Ж.Мядагбадам: Би Х.Нямбаатараас газар аваагүй

Х.Есү
47 минутын өмнө

Иргэн Г.Уянгын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан Эгүүр.мн сайтын эрхлэгч Ж.Мядагбадам мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Аравдугаар сарын 12-ны өдөр иргэн Г.Уянга "Хотын дарга асан Х.Нямбаатар захирамж гарган иргэн Ж.Мядагбадамд нэг өдөр найман газар олгосон. Үүнээс үүдээд Туулын хурдны замыг эсэргүүцэх ажил дээр "Эгүүр" эс үйлдэхүй үзүүлсэн" гэх утга агуулга бүхий мэдээллийг олон нийтэд түгээсэн.

Өнгөрсөн даваа гарагт эхэлсэн энэ сошиал хөөс намдахгүй байсан ч би хуулийн хүрээнд хандахаар харзнаж байсан. Хотын дарга асан Х.Нямбаатараас авсан зүйл байхгүй тул Иргэний хэргийн шүүхэд нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Мөнгөн хохирол нэхэмжлээгүй, иргэн Г.Уянгаас мэдээлэл түгээсэн хэлбэрээрээ албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байгаа.

Олон нийтэд мэдээлсэн газар нь иргэн Ж.Мядагбадамын 13 жилийн эзэмших эрхийн гэрчилгээтэй газар байгаа юм. 

2012 онд анх салхинд гарч явахдаа энэ газрыг олж харж, модон хайс, дугуй зоож хөөцөлдсөөр 2018 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар Монгол Улсын иргэний газар эзэмших эрхийн дагуу нэг газар авсан. Үүний дараа тойроод Баян-Өлгий аймгийн харьяатай зургаан ах дүүсийн хоёрынх нь эзэмшилд газар байсан. Би тэнд гэр барьж, мод тарьж эхэлсэн бөгөөд 2020 оноос хойш тухайн иргэдтэй уулзан худалдаж авах санал тавьсан ч зөвшөөрдөггүй байв. Ингээд 2024 оноос хойш нэг нэгээр нь худалдан авах процесс эхэлсэн. Арын хоёр газрыг нь мод тарих зорилгоор нэмж худалдаж авсан. 

Ингэж 2025 оны сүүл хүртэл иргэдтэй уулзах, хянан баталгаа хийлгэх, татвар төлөх зэрэг процесс хоёр жил орчим үргэлжилсэн. 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлээр бүх бичиг баримтаа нэгтгэн өгснөөр захирамж нь 2026 оны нэгдүгээр сард зэрэг гарч таарсан. Үүнийг нийгэмд "нэг өдөр найман газар авсан" мэтээр буруугаар мушгин ойлгууллаа.

Эдгээр найман газар нь 2005-2023 оны хооронд арав гаруй хүн дамжсан газар байсан. Би дүүргийн Газрын албанд очиж, татвараа төлөөд хуулийн дагуу эрхээ шилжүүлж авсан. Иргэн хүнийхээ хувиар нэр дээрээ хууль ёсоор авсан. Нийтдээ нэг газрыг 1.5-20 сая төгрөгөөр, нийт 100 орчим сая төгрөгөөр цуглуулж худалдаж авсан. 

Иргэн н.Хүчитбаатарт хамаарах тэр газрууд нь бид шүүхийн байгууллагаар орж, гэрлэлтээ цуцлуулснаас хойш тухайн иргэнд үүссэн өмчийн мэдээлэл. Би иргэн Г.Уянгыг мэдээлэл хийсний дараа л тийм газруудтайг нь мэдсэн. 

Туулын хурдны замыг сэтгүүлчийн хувьд баригдаасай гэж бодож дэмжсэн. Хотын түгжрэл 30 хувиар буурч, замууд өргөн урсгалтай болно гэдэг үүднээс л байр сууриа илэрхийлсэн. Гэтэл нийгэмд "дэмжсэн нь мэргэжлийн бус, эсэргүүцсэн нь мэргэжлийн" гэсэн зохиомол тодотгол үүсгэчихсэн. Үүгээр дамжуулан Х.Нямбаатартай хаалтын гэрээ хийсэн зүйл огт байхгүй. 

Монголд хүн хөдөлмөрлөж, аж ахуйч байж чадвал 5-10 саяар газар аваад арчлаад явах бүрэн боломжтой. Би газраа хөдөлмөрөөрөө тордож, мод тарьж ирсэн. Шүүхийн байгууллагаар нэр төрөө сэргээлгэж, үнэн мөнийг тогтооно" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна