Ж.Мядагбадам: Газрын хүсэлтүүдийг хамтад нь өгсөн учраас гэрчилгээнүүд нэгэн зэрэг гарсан

Zuv.mn
50 минутын өмнө

Иргэн Г.Уянга өчигдөр мэдээлэл хийж Эгүүр.мн сайтын эрхлэгч Ж.Мядагбадамыг нэг сарын дотор Сүхбаатар дүүрэгт 10 айлын газар авсан асуудлыг шалгуулахаа мэдэгдсэн. Уг асуудалтай холбогдуулан Ж.Мядагбадам дахин тайлбар хийжээ. 

Тэрбээр, "Газар эзэмших эрхийн талаар тайлбар

Иргэн Г.Уянгын мэдээлэлтэй холбогдуулан 13 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн талаар дараах тайлбарыг өгье.

Газар эзэмших эрхийн шилжилт ба гэрчилгээний огноо

Нэг өдөр захирамж нь гарсан гэх найман газрын эзэмших эрхийг би өмнөх эзэмшигч гурван иргэнээс худалдан авч, шилжүүлэн авсан. Тус бүр нь 400–700 м², нийтдээ 3,800 м² орчим талбайтай эдгээр газрын гэрчилгээний огноо ижил байгааг шилжилтийн үйл явцтай нь хамт ойлгох хэрэгтэй.

Энэ орчинд миний анх эзэмшиж байсан газрын гэрчилгээ 2018 онд гарсан. Харин эргэн тойрны газруудын эзэмших эрхийг 2024 оны 6 дугаар сарын 6-наас 2025 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд иргэдээс шилжүүлэн авч, холбогдох баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан.

Тэдгээрийн заримыг 2024 онд дүүгийнхээ нэр дээр авсан бөгөөд 2025 оны сүүлээр бүгдийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр болсон. Энэ хугацаанд баримт бичиг бүрдүүлэх, хянан баталгаа хийлгэх, татвар төлөх, газрын давхцлыг арилгах кадастрын ажил зэрэгт хугацаа зарцуулсан.

Ингээд 2025 оны төгсгөлд газар эзэмших эрх шилжүүлэх материалаа Сүхбаатар дүүргийн газрын албанд нэг дор өгсөн. Материалыг нийслэлийн бус, дүүргийн газрын албанд өгсөн гэдгийг тодотгоё. Хүсэлтүүдийг хамтад нь өгсөн учраас хуульд заасан 30 хоногийн хугацаанд гэрчилгээнүүд нэгэн зэрэг гарсан.

Би материалаа өөрөө хүргэж өгөхөд гэрчилгээ цахимаар гарахыг газрын албанаас хэлсэн. Энэ нь иргэд хоорондын газар эзэмших эрхийн шилжилт тул танил тал, нөлөөлөл хэрэггүй. Харин цахим мэдээлэлд гэрчилгээний огноо харагддаг ч өмнөх шилжилтийн түүх нь эзэмшигчээс бусад иргэнд харагддаггүй тул асуулт, хардлага үүсэж болохыг ойлгож байна.

Сэлбэ орчимд 400 м² газрын ханш ойролцоогоор 5–25 сая төгрөг байдаг. 2025 оны байдлаар энэ орчинд нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдэд шинээр олгох сул газар байхгүй. Нийгмийн сүлжээнд харагдаж буй газар нь арын хэсэгтээ модтой уулын наран талын хөмөгт байрладаг. Урд талын замын цаана мөн модтой хэсэг бий.

Иргэний эрх болон миний байр суурь

Би Монгол Улсын бусад иргэний нэгэн адил газар эзэмших, газар эзэмших эрх худалдан авч шилжүүлэн авах, тухайн газартаа сууц барих эрхтэй. Энэ газарт аавын минь гал голомт болсон монгол гэр, зах зээлийн ханшаар 20 сая төгрөгөөр барьсан түр сууц бий. Бид эхээс олуулаа бөгөөд аав, ээж минь зуны улиралд энд ирж зусдаг. Газраа тогтмол арчилж, мод тарьж, тохижуулж ирсэн.

Ажил олгогч болсон цагаасаа хойш сэтгүүлчдийг ядуу, дорд амьдрах ёстой мэтээр үздэг хандлагатай би санал нийлээгүй. Хамт ажилладаг сэтгүүлчдээ бие даасан хувь хүн байж, бусдын гар харахгүй амьдраасай гэж аж ахуй, амьдралын нөхцөлд нь анхаарч ирсэн. Өөрөө ч бизнес эрхэлсэн хугацаандаа хувийн амьдралаа авч явах орчин, нөхцөлийг бүрдүүлсэн.

Олон нийт асууж, хардаж болно. Харин энэ асуудлыг хэтрүүлэн доромжлох, өөр сэдвийг дарах, айлган сүрдүүлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд шууд бусаар халдах хэрэгсэл болгож болохгүй.

Хотын хойд амны эдгээр газрын талаар ярьж байгаа бол Богд уулын газрыг улс төрчид хэрхэн хувааж авсан, хотын төв болон Зайсанг хөрөнгө чинээтэй хүмүүс хэрхэн хэт шигүү барилгажуулсан асуудлыг ч мөн ярилцъя" гэжээ. 

May be an image of map, blueprint, floor plan and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна