Э.Болормаад эрүүгийн хэрэг нээсэн асуудал хүний эрхийн зөрчил хэмээн олон улсын анхааралд орж эхэллээ

Zuv.mn
47 минутын өмнө

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ. Тус байгууллага нь дэлхийн 170 гаруй улсын парламентыг нэгтгэдэг бөгөөд Монгол Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаад үүсгэсэн эрүүгийн хэрэгт гүнээ санаа зовж буйгаа илэрхийлж, холбогдох байгууллагуудад хилийн хоригийг нь цуцлахыг уриалсан байна. ОУПХ-ны Хүний эрхийн байнгын хороо уг хэргийг үргэлжлүүлэн хянан шалгаж, Удирдах зөвлөлд тайлагнах гэнэ.

Анх ОУПХ-ны Хүний эрхийн байнгын хороо гомдлыг хүлээн авахдаа уг асуудал заналхийлэл, айлган сүрдүүлэх үйлдэл, мөрдөн шалгах шатанд хуулийн зохих журам зөрчигдсөн, шударга шүүхээр шүүлгэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх болон зорчих эрх чөлөө зөрчигдсөн, парламентын гишүүний халдашгүй байдлыг хүндэтгээгүй, мөн парламентын бүрэн эрхийн хэрэгжилтэд саад учруулсан бусад үйлдлийн тухай гомдол бөгөөд эдгээр нь хорооны бүрэн эрхэд хамаарна гэж үзсэн байдаг. 

Тодруулбал,

  • УИХ-ын гишүүн Э.Болормаагийн эсрэг нэгээс таван жил хүртэл хорих ялаар шийтгэгдэж болох ноцтой зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэнд, ялангуяа тухайн үйлдлийг анх захиргааны зөрчил гэж үзэж байсан тул гүнээ санаа зовж байна.
  • Монгол Улсын хуулиар гишүүний халдашгүй байдлыг урьдчилан цуцлахгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж болох ч ийм ажиллагаа нь парламентын гишүүний статусаас үүдэх процессын баталгаа, хамгааллыг хүндэтгэх ёстой.
  • Түүнд хилээр гарах хориг хэвээр байгаад санаа түгшиж, холбогдох байгууллагуудыг Э.Болормаагийн эрхийг хангаж, хилийн хоригийг цуцлан зорчих эрх чөлөөг нь сэргээхийг уриалсан.
  • Хэргийн жендэрийн хэмжээсийн талаар санаа зовж, энэ хэрэг эмэгтэйчүүд парламентын бүрэн эрхээ чөлөөтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд саад болох орчныг бий болгож болзошгүй гэж үзээд, түүнийг бүрэн эрхээ «аюулгүй, хууль бусаар саад учруулахгүйгээр хэрэгжүүлэх боломжийг хангахыг уриалсан байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдсон хэргийн мэдээллийг онц цагийн дарааллаар харвал: 

Анх захиргааны зөрчил гэж үзэж байсан асуудлыг 2025 оны зургадугаар сарын 4-нд шинэ нотлох баримтгүйгээр, Э.Болормаад мэдэгдэлгүйгээр "сонгогчийн санал худалдан авсан" гэх эрүүгийн хэрэг болгосон (Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2.3). Энэ нь он цагийн хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч дараагийн засгийн газар бүрдэхтэй таардаг билээ. 

Улмаар УИХ-ын гишүүн Э.Болормаа дараагийн байгуулагдах Засгийн газарт эмэгтэйчүүдийн төлөөлөл болон анх удаа УИХ-д сонгогдсон гишүүдийг оролцуулах шаардлагыг УИХ-ын 30 гишүүний хамт МАН-ын удирдах зөвлөлд хүргүүлсэн билээ. Түүнээс хойш нэг сар хүрэхгүй хугацааны дараа хэргийн зүйл анги нь өөрчлөгдөж, яллагдагчаар татсан нь улс төрийн зорилготой юу гэх хардлага төрүүлж буй.

Тун хачирхалтай нь анхандаа захиргааны зөрчил байсан хэрэг гэнэтхэн эрүүгийн хэрэг болж хувирсан. Түүгээр зогсохгүй "сонгогчийн санал худалдан авсан" хэмээн буруутгасан ч санал худалдан авсныг нотлох ямар ч баримт хэрэгт байхгүй зэрэг асуудал нь ОУПХ-ноос анхааралдаа авч, хэрэг нээхэд хүрсэн байх магадлалтай юм. 

Мөн УИХ-ын тухай хуулийн 45.2.3-т яллах дүгнэлт үйлдэхээс өмнө Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулахаар заасан байдаг. Тиймээс үнэхээр эрүүгийн хэрэгт шалгаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх бол Улсын ерөнхий прокуророос Э.Болормаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулах ёстой. Тэгж байж процесс үргэлжлэх юм. Гэвч Э.Болормааг 2026 оны гуравдугаар сараас хилээр гарахыг нь хязгаарласан бөгөөд УИХ-д санал орүүлаагүй байж хилийн хоригийг нь цуцлахгүй нь байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүнийг нь ОУПХ-ноос Э.Болормаагийн зорчих эрх чөлөөг нь "Хязгаарласан" шийдвэр хэмээн үзэж байгаа аж.

Ямартай ч УИХ-ын гишүүн Э.Болормаад холбогдох эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлыг ОУПХ анхааралдаа авч, Хүний эрхий байнгын хорооноос нь хүний эрхийн зөрчил гэж үзэн хэрэг нээсэн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.21
    37 минутын өмнө

    Дэлхийд дээгүүр орох Монголын ганц том төсөл - Оюу толгойг илт эсэргүүцдэг хүн манайд хэрэггүй!!!

    Хариулах