-С.Бямбацогт төсөв биш, Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар Цэцийн хаалга татах магадлалтай-
МАН-ын арга барил нэг л явдаггүй ээ. ЕНБД Я.Содбаатар нь “Засгийн газрын эсрэг ажилласан хүнийг намаас хөөнө” гэж заналхийлээд намынхаа хуваагдлыг гүнзгийрүүлсэн. УИХ-ын чуулганы үйл ажиллагаа түүнийг ингэж хэлсний маргаашнаас шахам гацаанд орсон байдаг.
Гэтэл “Муу дээр муу, муухай дээр улцан” гэгчээр УИХ-ын дарга С.Бямбацогт гишүүдийг чуулгандаа суулгахын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг сануулж, Я.Содбаатарын “Өрөөсөн дугуй” гэдгээ харуулах юм.
УИХ-ын даргын хэлээд байгаа Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гэдэг нь Үндсэн хууль /26.1, 33.4/, бусад хуульд /УИХ-ын тухай хуулийн 36.3/ заасан эрх хэмжээ, хүрээ хязгаарыг зөрчсөн, ихээхэн маргаантай хуулийн төсөл гэдгийг хэлэх хэрэгтэй. Тайлбарлая.
Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-д “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заасан нь бий.
Харин хууль санаачлах хүрээ хязгаарыг нь УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлд бичсэн байдаг.
Хуулийн 36.3-т "Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтална" гэж тодорхойлон бичжээ. Үндсэн хуулийн 33.4-т харин "Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах" гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх мэдэл дээрхээр хязгаарлагдана.
УИХ-ын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1.1-д “Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах ба бусад хуулийн төслийг өргөн мэдүүлэх, Улсын Их Хурлаар хэлэлцэх, батлахдаа дагалдах хэлбэрээр Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийг өөрчлөхийг хориглоно” гэж заасан” бөгөөд Ерөнхийлөгчийн санаачилсан хууль “УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль” гэсэн нэртэй байгаа нь л Ерөнхийлөгч Үндсэн хууль, бусад хуульд заасан хүрээ хязгаарыг давсан болохыг шууд илэрхийлнэ.
Гэсэн ч өргөн барьж, УИХ-ын дарга С.Бямбацогт хүлээгээд авчихсан. Өөрөөр хэлбэл, яг одоогийн нөхцөл байдал бол Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж, УИХ түүнийг л үл мэдээч болж яваа. Энэ нь С.Бямбацогтыг Үндсэн хуулийн цэцийн хаалга татуулах “Төсвийн хууль хүлээж авсан” гэдгээс ч илүү бодитой үндэслэл юм.
Ерөнхийлөгчийн тухай хууль нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох агуулгатай. Энэ нь олон нийтийн санаанд нийцэж байгаа. Гэвч гол асуудал нь, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхийг сонгогчдод нь биш, харин есөн гишүүнтэй ҮХЦ, үсрээд 30 гаруй хүнтэй намын удирдлагад өгөхөөр заачихсанд оршино. Өөрөөр хэлбэл, ард түмний сонгосон гишүүнийг аар саар алдаанаас нь болоод хэдхэн хүн эгүүлэн татахаар сүрдүүлж заналхийлэх, улмаар сонгосон субъект болох сонгогчдын буюу ард түмний эсрэг ажиллуулах эрсдэл байна.
Хэрвээ С.Бямбацогт олигтой дарга байсан бол “Уучлаарай Ерөнхийлөгч өө, та энэ хуулийг санаачилж болохгүй юм байна аа. Харин таны санаачилсан хуульд орсон гишүүнд хариуцлага тооцох тухай заалтуудаас боломжтойг нь оруулсан хуулийн төслийг УИХ өөрөө санаачилья” гэж шууд хэлэх байв. Тэгээд Ерөнхийлөгчийн санаа бодлыг тусгасан, гэхдээ сонгосон гишүүнээ сонгосон субъект нь буюу сонгогчид өөрсдөө эгүүлж татах зохицуулалттай шинэ хууль яаралтай санаачлах байв.
УИХ-ын хараат бус байдлынхаа төлөө ингэж ч болтугай тэмцэж, институци хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгийн гол нь Үндсэн хууль, бусад хуулийг чандлан биелүүлэх үүргээ ухамсарлан Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг өөрөө буцааж, хариуцлагын механизмыг УИХ өөрөө бүрдүүлнэ гээд хууль санаачлах байв.
УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар ажлын хэсэг байгуулаагүй байгаа. Гэсэн ч С.Бямбацогт хүлээж авч бантан болгосон. Энэ бантангаа өөрөө мэдэж, санаа зовж байдаг болов уу гэтэл харин ч “Ерөнхийлөгчийн санаачилсан хууль байгаа шүү” гэж хэлж байгаа нь энэ хүн Парламентын хараат бус байдлыг хангаж ажиллаж чадахгүй, ард түмний эрх ашгийг бусад институцид булаалгаад дуусах хүн юм байна.
Нарийндаа, С.Бямбацогт Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хүлээж авснаараа л огцрох болзлоо хангасан. Гэтэл тэр хуулийг өөрөө гишүүдэд сануулж байгаа нь өөрийнхөө огцрох асуудлыг дахин сануулж байгаа хэрэг болж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна