Ж.Энхбаяр: "Хүнсний хувьсгал" хөтөлбөр хэрэгжиснээр үндэсний үйлдвэрүүд хөгжсөн

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 15 минутын өмнө

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Сонсголоор тус салбарт олгосон зээлүүд болон хөндөгдсөн асуудлаар УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Энэ хөтөлбөрийг УИХ баталсан. УИХ-ын баталсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан. Үүнд УИХ-ын дэргэдэх мэргэжлийн аудитын байгууллага хяналтаа тавьж, дүгнэлт гаргаж байгаа. Улстөрчид хянадаггүй.

Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн мэт ярьж байгаа нь учир дутагдалтай. Яагаад "Хүнсний хувьсгал" хөтөлбөрийг хийх шаардлагатай болсон бэ гэвэл, ковидын үед Монгол Улс хүнсний ноцтой хомсдолд орж эхэлсэн.

Ковид удаан үргэлжилсэн бол Монгол Улс картын барааны үе шиг нөхцөл байдалд орох байсан. Бид дотооддоо 19 нэр төрлийн хүнсийг үйлдвэрлэе гэдэг зорилт тавьсан. Энэ хүрээнд дээрх бодлого амжилттай хэрэгжсэн. Үүнийг хэрэгжүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдээрээ үнэхээр бахархдаг. Тэд олон нэр төрлийн барааг үйлдвэрлэж бий болгож чадсан хүмүүс.

Үндэсний үйлдвэрлэлээ босгож байж хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангаа өөд нь татна гэдгийг 30 жил будилж байж олж мэдлээ. Арьс, шир, сүлжмэл, хивс, дахин боловсруулалтын үйлдвэрүүдээ байгуулснаар ажлын байр үүсгэж, ард иргэдээ эх орондоо ажиллах бололцоотой болгоно. Энэ чинь бидний яриад байгаа "Цагаан алт" хөтөлбөр.

Энэ хөтөлбөр хэрэгжиж үндэсний үйлдвэрүүд босож ирсэн. Технологи, бүтээгдэхүүний нэр төрлүүд,  экспорт ч нэмэгдсэн. Ноолуурын тэргүүлэх хэдэн үйлдвэрүүдийг их зээл авсан гэж байна. Ноолуурын үйлдвэр зээл авахгүй бол өөр хэн авах юм. Энэ үйлдвэрээрээ дамжуулж малчдаас түүхий эдээ худалдаж авдаг.

Үүний үр дүнд үйлдвэрлэл эрчимжиж, боловсруулсан ноолуурын экспорт тав дахин өссөн. 

Монголбанк болон арилжааны банкуудын хамтын ажиллагааг онцгой анхаарах хэрэгтэй. Монголбанкны Ерөнхийлөгч болон арилжааны 10 банктай хамтран хөтөлбөр хэрэгжүүлсэн. Засгийн газар анх удаа зээлд оролцоогүй.

Сайд зээл өгсөн юм шиг яриад байгаа боловч нэг ч гэрээнд гарын үсэг зураагүй. Бүгд арилжааны банкууд. Эх үүсвэр, бодлоготой нь шилжүүлж өгсөн. Ноолуудын салбарын зорилго нь боловсруулалтын түвшинг ахиулах учраас шат бүртээ арилжааны банкуудтай хамтран ажилласан" гэлээ. 


 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна