Х.Баасанжаргал: Чуулганд суухгүй байх нь ард түмний мөнгийг хамгаалах арга болж байна

Т.Отгонсувд
48 минутын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдаад багагүй хугацааг өнгөрүүлж байна. 

2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3,6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох талаар эксел файл задарч энэ талаар УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралд асуулт асууснаар эл асуудал олон нийтийн анхааралд орсон. 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайд уг асуудлыг тайлбарлахдаа УИХ-ын зарим гишүүд буруу тайлбарлаж, Засгийн газрын эсрэг ажиллаж, "ТҮГЖИЛ"-дэж байна хэмээн мэдээлэл хийсэн. 

Улмаар МАН-ын 30-ын бүлэг түүний энэ үйлдлийг буруушаан уучлалт гуйтал УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдаа суухгүй хэмээсэн. 

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өөрийн цахим хуудастаа УИХ-ын гишүүдийн чатыг дэлгэж, байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "УИХ төсөвт хяналт тавих бүрэн эрхээ бодитой хэрэгжүүлж чадаж байна уу. Гишүүд яагаад чуулгандаа суухгүй байгаа вэ? гэсэн асуултад хариулья.

Үүний тулд өнгөрсөн хэд хоногийн хугацаанд болсон явдлыг тодорхой баримтад тулгуурлан эргэн санаж байж энэ бүхний “жинхэнэ” хариултыг мэднэ.

Тухайн үед төсвийн задаргааны 3 төрлийн баримтыг Сангийн яамнаас шаардсаны дагуу тус яамнаас ирүүлсэн мэдээллийг Байнгын хорооны референт оруулсан /баримтыг анх хэн, хаанаас оруулсныг доорх баримтаас харна уу/ байдаг. Энэ баримт нь нөгөө маргаан бүхий хувийн 5 сургуульд 12 тэрбум төгрөг өгөхөөр төлөвлөсөн баримт юм.

Жил бүрийн төсөв хэлэлцэхэд яг ийм файлыг гишүүдэд вайбараар тараадаг бөгөөд Сангийн яамнаас ирсэн файл гэж хэлсэн учраас бид үнэн, худлыг нь шалгах шаардлагагүй. Тэд ч худал мэдээлэл өгөх ёсгүй.

Монголын бүх сургуульд, бүх хүүхдийн боловсролд зарцуулах ёстой мөнгийг хэдхэн хувийн сургуульд өгөхөөр төсвийн тодотголд хавчуулан оруулж ирсэн “НО”-г гишүүд илрүүлсэн.

УИХ бол алдаатай, буруу төсвийг хянаж, алдааг нь засч байх үүрэгтэй. Яагаад гэвэл гишүүд ард түмнээс сонгогдсон төлөөлөл учраас татвараар цугларсан /төрийн мөнгө гэж байхгүй/ мөнгийг Монголын бүх иргэн, улсын хөгжлийн төлөө ЗГ зарцуулж байгааг хянаж, төсвийг баталдаг.
Хэрэв энэ мэт төсвөөр халхавчилсан “хувийн төсвийг” гишүүд анхаарахгүй эсвэл харсан ч хараагүй мэт баталбал “УИХ-ын гараар Засгийн газар могой бариулсан” хэрэг болно.

Засгийн газраас тэтгэвэр, цалин нэмэх гэхээр “30-нхан” “Ардчилсан нам” төсөв батлахгүй байна гэж байгаа ч иргэдийн нэрийг барьж хувийн төсвөө хамт батлуулахаар гишүүдийг дарамталж байна. Ийм учраас чуулганд суухгүй /ирц бүрдүүлэхгүй/ байх нь ард түмний мөнгийг хамгаалах арга болж байна. Хэрэв ирц бүрдэж, чуулган эхэлбэл олонхиор хүч түрэн НО-той төсөв батлах нь илэрхий байгаа.

“Буруу” файл оруулсан гэх өдрөөс хойш 19 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл энэ 50,000,000,000 төгрөгийн задаргааг өгч мэтгэлцээн өрнүүлэхгүй, харин асуудлыг өөр тийш нь эргүүлж, иргэдийг төөрөгдүүлсээр байна" гэжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна