-“MCS” Багабандийн Баярмаад хөрөнгө оруулахаас гадна эрсдэлийг нь бас даасан уу-
MCS групп Баянхонгорт алтны асар том уурхай эхлүүлж байгаа хийгээд энэ уурхайг олон нийтийн анхаарлаас хол байлгах сонирхолтой байгаа талаар Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар сошиал хуудастаа жиргэсэн билээ.
Судалж үзвэл, уг орд нь Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт орших Баянхөндийн алтны орд бөгөөд Канадын // хөрөнгө оруулалттай “Эрдэнэ монгол” ХХК 2015 онд илрүүлж, 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч байжээ. Улмаар 2023 оны орчимд “Монголиан Майнинг Корпорэйшн Пте. Лтд” буюу MCS 40 сая ам.долларын хөрөнгө оруулж, 50 хувийг нь эзэмших болсон бөгөөд Л.Оюунбат ТУЗ-ын даргаар нь очсон байна.
Л.Оюунбат нь Ж.Оджаргал эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй “Энержиресурс рэйл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд ажлаа Г.Батцэнгэлд хүлээлгэж өгөөд “Эрдэнэмонгол” руу томилогджээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Эрдэнэмонгол” ХХК-ийн хувь эзэмшигчээр Канадын Халифакс хотноо бүртгэлтэй “Erdene Resource Development Corporation”, Бүгд Найрамдах Сингапур Улсад бүртгэлтэй “Монголиан Майнинг Корпорэйшн Пте. Лтд” бүртгэлтэй.
Хувь эзэмшлийн хувьд нэг иймэрхүү, гэхдээ бас анхаарал татах юм байна. Тодруулбал, эцсийн өмчлөгчөөр Эрик Спротт, Ж.Оджаргал нар бичигдсэн. Мөн яагаад ч юм бэ, Ж.Оджаргалын нэр дахин нэг удаа буюу хоёр удаа бичигдсэн байх юм /Ж.Оджаргал өөр нэгэн этгээдийг төлөөлж байна уу, овог, нэр ижил өөр хүн байна уу?!/.

“MCS” Багабандийн Баярмаад хөрөнгө оруулахаас гадна эрсдэлийг нь бас даасан уу
“Эрдэнэмонгол” ХХК нь Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа Монгол талыг нь төлөөлдөг гэдгээ олон нийтэд танигдсан байсан. Гэхдээ хэвлэлийн хуудсыг шүүрдэж үзвээс ордыг эргэлтэд оруулах ажил нь багагүй саадтай тулгарч байжээ.
Тодруулбал, MCS орж ирэхээс өмнө “Эрдэнэмонгол” нь:
-Анх лиценз авахдаа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хавсаргаагүй байсан. Хуулийн дагуу энэ материалыг заавал бүрдүүлж байж тусгай зөвшөөрөл авдаг.
-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг багийн ИНХ-аар хэлэлцүүлэхдээ хурлыг хөл хориотой, багийн иргэд өөр, өөр газар байсан үед зарлаж, дэмжүүлсэн. Журамд заасны дагуу хурлыг 14 хоногийн өмнө товлон зарлаж, иргэдэд мэдээлэл хүргүүлэх ёстой байсан ч хүргүүлээгүй.
-Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээг сумын ИТХ-аар хэлэлцээд “Үзэглэхгүй” гэж шийдсэн ч уг хуралдаанаас 10 гаруй хоногийн өмнө хэдийнэ гэрээг байгуулчихсан байсан.
-Гэрээ нь “Гэрээ байгуулагдвал 7.5 тэрбум төгрөгийг ТББ-аар дамжуулан орон нутгийн хөгжилд зарцуулна. Гэхдээ гэрээ зурагдмагц эхний 25 хувийг, нарийвчилсэн үнэлгээ батлагдвал 25 хувийг, бусад зөвшөөрлүүд бүртгэгдмэгц 25 хувийг шилжүүлнэ гэх мэт процесстой уясан нөхцөл заасан.
-Гэрээ зурагдахаас өмнө оюутнуудад 500 мянга, иргэдэд 300 мянган төгрөг өгч, төсөл хэрэгжихээр ажлын байраар хангана“ гэдэг байсан.
-2022 оны гуравдугаар сард багийн ИНХ хуралдаж, өмнө нь хөл хорионы үеэр гарсан “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээг хүчингүй болгосон боловч ИНХ-ын дарга Б.Батжаргал хүчингүй болгосон тогтоолыг өөртөө хав дарсан.
-Наймдугаар сард багийн ИНХ хуралдаж, мөнөөх тогтоолыг дахин хүчингүй болгосон. Ингэснээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ нь дагаад хүчингүй болсон тул лицензийн асуудал хөндөгдсөн.
-Нутгийн төлөөлөл “Амьд хууль төв” ТББ-аас “Эрдэнэ Монгол”-ын лицензийг цуцлуулах асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх үндэслэлтэй гэж үзэн, “Эрдэнэ Монгол”-ыг оролцогч тал болгосноор 2022.05.04-нд захиргааны хэрэг нээсэн гэх мэт фактууд бичигджээ.
Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа цаашид явуулж чадах эсэх нь эргэлзээтэй болсон байж.
Ийм л үед Бүгд Найрамдах Сингапур Улсад бүртгэлтэй “Монголиан Майнинг Корпорэйшн Пте. Лтд” буюу MCS хөрөнгө оруулагчаар оржээ. Эндээс “MCS” Багабандийн Баярмаад хөрөнгө оруулахаас гадна эрсдэлийг нь бас даасан уу” гэсэн асуулт гарч ирж байна. Учир нь, тэд орж ирснээр төсөл цаашдаа ямар ч саадгүй явсаар 2025 оноос алтаа гаргаж, 2026 оноос тогмолжуулаад буй. Гэхдээ “Эрсдэл” гэдэгт зөвхөн уурхай байгуулж, үйлдвэрлэл эхлэх хүртэл бус рээдүйд өрнөх хөгжүүлэлт, түүниэй холбоотой хууль, эрхзүйн орчны асуудал ч хамаатай.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар төр 34 хувийг нь үнэ төлбөргүй эзэмших боломжтой байна
Одоо хамгийн анхаарал татсан хэсэг эхэлж байна. Баянхөндийн алтны орд нь Хар морь ордын хамт 513,700 унци /14,56 тонн/ алтны нөөцтэй. Жилд 85,000 унци алт олборлож, зургаан жил ажиллаад, нэг жил нөхөн сэргээж, нийт долоон жил ажиллаад хаахаар төлөвлөсөн гэж компанийн албан ёсны цахим хуудаст бичжээ.
Үүнийг өнөөдрийн ханшаар /4285 ам.доллар/ тооцвол 2.2 тэрбум ам.доллар болно. 3500 ам.доллараар бодоход борлуулалтын 1.7 тэрбум ам.доллар. 85,000 унциар зургаан жилд ашиглана гэхээр 363.8 сая ам.долларын борлуулалт хийж, 9.2 сая ам.долларын АМНАТ төлнө. Үүний 30 хувь нь орон нутагт үлдэнэ гэж тооцвол 3 сая ам.доллар буюу 10 гаруй тэрбум төгрөг орон нутагт шууд орж ирэх бөгөөд энэ нь орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд шууд нөлөөлнө.
Яагаад энийг дурьдав гэвэл, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.12-т Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд-ыг “Үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг” хэлнэ гэж заасан бий.
Харин 5.5-д “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр үнэ төлбөргүйгээр эзэмших бөгөөд төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно” гэж заасан байдаг.
Тодруулбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор, хэрвээ төр хүсэх л юм бол Баянхөндийн алтны ордын 34 хувийг эзэмших боломжтой байна.
