​Тойрогт өрсөлдөхөөс айж, намын жагсаалтад шургасан Л.Гантөмөр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэв үү

С.Батзаяа
1 цаг 22 минутын өмнө

Ерөнхийлөгчийн сонгуульд хаяанд иржээ. Ердөө хэдхэн сарын дараа манай улс Төрийн тэргүүний сонгуулиа хийж, тусгаар улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг, зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа сонгоно. Судалгаагаар намуудын рейтинг тааруу гарч, улс төрийн нам гэхээсээ хүнийг нь харж сонголтоо хийх прогноз гарчээ.

Ийм үед хэнийг нэр дэвшүүлэхээ намууд дотоод сунгаа явуулна, ард түмнээсээ асууна гэх маягтай мэдэгдэл, мэдээлэл удирдлагууд нь хэлчихээд байгаа. Эрх баригч намын генсек Я.Содбаатар энэ талаар өнгөрсөн хавар хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн бол сөрөг хүчний дарга О.Цогтгэрэл АН-аас иргэдээ сонсох “Өөрчилье, бүтээе” аяныг эхлүүлэх болсноо зарлахдаа, Төрийн Тэргүүнд нэр дэвшигчийг мөн ард түмнээсээ асууна гэсэн юм.

Нэгэнт тоглоомын дүрэм тодорхой хэр нь нөгөө талд тодорхой бус яаж ч өөрчлөгдөж мэдэх эгзэгтэй энэ үед МАН, АН-аас ямар кандидат нэр дэвшихээр горилж буйг цувралаар хүргэж байгаа билээ. Эрх баригч нам дотор ямар яриа хэлцэл, маргаан мэтгэлцээн өрнөж буйг дөрвөн цуврал бичсэн.

Тэгвэл энэ удаа сөрөг хүчин буюу парламентад суудалтай хоёр том намын нэг АН-аас хэн дэвшихээр яриа хэлцэл өрнүүлж байгааг тоймлоё.

Горилогсдын тэргүүн эгнээнд АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр давхиж явна. Гэхдээ тэр нам дотроо дэмжлэггүй. Уг нь Японд боловсрол эзэмшсэн залуу боловсон хүчин гэдгээрээ АН-ын залуу гишүүдийг өнгөлж асан цаг саяхан. Гэвч өнгөрсөн хугацаанд улс төрд өнгөрүүлсэн замнал нь баггүй, “аминчхан” гэсэн хаяг шошготой болгожээ. Тохироотой АН-ын дарга болсон гэх яриа ч улс төрийн хүрээнд гарч байв.

Түүний аав Архангай, ээж нь Увс аймгийнх. Увс аймгийн төвийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргээд их Наран улсад инженер мэргэжлээр зургаан жил суралцан эх орондоо ирж байжээ. Ирсэн даруйдаа тухайн үед УИХ-д 50 суудалтай олонх байсан АН-д залуучуудын байгууллагад ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар 2004-2016 он хүртэл Сүхбаатар дүүргээс УИХ-д сонгогдож, АН-ын дэргэдэх АЗХ-гоор овоглогдож ирсэн түүхтэй. Тухайн үед АН дотор “Нэг ардчилал” гэдэг фракц байдаг байлаа. Байлаа гэсний учир нь одоо байхгүй. Энэ фракцад 70-аад оныхон болох УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, гишүүн агсан М.Батчимэг, Сангийн сайд асан Б.Болор /хожим МҮДН фракцад харьяалагдаж байсан/ нарын залуус багтаж байв. Нам нь хоёр сонгууль дараалж ялагдал хүлээсний дараа АН дотор “Нэг Ардчилал” фракц бараг үгүй болсон юм.

Үүнийг дагаад нам дотроо дэмжлэггүй, улс төрөөс хол байсан ч 2023 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон МАН-ын дэмжлэгтэй АН-ын дарга болсон гэх яриа улс төрийн хүрээнд хэдийнэ хуучин сэдэв болжээ. Ингэж хэлэхийн учир нь, АН-ын ҮБХ-нд 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ажилласан Х.Баттулгын МоАХ, тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнийн “Шонхор” фракцийнхан жин дарж байв. 

За ингээд, 2024 оны УИХ-ын сонгуульд хоёр дараалж ялагдсан АН-ыг удирдаж оролцохдоо намын жагсаалтын нэгдүгээрт өөрийгөө бичсэн. Ичгэвтэр зүйл. АН дахиад сонгуульд ялагдлаа ч жагсаалтын нэгдүгээрт бичигдсэнээрээ тэр улаан гэрлээр Их хурлын гишүүн болох асуудал л даа. Энэ үйлдлээрээ тэрбээр улстөрчийн хувьд зориггүй, аймхай хулчгараа харуулсан. Намын дарга, лидерийн хувьд тойрогт өрсөлдөх эр зориг түүнд байгаагүй. Эрх мэдэл, албан тушаалын төлөө тэгтлээ улайрсан хэрэг. Найман жил завсарласан парламентын гишүүний зөөлөн сэнтий рүү зүтгэсэн нь энэ үйлдлээс хангалттай харагддаг.  Ийм хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө ил цагаан илэрхийлж, Монголын нийгэмд тулгамдаж буй олон олон асуудлыг шийднэ хэмээн ярьж суугаа нь итгэл төрөх үйлдэл биш байлаа.   

Нөгөө талдаа, нэр цэвэр учраас нүүр бардам намын жагсаалтын №1-т бичсэн, олон улсын жишиг гэхийг үгүйсгэхгүй. Манайх шиг цөөн хүн амтай, хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор сонгуулиа явуулж буй улсад намын дарга жагсаалтын эхэнд эрэмблэгдэнэ гэдэг арай тохирохгүй хувилбар гэдгийг судлаачид хэлж буй юм.      

Дараагийн асуудал 2012-2016 онд АН-ыг эрх барьж байх үед Боловсролын сайдаар ажиллаж, харц дээгүүр явж асан цаг түүнд бий. Энэ үедээ боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан хүмүүсийн зээлийг чөлөөлөх шийдвэрийг гаргаж байв. Үе үеийн Боловсролын сайд нар өнгөрсөн хугацаанд /2024 он хүртэл/ нийт 870 зээлийг чөлөөлснөөс тал хувийг нь буюу 437 хүний зээлийг Л.Гантөмөр чөлөөлж байжээ.

Энэ үйлдлийг нь одоогийн УИХ-ын гишүүн буруутгаж, хуулийн байгууллагад өгч байсан. Мөн сайдаар ажиллаж байхдаа охин Хулангаа боловсролын зээлийн сангаар сургасан байдаг. Тодруулбал, түүний охин АНУ-ын Брауны их сургуульд мэдээллийн технологи, компьютерийн шинжлэх ухаан чиглэлээр 127 мянган ам.долларын зээл авч суралцжээ. Түүнчлэн аудитын дүгнэлтээр сургалтын төрийн сан нь зарим суралцагчдад сургалтын төлбөр дээр амжиргааны зардлыг илүү олгосон зөрчил илэрч байжээ. Эдгээр суралцагчдын нэрс дунд Г.Хулан мөн багтсан байх бөгөөд хоёр ижил нэхэмжлэлээр давхардуулж 4 удаа гүйлгээ хийж 151.000 доллар (500 гаруй сая төгрөг) илүү олгосон хэмээн дурджээ.

Боловсроын зээлийн сангийн мэдээлэл ил болох хүртэл зээлээ төлөх тухай хэн ч ярихгүй байв. Аав нь улс төрийн карьераа үргэлжлүүлж, АН-ын дарга болсны дараахан буюу 2023 оны тав, зургадаар сард нийт 5 удаагийн гүйлгээгээр Г.Хулан зээлээ эргүүлэн төлж барагдуулсан байдаг. 

Зөвхөн энэ үйлдлүүд нь түүнийг ямар ёс зүйтэй хүн бэ гэдгийг бэлхнээ харуулна. Хамааралтай гэж дурьдагддаг дунд сургууль, эхнэрийнх нь бизнес, хүргэнийх нь дуулиан шуугианыг хөндөхөө больё гэхэд өөрийнх нь улс төрд туулж өнгөрүүлсэн замнал, албан тушаалтай байхдаа ямар "эвгүй" шийдвэр гаргаж байв гэдгээс нь, бүх ард түмний эв нэгдлийг хангахуйц кандидат биш гэдэг нь харагдахаар байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна