Засагт хариуцлага тооцож огцруулдаг Парламент байдаг болохоос Засаг огцрохоор тардаг Парламент гэж байхгүй

Х.Батсайхан
10 цаг 51 минутын өмнө

Одоогоос жилийн өмнө дөө. МАН доторх 30, 38-ын бүлгийн тэмцэл хурцдаж, нэг талаас Г.Занданшатарын Засгийн газарт, нөгөө талаас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хариуцлага тооцож огцруулах асуудал яригдахад УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Хоёуланг нь явуулна” гээд явуулж байж билээ.

Гэтэл Н.Учралын Засгийн газарт хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа энэ үед сөрөг хүчин АН-ын ЕНБД С.Баярцогт МАН-ын 38-ын бүлгийн гишүүдийн амнаас ганц нэг унаж сонсогдсон “Засгийн газар огцорвол УИХ тарна” гэсэн илт хууль бус байр суурийг тоть шиг давтаж байх юм. Бас өнцөг олох гэж бодсон бололтой “Засгийн газар гурван удаа огцорвол…” гэжээ.

УИХ бол Засгийн газарт үүрэг өгдөг, биелүүлж чадахгүй бол хариуцлага тооцож огцруулдаг субъект. Засгийн газар бол УИХ-ын тогтоол, шийдвэрээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг гүйцэтгэх дээд байгууллага. Үндсэн хууль болоод бусад хуульд Засгийн газрыг тэдэн удаа огцруулж болно, тэдээс дээш болохгүй гэсэн зүйл заалт байхгүй.

Ардчилсан нам буюу тухайн үеийн нэрээр МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл  1996 оны сонгуульд ялсныхаа дараа Засгийн газраа гурван удаа огцруулж, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, Ж.Наранцацралт гэсэн дөрвөн Ерөнхий сайдтай ажилласан байдаг.

Тэр үед УИХ тарсан уу. Үгүй. Учир нь, тийм хууль эрх зүйн боломж байхгүй. Хэрэв зээ Засгийн газар огцроход УИХ тарж байна гэвэл Засгийн газар нь УИХ-ын дээр сандайлжээ гэж ойлгож болох байх. Хэрвээ Парламент дахь сөрөг хүчний намын ЕНБД нь ийм үг хэлж байгаа бол Парламент сөрөг хүчингүй болсон гэж албан ёсоор зарласан нь дээр биз.

МАН дотроо хоёр хуваагдан нэг, нэгэн рүүгээ найтааж байгаа энэ үед Ардчилсан нам ханиад хүрэх маягтай, дарга О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж буруутган огцруулах асуудлыг хөндөж буй. Гэтэл жилийн өмнө О.Цогтгэрэл “Эрх баригч намын Засгийн газрыг огцруулна гэдэг сөрөг хүчний хувьд том амжилт байдаг юм аа” гэж зарлаж байгаад Засгийн газар, УИХ-ын дарга хоёрыг хоёуланг нь огцруулж, сөрөг хүчин ямар байдгийг яруу тодоор харуулсан.

Гэтэл С.Баярцогтын мэдэгдлээс харахад, О.Цогтгэрэлийг огцруулах гээд байгаа нөхдүүд харин МАН-тай Засгийн газрыг нь амь тавин хамгаалах, чадахгүй бол УИХ-ыг хууль бусаар огцруулах, тэр бүү хэл 2027 оны Ерөнхийлөгийн, 2028 оны УИХ-ын сонгуульд ялах боломжоо алдах хэмжээнд амь нэгтэй болсон юм биш үү гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

АН 1996-2000 онд гурван Засгийн газраа огцруулаад 2000 онд навс ялагдаж, тэрнээс хойш 12 жил толгой өндийгөөгүй. МАН 2024-2028 онд гурван Засгийн газраа огцруулбал бас л тийм зүйл болно. С.Баярцогт шиг стратегич, эдийн засагч, улс төрийн бодлогоч хүн ийм том боломжийг харахгүй болтлоо сохорсон гэвэл хэн ч итгэхгүй. Цаана лав намын байтугай ард түмний эрх ашгаас ч давсан том ашиг сонирхол байна гэж хардах хэмжээнд эрх баригчдыг өмөөрлөө.     



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна