Д.Сумъяабазар: Түгжрэлийн асуудлыг 2021-2025 онд цэгцлэхгүй бол явган явж байгаагаас ялгаагүй болно


Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тэгвэл тус хорооны анхны хурал өчигдөр боллоо.

Хурлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэлийн эсрэг төрийн албаныхан манлайлал үзүүлэх хэрэгтэй байна. Холбогдох байгууллагуудад энэ чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Жилд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн тоо 70-80 мянгаар нэмэгддэг. Түгжрэлийн асуудлыг 2021-2025 онд цэгцлэхгүй бол, энэ байдал удаан үргэлжилбэл замын хөдөлгөөний хурд зургаан км цаг болж, явган явж байгаагаас ялгаагүй болно. Түүнчлэн хамран сургах тойргийг зөв зохицуулбал түгжрэл тодорхой хэмжээнд буурна. Энэ бол богино хугацаанд хийх ажил” хэмээн ярив.

Хотын дарга Д.Сумъяабазарын яриа: https://youtu.be/g987_CF2zQA

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг бууруулах судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулахаар боллоо. Мөн цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зөв зохицуулах ёстой. Түүнчлэн байгууллагын цэцэрлэгийг дэмжих нь  бага зардлаар том асуудлыг шийдэх шийдэл. Гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байна. Сургуулийн автобус явуулах нь үр дүнтэй байгаа. Мөн богино хугацааны шийдэл нь сургуулийн хэв шинжийг өөрчлөх. Өөрөөр хэлбэл, нийслэлд 5000-аас олон хүүхэдтэй төрийн өмчийн 10 сургууль бий. Түгжрэл үүсгэж байгаа энэ 10 сургуулийг ойролцоо ачаалал багатай сургуулиудтай нэгтгэж, бага, дунд, ахлах сургуулийн цогцолбор байдлаар хөгжүүлэх боломж байна. Түүнчлэн их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх хувилбарыг судалж байна” гэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн яриа: https://youtu.be/n2kalo_UHt8

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна