Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Бурхант хошуу" гэх газар аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө 01:04 цагт баавгай айлын гэр, хашаа хороо руу халдаж, эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай явдал гарсан.
Гэмтэл согог судлалын төв рүү хүргэгдсэн иргэний биеийн байдал дээрдэж энгийн тасагт шилжсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Харин талийгаачийн ар гэртэй холбогдоход ажил явдлыг нь үнэ төлбөргүй зохион байгуулж өгсөн “Диваажин буян” компанид талархаж байгаагаа илэрхийлэхийг хүссэн юм. Талийгаачийн ар гэрийнхэнтэй ярилцлаа.
-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
-Бид талийгаачийгаа өчигдөр буюу аравдугаар сарын 12-нд хөдөөлүүлсэн. Ажил явдлыг нь үнэ төлбөргүй хийж өгсөн “Диваажин буян” компанид маш их баярлалаа. Хүнд хэцүү гэнэтийн үйл явдалд тусламж үзүүлсэнд талархаад баршгүй.
-Баавгайд бариулж нас барсан тухай мэдээг хэзээ сонссон бэ?
-Баавгайд бариулсанг нь тухайн өдөр л сонссон. Манай ах тэр хавьд амьдардаг. Малтай айлуудаар явж тусалдаг л хүн байсан. Аравдугаар сарын 07-ны өдөр тэр айлд туслах гээд очиж таарсан юм байна лээ.
-Баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн талаар эртнээс сэрэмжлүүлэг хүргэсэн ч дорвитой арга хэмжээ аваагүй талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Эрдэнэт хүний амь нас хохирсон хэрэг гарлаа. Мэдээж танай гэр бүлийн хувьд гомдолтой байгаа байх. Цаашид ямар арга хэмжээ аваасай гэж хүсэж байна вэ?
-Энд ч, тэнд ч баавгай орж ирлээ гэх мэдээлэл хаа сайгүй явж иргэд айдастай байна. Дархан цаазтай амьтан алж болохгүй агнаж болохгүй л гээд байдаг. Тэгээд ард иргэдээ идүүлээд дуусгах юм уу. Агнаж чаддаг хүмүүсээрээ агнуулж устгуулвал дээр юм болов уу гэж бодож байна. Дахиад хэдэн ч хүний амь эрсдэх юм. Мэдэхгүй шүү дээ. Нэг нэгээр нь захаас нь барьж идэж дуусгах юм биш үү. Дархан цаазтай гээд хайрлаж хамгаалаад ард иргэдээ идүүлээд байх юм уу.
Одоо ер нь айдастай байна. Улиастай чиглэл рүү явахаасаа ч айж байна.
Бас гаднаа цагаан идээ их тавьсан учраас баавгай үнэрээр нь очиж дайрсан гэж сонин зүйл яриад байсан. Ийм сонин утгагүй зүйл ярихаа больмоор байна. Өөрсдийгөө асуудлаас эвтэйхэн гаргаад байдлыг намжаагаад дуусгадгаа болих хэрэгтэй. Байгаль орчных нь сайд юу хийдэг юм. Ард иргэдээ бодох хэрэгтэй шүү дээ.
-Хэрэг гарсан өдрийн орой Улиастай орчмоос нэг баавгайг олж агнасан шүү дээ. Шинжилгээ хийж байж, хүний аминд хүрсэн баавгай мөн эсэхийг нь тогтооно гэж байсан. Тэр талаар танд мэдээлэл байгаа юу?
-Баавгай олж агнасан л гэсэн. Талийгаач ахыг маань барьсан баавгай мөн үү биш үү гэдгийг мэдэхгүй шүү дээ. Мөн гэдэгт нь итгэхгүй байна. Шинжилгээ хийгээд эргээд хариу хэлнэ гэсэн таг алга л байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.145
Ажил явдал нь өнгөрлөө гээд ард түмэнээ хаях уу баавгайг алсан бол 25сая төгрөгөөр торгох байлаа хүн алчихсан байхад монгол төр гэр бүлд нь хэдийг төлөх ёстой вэ арай баавгайнаас дор үнэлгээ баыхгүй байлгүй дээ
Хариулах