Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн таалал төгсжээ


Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөн элэгний дутагдал буюу элэгний ком гэсэн оноштойгоор АНУ-ын Калифорниагийн Их Сургуулийн дэргэдэх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан билээ.

Хамгийн сүүлд О.Дөлгөөний ээж энэ сарын 22-нд  "Хүү маань аав, ээж, эгчийгээ ирсний дараа хэд хоног толгойгоо дохих, нүдээ нээх, аних зэрэг хариу үйлдэл үзүүлж байгаад долоодугаар сарын 10-нд гэнэт муудаж өнөөдрийг хүртэл ухаан орохгүй байна. Биe нь муудсанаас хойш өнөөдрийг хүртэл хоёр удаа эмч нар дуудан одоо найдваргүй боллоо гэж хүүтэй минь сүүлчийн удаа уулзуулж байсан ч хүүгийн минь зүрх одоо ч амьдрахын төлөө цохилж тэмцэж байна" гэж Mongolia For Dulguun хуудаст бичиж байжээ.

Харамсалтай нь О.Дөлгөөний бие сайжрахгүй байсаар өнөөдөр бурхны оронд оджээ.

Энэ тухай Mongolia For Dulguun хуудаст энэ сарын 28-нд "Сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөн удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр, өнөөдөр 18 цаг 10 минутад биднийгээ орхин одлоо.

Дөлгөөн маань АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан юм.

Харамсалтай нь өвчин үнэхээр хүнд байлаа. Удаан хугацаанд хүчил төрөгчийн аппаpаттай байснаар уушиг нь цоорч, тархинд нь цус харваж, салхин цэцэг өвчин бүх дотор эрхтнүүдийг нь гэмтээсэн ч тэр маань тэмцсээр байсан юм, зүрх нь цохилсоор байсан юм.

Дөлгөөнийхөө ар гэрийнхэнд нийт Монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхний уй гашууг бид хамтдаа хуваалцаж байна.

Дүү минь, хүү минь, найз минь, шавь минь. Амгалангийн орондоо амар тайван нойрсдоо. Чиний төлөө уншиж байгаа мани бүхэн, диваажинд хүрэх шат болог.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ" гэжээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна