Б.Батлхагва: Төр ингэж дэмжээгүй бол газрын эрх авахаас эхлээд бидний ажил урагшлахгүй байлаа

С.Батзаяа
51 минутын өмнө

Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, нээлттэй аукционыг цуврал байдлаар багцлаад зарлаж байгаа. Үүний нэгээр шалгарсан “Монхорус интернэйшнл” ХХК-ийн тэргүүн дэд захирал Б.Батлхагваас дараах тодруулгыг авлаа.

Тэрбээр "Засгийн газраас шинэ байршлуудад сэргээгдэх эрчим хүчний аукцион /сонгон шалгаруулалт/ зарлахаар шийдвэрлэсний дараа өөрсдөө аукционоо зарлаад өвлийн их ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахыг зорьж байна.

Аукционоо өөрсдөө зарласан учраас төртэй холбоотой зөвшөөрөл бичиг цаасны хувьд түүхэнд баймгүй том дэмжлэг болж байна. Товчхондоо ямар ч газар хүсэлт гаргахад ганцхан хоногийн дотор хариу нь шийдэгдэж байгаа нь энэ төсөл хурдан явагдах түлхэц болж байна. Төр ингэж дэмжээгүй бол газрын эрх авахаас эхлээд бидний ажил урагшлахгүй байлаа.

Манайх зургадугаар сарын сүүлээр аукционд орсон. Тухайн үедээ аукционы хамгийн доод үнийн дүнг төлж шалгарсан. Үүний дараа долоодугаар сарын 1-ний өдөр гэрээгээ үзэглэж, наадмаас өмнө ихэнх том тоног төхөөрөмжийнхөө худалдан авалтыг хийж амжсан. Талбайд материалтай байж ажил эхлэх учраас Монголоосоо суурь бетон болон зарим зүйлсээ авсан байгаа.

Өнөөдрийн байдлаар 110-ын шугамын угсралтын ажил дууссан. 35 киловаттын шугамыг суурилуулж, үүнээсээ түр тэжээлийн дэд станцаа байгуулсан. Өвлийн хүйтнээс өмнө байнгын цахилгаан хангамжтай боллоо.

Дэд станцын хувьд захиалгаар ирсэн аянга хамгаалалтын шон, шугамуудаа бүгдийг нь босгосон. Одоо тоног төхөөрөмжийн суурийн ажлууд хийгдэж байгаа. Үүний дараа бэлтгэл ажил хангаж эхэлнэ" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна