С.Амарсайхан: Үндэстэн ястныг талцуулах аливаа үг үйлдэлдээ онцгой хариуцлагатай хандах ёстой

Х.Есү
59 минутын өмнө

Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Хэн байхаас үл хамаарч, ялангуяа тангараг өргөсөн төрийн түшээ хүн улс орноо бодох хэрэгтэй. Үндэстэн ястныг талцуулах аливаа үг үйлдэлдээ онцгой хариуцлагатай хандах ёстой. Тийм ч учраас би аль алинд нь хэлж байгаа. Нэг хэсэг хүмүүсийн үл ойлголцлыг үндэстэн ястан угсаатан хоорондын үл эвлэрэх хорсол зивүүцэл болгож болохгүй. Тиймээс "Нүүдэлчин" наадмын үеэр М.Нарантуяа-Нара гишүүнийг казах отогт дагуулж очсон. 

Би төрийн ордонд гэмт хэрэг ярихгүй. Тухайн хэрэг маргаан, хэргийн явцын талаар ярьдаг хүн нь Хууль зүйн сайд биш. Улс төрчид, гишүүд, сайд нар хууль хяналтын байгууллагын өмнөөс улс төрийн зорилгоор, хувийн амбицаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийсээр байгаад сүүлдээ улс орноо ч, нийгмээ ч хувааж дуусгаж байна. 

Энэ нь хараат бус хууль хяналтын байгууллагын чадавхыг сулруулж, ажлаа хийх боломжийг олгохгүй байгаа. Үндсэн хуулийн дээд зарчмаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй. Өнгөрсөн хугацаанд АТГ дээр ерөнхий сайд асан гурван хүн, УИХ-ын гишүүн асан болон одоо байгаа 17 хүн гээд нийт 145 хэрэг бүртгэл үүсэж, 45 хэргийг шүүх рүү шилжүүлж, шийдвэрлэх шатанд явж байна.

Сүүлийн үед хууль бусаар олсон хөрөнгөөрөө хэвлэл мэдээлэл, сошиалаар бие биенийгээ гүтгэж, хууль хяналтын байгууллага болон улс төрчдөд нөлөөлөх гэсэн мафийн сүлжээ шиг оролдлого гарсан. Цагдаагийн дотоод хяналт болон прокурор үүнийг шалгаж байгаа бөгөөд хуулийн дагуу нэг мөр цэгцэлнэ.

Булган аймагт МАН-ын гишүүд цугласан нь үнэн. Салхинд гарч амарсан нь хувь хүний эрхийн асуудал. Үүнийг улс төржүүлж хэн нэгнийг огцруулж, улс төрийн асуудал шийдвэрлэх гэж байгаа юм шиг ярьж байна. Тэнд ямар ч тийм яриа хэлцэл болоогүй. Энэ бол өвөлжилт, төсөв хөрөнгө, хүний эрх, ардчилал болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх хууль тогтоомжийн талаар ярилцсан, урьдаас төлөвлөсөн ажил байсан. Үүнийг улс төржүүлж, хэн нэгнийг огцруулах яриа болгон дэгсдүүлэх шаардлагагүй" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.162.18
    20 минутын өмнө

    Ер нь ярих ёстой юмыг ярьж шийдэж байх ёстойшдээ. Төр хяналтаа сайн хийдэг байсан бол халамж нийгмийн даатгалын хавтгайрсан асуудал Баянөлгийд даамжрахгүй байсан. Газар нутаг түрэх нэр өөрчлөх оршуулгын асуудал ч гэсэн улс үндэстний эсрэг гэмт хэрэг байхад Хууль зүйн сайд яагаад бөөрөнхийлээд байгаан? Улс үндэстний эсрэг үйлдлүүд аймгаараа хийгээд байх нь зөв юмуу? Ер нь тэдэнд цагаач статус олгох нь зөв. Тэрийг ярьсан иргэдийн зөв гэж бодож байна. Хэн нь ч ярилаа гэсэн үндэстний эв нэгдэлд харшлаад байх юм байхгүй харин ч эсрэг үйлдлийг дарж байх нь шударга. Иргэдийн амыг хүчээр барих оролдлого хийхийг буруу гэж үзнэ.

    Хариулах