Эрх баригч МАН дотор “2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ” гэдгээс гадна “2028 оны УИХ-ын сонгуульд хэн нэр дэвших вэ” гэсэн өрсөлдөөн өрнөж байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хуулиар 50 нас хүрсэн байх шалгуур тавьдаг бол УИХ-ын гишүүнд тавих насны хязгаар 25 байдаг. Тийм ч учраас 2028 оны сонгуульд горилогчид нь нас залуу, цус шингэн боловсон хүчнүүд байгаа бөгөөд дунд нь МАН-ын хуучин дарга, төрийн өндөр албан тушаалтнуудын үр хүүхэд, ач, зээ цөөнгүй байгаа нь анхаарал татаж байна.
УИХ-ын гишүүний суудалд горилогсдын дундаас МҮОХ-ны Ерөнхийлөгч, Олон улсын олимпын хорооны гишүүн гэхээсээ илүү Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү гэдгээрээ олон нийтэд танигдсан Б.Баттүшиг яах аргагүй онцгойрч байна.
АНУ-ын Чикогогийн их сургуульд бакалавр, Харвардын их сургуульд мастер хамгаалсан Б.Баттүшиг 2020 оноос ОУОХ-ны гишүүн, 2022 оноос МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд энэ нь улс төрд орох сууриа бэлдсэн хэрэг байжээ.
Тэрбээр 2028 оны сонгуульд Дундговь аймагт нэр дэвшихээр MMCG /Mongolian marketing consulting group”/ компаниар судалгаа хийлгэсэн гэсэн мэдээлэл байна. “MMCG” нь брэндийн судалгаа, хэрэглэгчийн зан төлөв, ТВ үзэлтийн рейтинг, нийгэм-эдийн засгийн томоохон төслүүдийн хараат бус судалгааг дагнан гүйцэтгэдэг бөгөөд үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэ нь Ардын багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламын хүү, УИХ-ын гишүүн Д.Бум-Очирын дүү бөгөөд Монголын маркетингийн судалгааны салбарыг олон улсын түвшинд гаргахад чухал хувь нэмэр оруулж буй мэргэжилтэн гэгддэг.
Эндээс харахад, Б.Баттүшиг УИХ-ын сонгуульд өрсөлдөх амбиц өвөрлөж байгаа нь баттай аж.
Яг одоо МАН дотор Б.Баттүшигийн нэгэн адил улс төрд орох санаа өвөртөлсөн залуусын бүхэл бүтэн арми бий болоод байна. Өөрсдийгөө цагаан морь унасан ханхүүгийн зэрэгт бодож, улс орныг хөгжүүлэхийг унтаж байгаа гүнжийг ганц үнсээд л сэрээчих чинээ санаж яваа тэдний насыг нь буруутгахгүй бол өөр юуг буруутгах билээ. Гэвч юманд учир, суманд занги гэж үг бий.
Б.Баттүшигийн аав Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа “Насаараа төрд зүтгэчихээд байхад хэн ч танихгүй залуу удирдлага нь болоод ороод ирэхээр тэр хүн гутардаг. Юуны төлөө би энэ олон жил зүтгэв гэж. Тийм учраас төрийн албан тушаалд дэвшихийн тулд тодорхой хэмжээний шалгуурыг тавьдаг болох нь зөв. Энэ чиглэлээр ажил төлөвлөж, хийж байгаа” гэж ярилцлага өгсөн удаатай. Тэрбээр энэ ярилцлагаараа ард түмэндээ “Мерит зарчимыг үгүйсгэсэн мөнгөний томилгоог эцэс болгох” эчнээ амлалт өгсөн гэж тооцож болно.
Гэвч хүүдээ энэ зарчмаа зөвлөж байсан эсэх нь бүрхэг. “Оюутан байхдаа сагсанбөмбөг тоглодог байсан” гэж хэлээд МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсон Б.Баттүшигийн өмнө УИХ-ын босго хэдийи чинээ намсахыг харах л үлдэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.16.21
Мэдлэг боловсрол, суурь хүмүүжил, хүний мөс чанар г.м. хувь хүний шинж чанар нь чухал болохоос гарал үүслээр нь хүнийг гадуурхан, соц.үеийнх шиг "муусайн баячууд" гэж үзэн яддаг үзлийг сэргээн дэвэргэх зорилготой энэ мэт люмпэн бичвэрийг хориглох хэрэгтэй!!! Даргын хүүхэд ухаантай мэдлэгтэй байсан ч шахагдаж, ардын хүүхэд тэнэг байсан ч төрд гарах ёстой мэт ийм бүдүүлэг, бусармаг, коммунист үнэр ханхлуулсан галзуу үзэл санаа нийгэмд хортой!!!
Хариулах