Үнэхээр, төр Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дугаар заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа, тэгээд хүчингүй болгох ямар ч сонирхолгүй байгаа энэ үед "Эрдэнэ ресурс" буюу Б.Баярмаагийн эрсдлийг даасан уу. Хотын даргын мэдэгдэлд дурдсан олны анхаарлаас хол байлгах шалтгаан нь энэ үү гэдэг асуудал анхаарал татаж байна.
Дээр нь, Бүгд Найрамдах Сингапур Улсад бүртгэлтэй “Монголиан Майнинг Корпорэйшн Пте. Лтд” буюу MCS нь зөвхөн Баянхөндийн алтны ордны 50 хувийг биш, “Эрдэнэмонгол” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. Энэ компанийн мэдэлд Баянхөндийн алтны ордоос гадна өөр тусгай зөвшөөрлүүд, ирээдүйтэй илэрцүүд бий.
Тодруулбал, тус компани:
- Баянхөндий ("БХ") алт-зэсийн орд;
- Алтан Нар ("АН") алт-полиметаллын орд;
- Хар Морь ("ХМ") алтны ордыг нээн илрүүлсэн.
Мөн Алтан Сум, Хар Морь Хѳвийн Хар, Оюут Хѳндий зэрэг алт, зэсийн хэд хэдэн илрэлийг нээсэн. Баянхѳндийгѳѳс зүүн зүгт 35 км-т молибден-зэс порфирын Зуун Мод ордын нөөцийг тодорхойлсон.
Нөөц нь өсөн нэмэгдэх өндөр боломжтойг байнга илэрхийлж ирсэн бөгөөд албан ёсны цахим хуудастаа зарлан тунхаглаж байдаг.

“Erdene Resource Development Corporation”-ийг төлөөлдөг байсан Петер Акерли нь "Баянхөндий бол зөвхөн ганц тусгаарлагдсан алтны орд биш, харин бүхэл бүтэн шинэ алт, эрдсийн бүлэг ордын эхлэл, зангилаа суурь (anchor) юм" /Алтан Нар алт-полиметаллын төсөл нь Баянхѳндий ордоос хойд зүгт 16км зайтай оршдог/ гэдэг санааг ярилцлагууддаа байнга илэрхийлж ирсэн бөгөөд 2018 онд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэж, Монголоос хөрөнгө оруулалт татах арилжааг эхлүүлэх үедээ “Бид саяхан “20 тонн алтны нөөцтэй” гэж “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл”-өөр хайгуулынхаа үр дүнг батлуулсан. Баян хөндийн ордод өрөмдлөг хийж дууслаа. Одоо хараат бус компани бидний тогтоосон нөөцийг баталгаажуулах шатандаа явж байна. Баян хөндий бол 20-35 тонн алтны нөөцтэй орд гэж бид төсөөлж байгаа. Хоёр орд нийлээд 40-45 тонн алтны нөөцтэй байх боломжтой” гэж ярьж байжээ. Мөн "Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэ жинст суманд орших Баян-Хөндий алтны бүлэг ордын геологийн нөөц захын агуулгаар 1.4г/т бөгөөд 20.5 тонн алттай гэж тогтоогджээ. Уг нөөцийг NI-43101 стандартаар тогтоосон байна. Тухайлбал тус ордын тогтоогдсон нөөц 2.3 г/тн агууламжтай алтны нөөц 751 000 унци, харин таамаглаж буй 1.8 г/тн агуулгатай алтны нөөц 291 000 унци гэж тогтоожээ. Харин өндөр агууламжтай хэсгээрээ 3.7 г/тн агуулгатай 642 000 унци, 5.2 г/тн агуулгатай алтны нөөц 357 000 унци гэдгийг тогтоогоод байна" гэсэн мэдээлэл ч байх аж.

Үүнээс үзвэл, Баян хөндий нь үнэхээр “Асар том” гэдэг тодорхойлолтод нийцэхүйц орд байх боломжтой бололтой. Харин эндээс хувь эзэмших боломжоо эдэлж, ард түмэндээ үнэхээр хайртайгаа харуулах уу, хуулийнхаа заалтыг хүчингүй болгох уу гэдэг нь эрх баригчдын сонголт.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна