Л.Энх-Амгалан: Боловсролын аяныг зохион, шилдэг саналуудыг урамшуулж, бодитой ажил хэрэг болгоно


"Боловсрол, шинжлэх ухааны шинэчлэлд оруулах миний санал" аяныг зохион байгуулж, шилдэг саналуудыг урамшуулж, бодитой ажил хэрэг болгоно хэмээн УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа, "Өглөө цахим хаягаа шалгатал Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сурагчдаас захидал иржээ. Төрийн, хувийн хамаагүй үйлчилгээ үзүүлж байгаа бол, бүтээгдэхүүн нийлүүлж байгаа л бол хэрэглэгчийнхээ санал бодлыг тусгаж, тэдний сэтгэлд нийцсэн байх зарчмыг баримтлах ёстой. Хамгийн том хэрэглэгч бол хүүхдүүд, сурагчид, эцэг эхчүүд юм.

Би сайдын ажлыг аваад 21 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийх ёстой чиглэлээ тодорхойлж чадсан. Уулзалтууд, сошиал орчинд өөрийн бодлоо илэрхийлж энэ дагуу маш олон саналууд над дээр иржээ. Миний албан ёсны пэйж хуудаст ирсэн санал бүрийг ялгаж ангилна. Ажилдаа тусгана. Миний хамгийн сайн зөвлөхийн орон зайг энэ саналууд эзэлж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна.

To: Enkh-Amgalan Luvsantseren
Subject: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум ЕБС-ийн сурагчаас

•Сайн байна уу ? Таньд энэ цаг мөчийн мэнд хүргэе. Цаг зав багатай энэ үед хэлэх гэсэн санаагаа товч тодорхой хэлье.

1. Бүх дүүрэг , хороолол , аймаг , сум дундынхаа замыг бүсчилж хаагаад танхимын хичээлээ эхлүүлэх нь зөв юм шиг санагдаж байна. Удаан хугацаанд теле хичээл хийх байдлаар байвал бүрэн мэдлэг боловсрол, эрүүл мэнд, нойроо авч чадахгүй бололтой.

2. Багш нарын болон удирдлагуудын чавдар харилцаа хандлагад сурагчид биднээс илүү анхаарал хандуулъя. Сургуульд ажиллаж байгаа багш удирдлага ажилчид хандлага сайтай байхад хүүхдүүд аандаа сургуульдаа дуртай сурах хүсэл ихтэй болоод ирнэ.

Хүүхдийн үзэл бодлыг үл хүндэтгэхгүй доромжлох, ялгаварлан, гадуурхах чимхэх цохих ... зэрэг үйлдүүд дээр нийтдээ гурван удаа сануулга өгөөд тэгээд сольдог эсвэл тухайн багшийг ёс зүйн сургалтад хамрагдуулая. Олон удаа хамрагдахыг ямар ч багш хүсэхгүй.

3. Сумдынхаа сургуулиудын үндэсний хөгжмийн хэрэгцээг хангалттай болгоё. Дүү нартаа ах эгч нартаа өөрийнхөө мэддэг чаддагийг зааж өгөх гэхээр хөгжмийн хүрэлцээ маш муу. Үүнийг шийдье.

—-Энэ хүртэл уншсан танд баярлалаа. Өөр олон асуудал мэдээж байгаа. Гэхдээ энэ 3-н асуудлыг эхний удаад танд уламжилмаар санагдлаа—-

Үнэтэй санал ирүүлсэн эрхэм дүү нартаа баярлалаа. Ах нь дүү нарынхаа саналыг ажил хэрэг болгоно.

Миний зүгээс СӨБ, Бага, дунд боловсрол, Их, дээд сургуулийн шинэчлэл, Мэргэжлийн боловсролын асуудлууд, Багшийн үнэлэмж, ур чадварт үндэслэсэн цалин урамшууллын тогтолцоо, Цахим боловсролын үйлчилгээ, Сурах бичгийн агуулга, чанар, Тендер бүр нээлттэй, ил тод, авилгаас ангид байх, Боловсрол, шинжлэх ухааны засаглал, Санхүүжилт, Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үр ашиг, засаглал, санхүүжилт, Инноваци гэсэн шинэчлэл хийх шаардлагатай сэдэв бүрээр санал авах программ ажиллуулъя.

БШУЯ-ны гэрээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдээ ажлын хэсэг болгож дээрх салбар бүр дээр ирсэн санал бүрийг эрэмбэлүүлье.

“БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ШИНЭЧЛЭЛД ОРУУЛАХ МИНИЙ САНАЛ” нэрийн доор энэ ажлыг зохион байгуулъя. Яамны баг бид саналын багцтай 7 хоног бүрийн амралтын өдрүүдэд танилцаад шилдэг саналуудыг бодитой ажил хэрэг болгоё. Шардлагатай бол шилдэг саналуудыг би хувиасаа шагнаж урамшуулая.

Сошиал санал асуулга хөөстэй, талцуулах магадлал ихтэй байх үндэстэй. Тиймээс яамныхаа албан ёсны сайт, пэйж хуудсыг эргэлтэд оруулъя. Мэдээ мэдээллээс гадна санал авдаг гол цэгээ болговол үр дүнтэй болох байхаа хэмээн тунгааж байна" хэмээн нийтэлжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.