С.Ариунболд: Түргэн тусламжийн машинаар шарил тээвэрлэх бизнес хийсэн гэх мэдээлэл ХУДАЛ


Яаралтай түргэн тусламжийн 103 төвийн дарга Ц.Пүрэвдаш тамгаа аваад, өрөөгөө лацдаж орхиод ''зугтсан'' гэх мэдээлэл манай сайтын редакцад ирсэн. 

Мөн түргэн тусламжийн машинаар бурхан бологчдын ар гэрийнхнээс мөнгөн төлбөр авч, шарил тээвэрлэх үйл ажиллагаа явуулсан гэх хардлага олон нийтийн дунд тархаад байна. Уг мэдээллийн тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд тус төвийн даргын түр орлон гүйцэтгэгч С.Ариунболдоос эдгээр асуудлын талаар тодрууллаа.

103 төвийн дарга Ц.Пүрэвдаш долдугаар сарын 5-ны өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаасаа чөлөөлөгдсөн. Би эрүүл мэндийн байгууллагад 21 жил ажиллаж байгаа. Одоогийн байдлаар түргэн тусламжийн 103 төвийн даргын түр орлон гүйцэтгэгчийн албыг хашиж байна. Түр орлон гүйцэтгэгч гэдэг нь дарга гэсэн үг биш юм. Эмнэлгийн хангамж үйлчилгээг тасалдуулахгүйн тулд дараагийн дарга томилогдож иртэл гүйцэтгэдэг түр албан тушаал юм. Тиймээс эмчилгээ эрхэлсэн орлогчийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч 103 төвийн даргын түр орлон гүйцэтгэгч хийж буй минь хууль зөрчсөн үйлдэл биш.

Яаралтай тусламжийн төвийн удирдлагуудыг шарил зөөвөрлөх бизнес хийдэг гэх хардлага сошиал орчинд их тархсан байсан. Үүнд тайлбар хэлье. Улаанбаатар хотод буяны үйл ажиллагаа, үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй компани байдаг. Тэд бүгд өөрсдийн гэсэн шарил зөөвөрлөх тусгай зориулалтын автомашинтай. 

Манайхтай хамтарч ажиллах санал удаа дараа ирж байсан ч түргэн тусламжийн 103 төвийн дотоод журамд зааснаар ашиг сонирхлын зөрчилтэй газруудтай хамтарч ажиллах ёсгүй тул татгалзсан. Би үүнд ямар нэгэн оролцоо байхгүй гэдгээ мэдэгдье.

Дөл буян, Сувд буян, Зүүн төмөр буян гэх мэт нэр бүхий маш олон газруудаас манайд хамтарч ажиллах санал ирж байсан. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 294 тоот тушаал байдаг. Уг тушаалд заасны дагуу бид ямар ч байгууллагатай хамтарч ажиллаж болохгүй гэж байдаг. Тиймдээ ч хамтран ажиллах санал ирүүлсэн компаниуд руу хамтран ажиллах боломжгүй гэсэн албан бичиг явуулж байсан. 

Мөн Буяны зан үйлийн холбооноос манайд бичиг явуулж байсан. Талийгаачийн ар гэрээс мөнгө авч, шарил тээвэрлэсэн асуудал огт байхгүй.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.113
    2021/07/15

    сондгой тоо сайн тоо тэгш тоо муу тоо өөрөөр хэлбэл хар цагаан гэсэн

    Хариулах