Токиогийн олимпын бамбарын буухианд Монгол залуу оролцоно


Токиогийн олимпын наадам эхлэхэд 66 хоног үлдлээ. Хэдий цар тахлын хүнд үе тохиож байгаа ч олимпын бамбар замдаа гарсан.

Токиогийн олимпын бамбар 2021 оны 3 дугаар сарын 25-нд Фүкүшима хотоос гараагаа эхэлсэн.  Бамбар Японы нийт 47 мужаар айлчлан зочлоод 7 дугаар сарын 23-нд Токиод хүрч, олимпын наадам дуустал Токиод мандах болно.

Бамбарын аялах муж, хот, дүүрэг бүр Бамбарын буухианд гүйх хүмүүсээ тодруулж, нутгийнхаа алдартнуудыг энэхүү хүндэт арга хэмжээнд урьж байгаа билээ.

Тэгвэл Тоттори мужийн Тоттори хотын олимпын бамбарын буухианд монгол залуу оролцохоор болжээ. “Тоттори Жёохокү” ахлах сургуулийн багш, сумо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг энэхүү нэр хүндтэй буухианд томилсноо Тоттори мужаас зарлалаа.

Тэрбээр “Тоттори Жёохокү” сургуулийн багийг Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд жил бүр амжилттай оролцуулж, нэрийг нь улс орон даяар мандуулж байгаа. Мөн Монгол Улсын нэрийн өмнөөс сумо бөхийн Дэлхийн болон Азийн аваргын тэмцээнд оролцож байсан нь ийнхүү үнэлэгджээ.

Түүний олон шавь одоо мэргэжлийн сүмод хүч сорьж байгаагаас Озэки Тэрүнофүжи, Ичиножёо, Миторюү, Роога нарыг нэрлэж болно.

Р.Гантөгс энэ сарын 22-нд 19.00 цагаас Тоттори хотын Бамбарын буухианд оролцоно.  Энэ буухианд нийт 40 хүн гүйх бөгөөд Тоттори мужаас төрсөн олимп, дэлхийн медальтнууд, Токиогийн олимпод оролцох тамирчид сонгогдож, үлдсэн эрхийг нутгийн иргэдэд сугалаагаар олгожээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна