Зүүн Европт дэгдсэн “Ардчиллын салхи” түр зуурынх болж хувирав уу...

Zuv.mn
36 минутын өмнө

-Д.Трамп, В.Путины хамтрал юунд хүргэх вэ- 

Д.Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртэл Украины дайныг олонх “Системийн дайн” буюу АНУ, Европын холбоо тэргүүтэй капиталистууд ЗХУ буюу коммунизмын үлдэгдэл ОХУ-ыг нэгмөсөн дарж авах оролдлого гэж харж байсан билээ. Тэд Киевт Москватай яриа хэлэлцээр хийхийн оронд дайтахыг ятгаж, байдлыг нь улам муутгахдаа тууштай дэмжиж байгаагаа ч харуулж чадсан нь хүн төрөлхтөнд “Дэлхийн III дайн зайлшгүй юм байна” гэсэн сэтгэгдэл төрүүлж, бүгд битүү айдаст автаж байлаа.

Яг үнэндээ бол “ОХУ-тай цөмийн дайн хийж нэгийгээ үзэх”, эс бөгөөс харилцаагаа түр зөөллөөд “Ам.долларын олон жилийн ноёрхлоор босгосон хүчирхэг эдийн засаг, үүцэлж зөөрлөсөн байгалийн нөөц баялагтаа дулдуйдан яг одоогийн байдлаараа явбал алсдаа дийлдэхгүй хүчээр өндийн босож ирэх нь тодорхой болсон БНХАУ-ыг сулруулах” гэсэн хоёр сонголт АНУ-д байсан. Д.Трамп хоёр дахь сонголтыг хийсэн бөгөөд түүний үг, үйлдэл бүхнээс “ОХУ-д аюулгүй байдлын тал дээр буулт хийж Украины дайныг зогсоогоод БНХАУ-ыг бушуухан “хазаарлах” гэж адгаж байгаа нь илт мэдэгдэж байна.

“Хулан наадахад хулгана сүйддэг” гэдэг шиг, их гүрнүүдийн тохиролцоонд жижиг улсууд үрэгдэж зовдог. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ, ЗХУ шинэ дэг журам тогтооход Герман, Солонгос, Вьетнам зэрэг улс хоёр хуваагдаж, олон ч улс эчнээ дайны шатрын хүү болж хохирсон. Энэ удаа ч АНУ, ОХУ-ын удирдагчдын хамтрал хэр хол явахаас, бүр тодруулбал Д.Трамп хэдий хэмжээнд буулт хийхээс  шалтгаалаад улс орнуудад улс төрийн дэглэм өөрчлөгдөх хүртэл ялгаатай нөхцөл байдлууд үүсэж болзошгүй байна.     

Д.Трампын БНХАУ-ыг “хазаарлах” хүслийн золиос нь Зүүн Европын улсуудын ардчилагчид уу

Олон улсыг хамарсан  механизмын ихэнхийг аж үйлдвэрийн хувьсгалыг эхэлж хийж, бусдаасаа түрүүлээд мөнгө төгрөгтэй болсон хэдхэн улс бусдыгаа тогтоон барих, хянах, эрх ашгаа тулган хүлээлгэхийн тулд бодож олсон байдаг билээ. Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын валютын сан тэргүүтэй олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд, зэрэглэл тогтоогч агентлагууд, тэр бүү хэл ногоон эрчим хүч, эдийн засагт уриалсан олныг хамарсан хөдөлгөөний ард ч колоничлох санаархал явж л байдаг.

Дэлхийн худалдааны байгууллага бол техник технологийн хөгжилдөө дулдуйдан хямд өртгөөр өндөр чанартай бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэх чадалтай болсон АНУ /Европ/ бусдыгаа эрхшээлдээ оруулж захирахаар бодож олсон систем бөгөөд гишүүн орон тус бүр импортын татвараа бууруулах, цаашид өсгөхгүй байх дээд хязгаарыг тогтоосон үүрэг амлалт авдаг онцлогтой. Мөн дотоодод үйлдвэрлэдэг ижил төрлийн үйлдвэрлэлийг дэмжихдээ зөвхөн тарифын зарчмыг баримтлах бөгөөд импортын татварыг 20 хүртэл нэмэхээс өөрөөр дотоодын зах зээлээ хамгаалах арга байдаггүй. Өндөр технологитой улс энэ 20 хувийн барьерыг амархан давдаг тул буурай улсууд хөгжлөө хязгаарлуулдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд БНХАУ энэ 20-иас ч илүү хямд өртгөөр бараагаа үйлдвэрлэж, механизмыг өөртөө ашигтай эргүүлсэн нь АНУ-ыг БНХАУ-тай харилцан ашигтай ажиллах худалдааны шинэ механизмыг бодож олох зайлшгүй шаардлагыг үүсгэсэн юм.

Малтмал түлшийг хориглох замаар улс орнуудыг эрчим хүчээр нь хясан боож, өөрсдөд нь л байдаг өндөр технологийн сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжөө нийлүүлэн хөгжлийг нь тогтоон барих аргыг 2010 он буюу Б.Обамагийн үед сэдсэн ч энэ нь бас БНХАУ-д ашигтай болж хувирчээ. Өөрөөр хэлбэл БНХАУ АНУ-ын бодож олсон тогтоон барих хоёр том механизмыг ердөө 15 жилийн хугацаанд давж гарснаараа “ОХУ-ыг сулруулахаас илүү БНХАУ-ыг тогтоон барих нь өлзийтэй” гэсэн бодлыг Д.Трампад төрүүлсэн. Хэдий ам.долларын ноёрхол хэвээрээ, эдийн засгийн багтаамж үлэмж давуу янзаараа ч цаг хугацаа өнгөрөх тусам оройтох эрсдэлтэй учир өдгөө Д.Трамп БНХАУ-ыг тогтоон барихыг илүүд үзэж, ийнхүү ОХУ-тай хэлэлцээр эхлүүлж байна.     

Эдүгээ хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Гүрж, социалист Югославын бүрэлдэхүүнд байсан Серб зэрэг улсад жагсаал цуглаанууд өрнөж байна. Шалтгаан нь ялгаатай ч эдгээр жагсаалууд бүгд цаанаа сүүлийн 30 жил амьдарч, амьсгалсан “Ардчилал”-аа үгүй болчих вий гэх зовинолоос үүдэлтэй байгаа юм.

2003 онд “Сарнайн хувьсгал”-аар ардчилалд орсон Гүрж улсын 2012 оны Парламентын сонгуульд гүрж гаралтай Оросын бизнесмэн Бидзин Иванишвилигийн үүсгэн байгуулсан “Гүржийн мөрөөдөл” нам ялалт байгуулсан. Үүнээс хойш тус нам тасралтгүй засаглаж байгаа бөгөөд оны өмнө Европын холбоотой адилсах процесс /Евро интеграци/ эхлүүлэхийг 2028 он хүртэл царцааж, санхүүжилтийнхээ 20-иос дээш хувийг гаднын улсаас авсан ТББ-ыг гаднын агент гэж тооцох хуулийн төсөл баталсан тул иргэд нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй.


“Оросын талыг баримтлагч”, “В.Путины хуурай дүү” гэх хочтой Александр Вучич Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа Серб улсад 2024 оны арваннэгдүгээр сараас хойш эсэргүүцэл өрнөж байгаа бөгөөд шалтгаан нь гүүр нурж, 15 хүн амь насаа алдсан гэж буй ч жагсагчид нь оюутнууд, зорилго нь “Ардчиллыг бэхжүүлэх” гэж байна.

Румынд Социал-демократ нам, Үндэсний либерал нам, Румыний Ардчилсан венгрүүдийн зөвлөл /Демократический союз венгров Румынии/ гэсэн ардчилсан, Европын талыг баримтлагч гурван намын эвсэл төрийн эрхийг барьж буй ч коммунистуудын дуу чангарсаар. Ардчилагчид ч хэрэндээ болох, болохгүй аргаар тэмцэж байна.

2024 оны арваннэгдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатанд Оросын талыг тууштай баримтлагч Кэлин Жоржеску ялалт байгуулсан ч ОХУ-ын нөлөө орсон хэмээн хүчингүй болгосон. Улмаар эрх баригч гурван намаас Крина Антонеску гэгчийг нэр дэвшүүлэхээр болж, оросын талыг баримтлагч хоёр ч улстөрчийг шалтаг хэлэн сонгуульд өрсөлдөх боломжгүй гэж зарлажээ. Гэвч энэ нь оросын талыг баримтлагчдын тоог өсгөхөөс хэтрэхгүй бололтой. Дарангуйлагч Николаэ Чаушескугийн хүргэн Дээд шүүхэд хандан хадам аав, хадам ээжийгээ цагаатгахыг хүссэн нь цаг үе нааштай эргэсэн гэх мэдрэмж төрсөнтэй холбоотой нь тодорхой.

Хуучин социалист байсан, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан боловч сүүлд арчилалд шилжсэн улс оронд ийнхүү ардчиллаа авч үлдэх гэсэн зорилготой жагсаал хөдөлгөөн гарч, санаа зовоостой байдаг. Гэтэл гүн орох тусам гарахад төдийчинээ зовдог хар тамхитай ижил ардчиллыг хүчээр импортолж өгсөн АНУ гаргуунд нь хаяхаар В.Путинтай наймаалцах гэж байна.

 В.Путин Д.Трампад гал бүрэн зогсоох нөхцлийн талаар “Талуудын хүчин чармайлтын үр дүнд тогтох энх тайван байдал нь тогтвортой буюу урт настай байх ёстой, үүний тулд асуудлыг иж бүрэн, цогцоор нь авч үзэж, суурь шалтгаануудыг шийдвэрлэх шаардлагатай. Хямралын үндсэн шалтгааныг арилгах туйлын хэрэгцээ, аюулгүй байдлын салбарт Оросын хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстой” гээд хэлчихсэнтэй нь холбоотой юм.

Энэ нь шууд утгаараа “УАЦЭ-ийг Дорно зүг тэлэх бодлогоо зогсоо” гэсэн үг бөгөөд АНУ-ын тууштай дэмжлэг, санхүүжилт үгүй болсон тохиолдолд эвсэл хүссэн хүсээгүй суларч, хар аяндаа Баруун Европ руу хумигдаж, аюулгүй байдлын салбарт ОХУ-ын ашиг сонирхол хангагдана.

Өөрөөр хэлбэл, эргэн тойрны буюу хуучин коммунист байгаад ардчилсан тогтолцоонд шилжсэн улс орнууд, ЗХУ-ын харъяанд байгаагүй ч хуучин социалист гэгдэж асан улсууд эвслээс шахагдаж гарна гэсэн үг. Энэ нь улс төрийн дэглэм солигдож, ардчилал, либерализмыг дэмжигчдийн дуу хоолой бүдгэрэн ага болохын дохио мөн. Яагаад ардчилал үгүй болох вэ гэвэл, солих загвар нь хэдийнэ бэлэн болсонтой холбоотой юм.

Төрийн оролцоотой зэх зээл гэх дарангуйлалын тогтолцоо өргөжих эрсдэл

В.Путин 2021 оны аравдугаар сарын 21-нд болсон Валдайн уулзалт дээр “Өнөөдрийн дийлэнх улс орнуудын нийгмийн бүтцийн үндэс болсон капитализмын загварын нөөц бололцоо шавхагдаж, гарах гарцгүй болсон. Бидэнтэй одоо тулгараад байгаа капитализмын хямрал бол үзэл баримтлалын, тэр байтугай соёл иргэншлийн хямрал, дэлхий дээр хүн төрөлхтний оршин тогтнох зарчмын хямрал юм" гэж хэлсэн бөгөөд түүний энэ мэдэгдэл Оросын төдийгүй ойр, орчных нь улсуудын ирээдүйг тодорхойлоход чухал ач холбогдолтой болж магадгүй байна.

В.Путин капитализмыг сонгохгүй бол өөр юуг сонгох вэ. Социализм уу. Үгүй. Харин ардчилал, коммунизмбын хэв шинжийн аль алиныг нь хадгалсан төрийн оролцоотой зах зээл гэх дарангуйллын тогтолцоог оруулж ирэх нь бараг ойлгомжтой болоод байна.

БНХАУ-ын гэнэтийн хүчирхэгжилт, үсрэнгүй хөгжил эдүгээ олон улсын анхаарлыг татаж, авч хэрэгжүүлэхээр оролдож байгаа, судалж байгаа улсууд жилээс жилд нэмэгдэж байгаа.

Социалист блокийн орнуудаас тогтолцоогоо хадгалж үлдсэн цөөн орны нэг Куба жишээ нь, 2018 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ардчилсан шинжтэй шинэ Үндсэн хууль баталж, түүндээ хувийн өмчийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, коммунизм байгуулахаас татгалзах, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалыг бий болгох, төрийн дээд албан тушаалуудад байх хугацааг таван жилээр хязгаарлах зэрэг дэвшилтэт өөрчлөлтүүд оруулсан юм. Тэр ч бүү хэл ардчилсан тогтолцоотой зарим улсад хүртэл одоо ч байхгүй ижил хүйстний гэрлэлтийг хүртэл хүлээн зөвшөөрсөн хэр нь төрийн социалист шинж чанар болон Коммунист намын нийгэмд гүйцэтгэх үндсэн үүргийн талаарх заалтуудыг хэвээр үлдээжээ. Ингэснээр Куба нь цаашдаа БНХАУ-ын төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засгийг хамгийн зөв зөв зүйтэй хэмээн сонгож авсан тодорхой болсон юм.

Зах зээлийн эдийн засагтай мэт боловч ноёлогч анги, номенклатур давхаргын эрх мэдэл хэвээр, үйлдвэр аж ахуйн газруудыг тэдгээр хүрээллийнхэн хуваан захирах явдал түгээмэл байдаг ийм загвар ирээдүйд олон оронд нутагшиж тун магадгүй.

Харин БНХАУ-ын тухайд, АНУ үйлдвэрүүдээ буцааж татсанаар экспорт буурч, дагасан эдийн засагтай улсууд нь бүсээ чангалах эрсдэл хүлээж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна