөр замаа түрүүлж барих/ гэсэн хоёр хувилбартай тоглож байсан, асуудал хоёр дахь хувилбараар нь явчихсан байж тун ч магадгүй.

Оюутолгой...

Энэ сарын 8-12-ны өдрүүдэд ОХУ-д тус улсын “Русал” групп Австралийн Куинслэнд мужид “Рио Тинто” групптэй 20/80 хувийн эзэмшилтэй хамтарсан компани байгуулж ажиллаж байгаад хоригт орсонтой холбоотой маргаан Калининградын Арбитрын шүүхээр хэлэлцэгдэж, ОХУ-ын талд шийдэгдсэн, Монголд УИХ-аас  Оюутолгойн асуудлаар байгуулсан Хянан шалгах түр хорооны Нээлттэй сонсгол яг давхацсан билээ. Үүнтэй холбоотойгоор С.Баярцогт тэргүүтнүүд Оюутолгойн сонсголыг “Оюутолгой” ХХК-ийг ОХУ-д авч өгөх зорилготой” байж болзошгүй, цаг хугацааны давхцал нь санамсаргүй гэж бодохгүй байгаа” гэж мэдэгдэж буй.

Үүнд итгэхэд хэцүү, учир нь дотоодын бүлэглэлүүдийн тэмцэл “Онтрэ”-г тойрч өрнөж байгааг учир мэдэх хүмүүс гадарлаж байгаа. Гэхдээ энэ талаар дараа хөндөх учир орхиж, ОХУ-ын сонирхлын талаар дурдъя.

ОХУ-ын тухайд, “Русал” Оюутолгойд хувь эзэмших хүсэлтэй байгаа нь тодорхой байна. Сая болсон Арбитрын маргаанд “Русал”-ын өмгөөлөгчөөр ажилласан “Бубликов и партнеры” хуулийн фирмийг үүсгэн байгуулагч Владимир Бубликов “Ведомости” сонинд “Рио Тинто” ОХУ-д улсад хөрөнгөгүй тул “Русал”-ын нэхэмжлэлийн зорилго нь хэрэгжиж болохуйц газарт, тухайлбал Монголд байгаа хөрөнгөнөөс нөхөн төлбөр авах явдал. Яахав, олон жил шаардаж болзошгүй” гэж шууд хэлсэн байна лээ.  

Эндээс Оюутолгойг эзэмших нь “Русал”-ын хүсэл гэдэг нь харагдах биз ээ. Угаасаа нэхэмжлэл нь тэгж гарсан учраас л Калинградын Арбитрын шүүх

Британид бүртгэлтэй Rio Tinto plc;

Нидерландад бүртгэлтэй Oyu Tolgoi Netherlands B.V.

Бриатнийн Виргинийн аралд бүртгэлтэй THR Oyu Tolgoi Ltd

Австралид бүртгэлтэй “Rio Tinto Aluminium Limited”, “Rio Tinto Aluminium (Holdings) Limited”, “Rio Tinto Limited”, “RTA Holdco Australia 5 Pty Ltd” гэсэн хуулийн этгээдүүдийг хариуцагчаар татсан байна.

“Русал”-ын эзэмшигч нь харин олигарх О.Дерипаска. Гэхдээ тэглээ гээд айгаад, гайхаад байх шаардлага огт үгүй. Оюутолгой шиг том, баялаг ордыг “Русал”, О.Дерипаска байтугай нь боломж гарвал авахыг хүсэх нь олйгомжтой. Өөрөөр хэлбэл, Оюутолгойг авах нь бүх л бизнесмэний хүсэл, О.Дерипаскад харин хүсэлээ илэрхийлэх боломж л гарсан хэрэг. 

О.Дерипаска Монголын уул уурхайн салбарт хувийн хэвшлийн дүрээр орж ирэх ч ОХУ-ын төрийн бодлогыг яс хэрэгжүүлнэ...

В.Путиныг Ерөнхийлөгч болж, улс оронд цэвэрлэгээ хийсний үр дүнд нэр бүхий хэдэн бизнесмэний ажил үйлс итгэмээргүй хурдтай хөгжин цэцэглэж, эсрэгээр нь хэсэг бүлэг бизнесмэнүүд алуулах нь алуулж, алга болох нь болж, шоронд орох нь орсон билээ. Хөгжин цэцэглэсэн эдгээр бизнесмэнүүдийн орсон салбар болгондоо “Цахилгаан дайн” өрнүүлж, дэгсдүүлж хэлэхэд амар хялбар аргаар гартаа оруулж авдгийн нууцыг нь үргэлж улс төрийн дэмжлэгтэй ажилладаг байсных хэмээн тайлбарладаг.

Тодруулбал В.Путины дэмжлэгээр. Дээр өгүүлсэн О.Дерипаска ч тэдний нэг төлөөлөгч юм. Тэрбээр Б.Ельциний засаглалын үед Тамгын газрынх нь даргаар ажиллаж байсан В.Юмашевын охин Полинатай гэрлэсэн бөгөөд хожим энэ холбоо сүлбээгээ ашиглан Б.Ельциний залгамжлагч В.Путины нөмөр нөөлөгт багтсан гэдэг. Энэ үеэс хойш О.Дерипаскагийн ажиллагаанууд асуудал үүсгэсэн байлаа ч үргэлж уснаас хуурай гарч чаддагийн нууц нь Владимир Владимирович болжээ. Өвлийн олимп зохион байгуулах болсонтой холбогдуулан Сочи хотын хамгийн ашигтай, байрлал сайтай газруудыг “дээрэмдэж авсан” явдал тэдний хэрэгжүүлсэн олон “операци”-ийн зөвхөн нэг нь. О.Дерипаскагийн мэдлийн барилгын компани Сочи 2014 өвлийн олимпийн барилга байгууламжийг барих тусгай зөвшөөрлийг авсныхаа хувьд “Хотын өнгө зүс сайжруулах” нэрийн дор хэдэн мянган өрхийг хүчээр газарт оруулж, үнэгүй шахам авсан юм.

Энэ бол О.Дерипаска нь ОХУ-ын төрийн бодлогыг ягштал хэрэгжүүлэгч болохыг харуулсан бөгөөд Австрали дахь хөнгөн цагааны төсөл нь хоригт орсны шалтгаан ч байж мэдэх юм.

ОХУ Монголын уул уурхайг эртнээс сонирхсон...  

Ер нь ОХУ Монголын том ордуудыг, тэр дундаа Тавантолгой ордыг эзэмшихийн тулд эртнээс санаа тавьж байжээ. Үүний баталгаа болсон, Ерөнхийлөгч В.Путин Тавантолгойг байлдан дагуулуулах зорилгоор олигархиудын баг бүрдүүлэн Монгол руу ээлж дараалан илгээж байсан мэдээлэл хэвлэлийн шарласан хуудаснаа үлдэж хоцорчээ.

“Коммерсантъ” сонин энэ талаар өгүүлснийг товчлон хүргэе.

“Северсталь” корпорацийн эзэн Алексей Мордашовын хэрэгжүүлэх гэж байгаа шинэ төслийг эрх баригчид дэмжиж байна. Үүнээс ч өмнө Ерөнхий сайд М.Фрадков “Mittal Steel-ийн ноёрхлыг зогсоохын тулд Северсталь, Arcelor нэгдэхийг дэмжинэ” гэж хэлж байсан билээ. Харин А.Мордашов үүнээс гадна бас нэгэн төсөл нэлээд эртнээс хэрэгжүүлж эхэлсэн нь өчигдөр тодорхой болов. Тавантолгойн ордыг худалдаж авах талаар Монголын талтай албан ёсоор хэлэлцээр хийх эрхийг тэрбээр Ерөнхийлөгч В.Путинаас авчээ. Гэхдээ Монголд ч гэсэн түүнд өрсөлдөгч байгаа гэдэг нь нууц биш. Тэрбээр Монголын тал гадаадын хөрөнгө оруулагчаас татгалзахгүй байгаа болон 1,5 тэрбум ам.доллар байхад Таван толгойд ашиг сонирхлоо илэрхийлж болох юм байна гэсэн утгатай захидлыг Ерөнхийлөгчид ирүүлсэн байна. Үүний өмнө ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитин 2006 оны дөрөвдүгээр сард Монголын Зам тээврийн сайд Ц.Цэнгэлтэй уулзах үед Монголын тал 1500 километр авто зам барих ажилд оролцох саналыг тавихад ОХУ Тавантолгойгоо өг гэсэн асуудлыг сөргүүлэн тавьж байсан байна /«Коммерсантъ»   № 96 (3427) от 31.05.2006/.

Алексей Мордашов Таван толгойн ордыг эзэмшилдээ авахад хамгийн гол нөлөө үзүүлэх хүчин зүйл нь улс төрийн дэмжлэг болохыг дахин, дахин сануулж, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай тусгайлан уулзах боломжийг бүрдүүлж өгөхийг хүсч байв.  

А.Мордашовоос гадна "Ренова" хөрөнгө оруулалтын компанийн эзэн Виктор Вексельберг мөн Тавантолгойн ордыг эзэмшилдээ авахаар хөөцөлдөж байсан бөгөөд энэ хоёр бизнесмэн хоёулаа В.Путинаас тусламж гуйж байснаас үзэхүл Тавантолгойг авахад тэдэнд үнэхээр л мөнгөний гэхээсээ илүү улс төрийн хүчин зүйл чухал байсан бололтой. А.Мордашовоос ялгаатай нь В.Вексельберг Монголын ураныг мөн сонирхож байв. Тавантолгойн асуудлаархи Монголын төр, оросын олигархиудын уулзалт мөн оны зургадугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлын үеэр, хоёр орны Ерөнхийлөгчийн уулзалт зэрэг дээр үргэлжлэн хөндөгдсөөр байжээ. Харин энэ бүхэн дээр В.Путин олигархиудынхаа хүсч байсан шиг улс төрийн дэмжлэгийг нь үзүүлээгүй бололтой. Эсвэл үзүүлсэн ч Монголын талд хүчтэй нөлөө үзүүлэхээргүй байсан байж болно. Ямар ч байсан Тавантолгойд оросуудын нөлөө Төмөр замаараа барьцаалж бий болгосон 18 хувиас хэтрээгүй /Н.Алтанхуягийн Засгийн газрын үед явагдаж, хүчингүй болсон тендерийн үр дүн/ билээ.

Оюутолгойг оросуудад өгсөн ч, өөр нэгэнд өгсөн ч бид хянаж чадахгүй

 2015 онд оросууд Тавантолгойг авч чадаагүй ч Монголчууд төмөр замын царигийн асуудлаас болж хил холболтын төмөр замаа гацааснаар байдал ОХУ-д ашигтай эргэсэн.

Тэгвэл одоо байдал өөр. Монгол Улс БНХАУ-ын нүүрсний зах зээлээс буцаагаад ОХУ-ыг шахаж, хамгийн том нийлүүлэгч болох нь цаг хугацааны асуудал боллоо. Тавантолгой, Оюутолгойн төлөө өрсөлдөхүйц хүч чадалтай баячууд нь идэвхжиж байгаагаас энэ бүхнийг харж болно.

Нүүрсний тухайд, бид оросуудын “ямхын бодлого”-д орсон гэдгээ ойлгосон, алдаагаа зассан. Одоо харин зэсийн үнэ өсөж, олз ашигийн хэмжээ нь нийлүүлэлтийн хэчнээн хувийг хянаж байгаагаас шалтгаалах нь тодорхой болж байна. Үүнтэй зэрэгцээд Монголын уул уурхайн салбарт, ялангуяа зэсийн тал дээр ОХУ-ын нөлөө өсөх учиртай. 2012-2015 оны үес, Тавантолгойн тендерүүд ар, араасаа зарлагдаж байхад ОХУ шатахууны цоргоо хааж байсныг бас санахад илүүдэхгүй болов уу.  

Бидэнд дараагийн Оюутолгой хэрэгтэй, гэтэл оросууд хайгуулын биш, ашиглалтын тусгай зөвшөөрөл л сонирхсон хэвээрээ байгаагийн нэг илрэл нь Калининградын шүүхийн шийдвэр болж байна. Ямартай ч Оросын олигархиуд Монгол руу хандаж эхэлснийг "Русал", О.Дерипаскагийн хүсэл хангалттай харууллаа. Гэхдээ, яг Оюутолгой дээр бол биелтлээ зай бий.

  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.54
    8 минутын өмнө

    за одоо орос троллууд гүйж орж ирээд, Оросоо магтаад эхэлнэ дэ.

    Хариулах
    • 203.91.115.47
      14 минутын өмнө

      Тэгээд чамайг баахан хужаагаа, Манж энэ тэр гээд хэлэх хэлэхгүй үгээр харааж өгнө