Төсвийн мөнгө уйлдаггүй. Харин түүнд нь тавих хяналт байдаггүйн нэгэн том жишээг уншигч та бүхэнд хүргэе.
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны үеэр гишүүн О.Саранчулуун харааны бэрхшээлтэй 20-30 хан хүүхдэд зориулаад 5000 ном хэвлэсэн талаар шүгэл үлээж, салбарын сайд Л.Энх-Амгалантай ам мурийлаа.
Эл асуудлыг судлаад үзтэл, үнэхээр л 103 сая төгрөгөөр брайль үсгээр хэвлэсэн 5300 ширхэг сурах бичгийг хэвлүүлэхээр тендер зарлаж, шалгаруулжээ.
Тодруулбал, Ерөнхий боловсролын I ангийн сурагчийн болон багшийн ном, дасгал ажлын дэвтрийн эх зохиох, хэвлэх, түгээх 3.8 тэрбум төгрөгийн тендерийг өнгөрсөн наймдугаар сард зарласан байна.
Ингэхдээ 2026 оны зургадугаар сарын 10-ны Боловсролын Ерөнхий газрын даргын А/108 дугаар тушаалын дагуу нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичгийн эхийг зохиоход 1 тэрбум 284 сая төгрөг, хэвлэх, түгээхэд 2.5 гаруй тэрбумыг зарцуулсан байна. Үүнээс Брайль үсгээр I ангийн найман хичээлд тус бүр 850 ширхэг ном хэвлүүлнэ гэж тушаал дээрээ тусгасан байна.
Тендер шалгаруулалтын бичиг баримтад суралцагчийн 5000, багшийн 300 ном гээд нийт 5300 ширхэг брайль үсгээр хэвлэсэн номыг 102 сая 947 мянган төгрөгөөр хэвлэхээр тусгажээ. Тэгэхээр анх бүр 6800 ширхэг ном хэвлэх гэж байсан ч тендер зарлахдаа 5300 болгож бууруулсан гэсэн үг.
Мэдээж харааны бэрхшээлтэй хүүхэд бүр сурах бичгээр хангагдах эрхтэй. Гэвч энэ бол дэндүү гэхэд арай л хэтийдсэн олон ном хэвлэх гээд байгаа асуудал юм. Учир нь, ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн нэгдүгээр ангид ердөө 20-30 сурагч суралцдаг гэх мэдээлэл бий. Улсын хэмжээнд ч тийм олон хүүхэд байдаггүй талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн УИХ-д сонгогдсон О.Саранчулуун гишүүн хэлж байна. Ёстой л 100 ямаанд 60 ухна гэгчээр 100 хүрэхгүй хүүхдэд 5000 ширхэг брайль үсэгтэй сурах бичгийг тараах нь байна. Ингээд харвал хэдэн арав, магадгүй 100 жил хэрэглээд ч дуусахгүй олон тооны брайль үсэгтэй сурах бичиг хэвлүүлчихсэн болж таарч байна.
Асуудал үүгээр дуусахгүй. Сайд, дарга солигдох болгонд сургалтын хөтөлбөр өөрчлөлт ордог жишиг Монголын боловсролын салбарт бий. Яг энэ жишгээр дахиад өөрчлөлт оруулсан тохиолдолд өнөөх өндөр дүнгээр эхийг нь зохиож, хэвлүүлсэн 5300 сурах бичиг маань цоо шинээрээ хог дээр хаягдах болчихоод байна.
Төсвийн олон зуун сая төгрөгийг ийнхүү жишим ч үгүй заррцуулж байгаа шигээ ардын хүүхдийн амьдралыг үрэхээ ч юман чинээнд бодохгүй нэгэн гэдгээ багшийн мэргэжлээр тэтгэлэгтэй суралцаж байгаа оюутнуудын асуудлыг шийдэхдээ харуулсан. Монголын төр боловсон хүчний бодлогоо төлөвлөж чаддаггүй гэвэл тэр шиг худлаа юм байхгүй бөгөөд энэ бол цэвэр салбарын сайдын хандлага. "Төрийн залгамж чанар гэж байх ёстой" гэж хэлчихээд араас нь "Хоёрдугаар курсэд суралцэж байгаа хүүхдүүдийн нэг жилийг хатуугаар хэлэхэд "ална" гэж жишим ч үгүй хэлж чадаж байна.
Төсвийн мөнгө уйлдаггүй. Түүнийг зарцуулсан дарга нар хэзээ ч хариуцлага хүлээдэггүй. Гэтэл энэ шийдвэрийн ард хэн нэгэн баяжиж, хэн нэгэн амьдралаараа хохирч байдаг. Боловсролын салбар хүүхдийн нэр барьж мөнгө урсгадаг, хүний хүүхдийн хувь заяагаар тоглодог салбар биш. Л.Энх-Амгалангийн ёс зүй харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах бичгээс мөнгө хумслах болтлоо доройтжээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна