Г.Батбаяр: Ялтан Амгаланбаатар Содномдаржааг алгадсаныг эрүүдэн шүүлт гэж хэлэхгүй


ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц нарын есөн хүний шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хурлын үеэр Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 
 
Тэрбээр, “Эрүүдэн шүүсэн гэх бичлэг дээр болж буй үйл явдал бол тагнуулын тагнан турших үйл ажиллагаа буюу гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ явагдсан. Нууц камер байршуулж, хамгаалагч оруулсан. Тагнан турших ажиллагаа явагдаж нэг нь нөгөөгөө алгадангуут, гүйж ороод, одоо болиорой гэж салгана гэх боломжгүй шүү дээ.

Шууд зод, балба гэсэн үүрэг даалгавар өгөөгүй. Ямар нэг байдлаар нотлогдохгүй. Ц.Амгаланбаатар хүн ялсан гэж яриад байхад, үнэн худлыг нь шалгах зорилготой л Б.Содномдаржаатай нүүрэлдүүлсэн шүү дээ. Тэгээд нэг алгадчихаж байгаа нь эрүүдэн шүүх биш. Хохирогч нарын ар гэрийг шүүх хуралдаанд оролцуулах ямар ч боломжгүй. Шүүх ажиллагаанд ямар этгээдүүд оролцох ёстойг зааж өгсөн хуулийн заалтаар түр хорооныхныг хүртэл оролцуулсангүй шүү дээ. Ажиглагч гэдэг статус байхгүй.

Ж.Батзандангийн яриад байгаа, 460 хоног зодсон энэ тэр шал худлаа. Байгаа бичлэг нь ердөө тэр юм. Хоригдлуудын хоорондоо зодолдож буй энэ үйлдлийг танхайрах, эрүүл мэндэд хохирол учруулах гэж л нэрлэнэ. Ялтан Амгаланбаатар Содномдаржааг алгадсаныг эрүүдэн шүүлт гэж тайлбарлах гээд байгаа нь буруу" гэв.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна