Наурыз баяраар золгохгүй байхыг уриаллаа

2020 оны 03 сарын 22

Казах түмний Хаврын баяр Наурыз өнөөдөр тохиож байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсантай холбоотойгоор улсын хэмжээнд олон нийтийн баяр тэмдэглэхгүй байхаар Засгийн газар, УОК-ын шийдвэр гарсан учраас энэ жилийн Наурыз баярыг тэмдэглэхгүйгээр өнгөрүүлж байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар казах түмэндээ хандаж Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэхийн зэрэгцээ "Золголт хийхгүй байх, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах"-ыг уриаллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээ:

Дэлхийн түүхэнд дархан алдартай Монгол хэмээх улс гэрийн бүрэн эрхт гишүүн казах түмэн, азай буурал Аксакалууд Та бүхэндээ Наурызын баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Дэлхий нийтэд тулгараад буй Covid-19 вирусийн энэ хүнд үед хамтын эв нэгдэл, сахилга бат, хүн бүрийн хувийн хариуцлага, ухамсраар эрсдэлийг бид бүхэн даван туулах болно. Бид хамтдаа чадна.

Халуун дулаан нарны улирал, үржил шимийн хавар цаг уудам Монгол оронд минь ирж байна. Наурыз бол Нарны баяр, бас Хаврын баяр билээ. Эх дэлхийг гийгүүлэн тэтгэгч алтан наран, мөнх хөх тэнгэрийнхээ дор Монголын казахуудын аж амьдрал урин хаврын адил дэлгэр тэнүүн байх болтугай.

Ассалам алейкум.

Наурыз бол Нэгдсэн Үндэстний Байгууллагаас албан ёсоор зарлан тунхагласан нийт хүн төрөлхтний баяр юм. Тиймээс Монгол Улсад энэ өдрийг казах түмний өв соёлыг хүндэтгэн дээдлэх, түгээн хөгжүүлэх, удам хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн утгаар ёслон тэмдэглэсээр ирсэн билээ.

Дэлхий даяар тархан суурьшсан олон сая казахчуудын дотроос Монголын казахууд үндэстнийхээ түүх, өв соёл, зан заншлыг хамгийн эрхэм сайнаар хадгалан үлдэж, тээн хөгжүүлж яваа хэмээх дүгнэлтийг эрдэмтэн судлаачид гаргасан байдгаар бид бахархдаг.

Манай казах иргэд улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалт, хөдөлмөрийн талбарт, урлаг соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, спортын гээд бүхий л салбарт амжилт бүтээл дүүрэн, алдар гавьяагаа дуурсгасаар байдагт Монголын төр, засаг, түмэн олон ямагт гүн хүндэтгэлтэй ханддагийг баярын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Улс орон, түүний дотор казах иргэдийн дийлэнх олонх нь амьдран суудаг Баян-Өлгий аймгийг хөгжүүлэх, казах түмний амьдралын чанарыг дээшлүүлэх, шударга ёс, хариуцлагын тогтолцоонд суурилсан, иргэнээ дээдэлсэн төрийг төлөвшүүлэх, ардчилал, хүний эрхийг дээдлэх төр, засгийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх оролцоо нэн чухал гэдгийг баярын энэ өдөр тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

Казах үндэстний түүх соёл, зан заншлыг дархлан хамгаалах, эх хэлээрээ сурах, харилцах, мэдээлэл авах, үндэсний шашнаа шүтэх, ялгаварлан тусгаарлагдахгүй байх зэрэг эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох асуудалд хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурал ямагт онцгой анхаарсаар байх болно.

Эрхэм хүндэт казах иргэд ээ,

Энэ жилийн наурызын баяр Монголыг төдийгүй дэлхий дахиныг түгшээсэн халдварт өвчин голомтлон тархсан амаргүй цаг үед тохиож байна. Тиймээс саяхан тэмдэглэсэн Цагаан сарынхаа адил зөвхөн өрх бүлийнхээ хүрээнд ёсоо ёсолж, аксакал буурал, ахан дүүсийнхээ амар мэндийг айлтган золгох зан үйлдээ технологийн дэвшил ашиглахыг уриалж байгааг минь хүлээн авна уу.

Уламжлалт баяраа угтан золгох сайхан өдрүүдийн ерөөл билиг дүүрэн, домбороо эгшиглүүлж, айтысаа дуурсгаж, амар жаргалтай сайхан тэмдэглээрэй.

Наурыз мейрамы хутты болсын

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 

2020 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот.

 

Монгол улсын Ерөнхий сайд, Монгол ардын намын дарга У.Хүрэлсүхийн мэндчилгээ:

Урин цагийн эхлэл, казах түмний түүхэн уламжлалт Наурыз баярын мэндчилгээг нийт казах иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Жилдээ ганц тохиох энэ өдөр бол хүн бүр өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм.

Дэлхийг нөмөрсөн аюулт вирусийг дарахын тулд иргэн бүр хариуцлагатай байж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг баярын энэ өдөр дахин уриалж байна.

Та бүхний ажил, амьдрал ямагт өөдрөг байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, буян заяа тань зүйл бүрээр өрнөн дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхий сайд,

Монгол ардын намын дарга У.Хүрэлсүх

 

Баян-Өлгий аймгийн Засаг даргын мэндчилгээ:

Сайн байцгаана уу ? Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ !
Монгол улсын өнцөг булан бүрт амьдран суугаа казах ахан дүүсээ !

Та бүхэнд Хаврын баяр- Наурызын баярын халуун мэндийг хүргэе !

Дэлхий даяар коронавирусийн аюул нүүрлэсэн энэ цаг үед Та бид болзошгүй өвчний аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжээ дээшлүүлэх нь маш чухал тул энэхүү аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаргасан төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгэн, хариуцлагаа ухамсарлаж, гэр бүл, ойр дотны хайртай хүмүүсийн эрүүл мэндийн төлөө “Наурыз”-ын баяраа золголт хийхгүйгээр, гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Хүн бүр эрүүл саруул, айл бүхэн өнөр өтгөн, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Хүндэтгэсэн:

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АЙПЫН ГЫЛЫМХАН

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 22
202.126.89.217
Моү

Хасагууд гэртээ л байлдаа.Өвчин тараасан байвал дэмий шүү