Цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн дэд хороонд өгчээ

Х.Есү
1 цаг 9 минутын өмнө

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг Цагдаагийн хурандаа К.Женисгүл УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гомдол гаргажээ. 

Тэрбээр, "Монгол Улсын иргэн НА овогт Каусылгазын Женисгүл миний бие казах үндэстэн, цагдаагийн бэлтгэл хурандаа, Монголын Цагдаагийн байгууллагаас төрсөн анхны Хууль зүйн ухааны доктор, анхны Цагдаагийн Газрын дарга, Цагдаагийн байгууллагад цагдаагийн улаан погоноос цагдаагийн бэлтгэл хурандаа хүртэл төрдөө хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж ирсэн. 

Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдүүдэд зохих хариуцлага тооцох зэрэг ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж байсан. Одоо гавьяаныхаа амралтад гараад 10 жил болж байна.

Монгол улсын Их Хурлын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүйг хараад үнэхээр хэрээс хэтэрч байна гэж үзэж байна.

Монгол улсын Их Хурлын гишүүн бол төрийн түшээгийн хувиар Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэдийн эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалагч байх учиртай. Казах үндэстний эрх ашгийг хөндсөн, тэднийг ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл эсвэл мэдэгдэл нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "иргэдийг үндэс, угсаа, хэлээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй" гэсэн суурь зарчмыг зөрчиж, үндэсний эв нэгдэлд сэв суулгах эрсдэлтэй юм. Төрийн өндөр албан тушаалтан ёс зүйгүй мөн хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь хувь хүний боловсрол, ухамсрын төвшинг харуулаад зогсохгүй төрийн институтийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлж байгаад гүнээ харамсаж байна.

Иймд УИХ ын гишүүн М.Нарантуяа- Нара гэх хүнд ёс зүйн зөрчил гаргаж, нийгэмд ялгаварлан гадуурхсан утгатай үг хэлж, хууль бус үйлдэл гаргаж байгаа тул үүнийг таслан зогсоож, дараах хариуцлагыг тооцохыг шаардаж байна.

1. УИХын гишүүн Мөнхтөрийн Нарантуяа-Нараг чуулганы хуралдаанд үг хэлэх эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлах,
2. Казах ард түмнээс албан ёсоор уучлал хүсэхийг шаардах,
3. Ёс зүйн дэд хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, зохих ёсны дүгнэлт гаргах

Хуульт ёс, хүний эрх болон үндэстэн хоорондын эв нэгдлийг дээдлэн,шаардлагагыг хүлээн авч, зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна

Монгол Улсын иргэн К.Женисгүл" гэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна