Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслийг өчигдөр /2026.09.07/ УИХ-ын ээлжит бус чуулганд танилцуулж, гишүүд шөнө дөл болтол хэлэлцэв.
Багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэвэр нэмнэ гэх "малгайн" дор орж ирж буй төсвийн тодотгол үнийн өсөлтийн эсрэг иргэдийн амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх бодлого хэмээн Засгийн газрын тэргүүн болон бусад сайд нь нар тайлбарлалаа.
Сайд нарын зардлаас 1.4 их наяд төгрөгийг танаж, ирэх 11-р сарын 1-нээс эмч, төрийн үйлчилгээний бүх албан хаагчийн цалин нэмэх, ахмадуудад шинээр суурь тэтгэвэр олгох зэрэг өөрчлөлт орж байгааг онцолсон юм.
Тодруулбал, 435 мянган ахмадад шинээр суурь тэтгэвэр олгоно. Ингэхдээ ажилласан жил, төлсөн шимтгэлээсээ хамаарч 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авах аж.
Мөн эмч, сувилагч, эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувь нэмнэ. Ингэснээр өмнөх 30 хувийн нэмэгдэлтэй нийлээд 50 хувь болно гэж тооцжээ. Байгаль орчин, цаг уур, хөдөө аж хөдөө аж ахуй, соёл спорт зэрэг төрийн үйлчилгээний бүх албан хаагчдын цалинг нэгэн жигд нийтэд нь 50 хувь нэмэхээр тусгасан байна. Түүнчлэн боловсролын салбарын дутагдсан цалингийн зөрүү зардлыг шийдвэрлэнэ, ТӨК-иудын 1.6 их наядын ногдол ашгийг иргэддээ зориулна" гэлээ.
Харин УИХ-ын гишүүд ТӨХК-иудаас авах ногдол ашгийн төсөөлөл бодитой байж чадах эсэх, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл үнийн өсөлтөнд хэрхэн нөлөөлөх, төсөв тэлж байгаа нь эргээд ямар үр дагавар дагуулах талаар тодруулцгаав. Утга уянгын халилаа зогсоож, эдийн засгаа бодитоор харах учиртайг ч сануулж байлаа.
Хариуд нь Ерөнхий сайд Н.Учрал "Төсвийн тодотголыг хэд хэдэн зарчим барьж төлөвлөсөн. Суурь асуудлаа шийдэх ёстой. ТӨК-иуд ТУЗ-өөрөө дамжуулж хэрэгтэй, хэрэггүй юм санхүүжүүлээд байна. ТӨК-иуд дээр олон хүний эрх ашиг байдаг л даа. Байгаа үедээ ТӨК-иудыг үүрэгжүүлээд, цэгцлээд, ногдол ашгийг нь ард түмэнд хүргээд өгчихье гэж бодсон юм. Тиймээс ТӨК-иудад улс төрийн нөлөөлөлгүй ажиллах бололцоог бүрдүүлэх ёстой. Ажлаа сайн хий, ногдлоо ашгаа өг. Ирэх жил 3.5 их наядын ногдол ашиг өгөх дээр анхаарах ёстой.
Сайд нарын урсгал зардлаас хэмнэсэн 1.4 их наяд төгрөгийг ард түмэндээ зориулна. Урсгал зардлаас 433.4 тэрбумыг, Нийслэлийн үнэт цаасны 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөг хэмнэсэн. Төсвийн тодотголоор боловсролын салбарт дутагдсан цалингийн зардалд 674.5 тэрбум төгрөгийг тусгасан. 90 тэрбум төгрөг, эмч нарын цалингийн 20 хувийг шийдвэрлэж байна. 80 тэрбум төгрөг, соёл спорт, байгаль орчин, хөдөө аж ахуй гээд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэх гэж байна. 2023 оноос хойш өрхийн орлого анх удаа 4.9 нэгж хувиар буурсан учир орлогыг баталгаажуулах гэж байна. 430.000 ахмадад 100.000-300.000 төгрөгийн суурь тэтгэвэр нэмж олгоно.
Эрчим хүчний салбарт засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92 тэрбум төгрөг хуваарилсан. Ийм хүнд үед дулаан цахилгааны үнэ нэмэхгүй. Стратегийн нөөц бүрдүүлэх хүрээнд, 100,000 тонн улаанбуудай, 12.000 тонн хүнсний ногоо, 20,000 тонн мах нөөцлөх зардлыг тусгасан. Шатахууны нөөцөө нэмэхийн тулд агуулах сав барина. Энэ өвөл эрчим хүчний тариф нэмэхгүй.
Хариуцлагатай хэлье. Төсөв огт тэлээгүй. Зардлаа хэмнэж цалин хөлс, тэтгэвэр нэмэх гэж байна. Ирэх оны төсөв бүхлээрээ реформ байх болно" гэв.
Ерөнхий аудитор төсвийн тодотголд тусгасан өөрчлөлтүүд нь үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн бодлогын зорилттой нийцэж байгаа боловч урсгал зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын санхүүжилтийг бууруулсан нь төсвийн болон үнийн тогтвортой байдлыг хадгалахад эрсдэл үүсгэж болзошгүйг сануулав. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр нийт зарлагыг 998.0 тэрбум төгрөгөөр өсгөж, төсвийн алдагдлыг 2,048.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий хоёр хувьд хүргэхээр төлөвлөсөн нь төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд бүрдээгүй тохиолдолд төсвийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэй байна.
Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь улсын хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогын холбогдох зорилтуудтай нийцсэн боловч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан төсвийн тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангаагүй гэж дүгнэснийг онцлов.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг тус Зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан танилцууллаа. Уг дүгнэлтэд, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг төсвийн бодлогоор дамжуулан шийдвэрлэх нь зохисгүйг дурджээ. Төсвийн бодлогод дорвитой өөрчлөлт хийх шаардлага нэгэнт бий болсон гэж дүгнэв.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зүгээс төсвийн тодотголын шаардлага, зорилгыг өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд иргэдийн амьжиргааг хамгаалах, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг сайжруулахад чиглэсэн бодлогыг төсвийн зарлага, алдагдлыг нэмэгдүүлэх аргаар үргэлжлүүлэн явуулах нь алдаанд хүргэж болзошгүйг санууллаа. Мөн эрх зүйн орчны өөрчлөлт төсвийн зарлагын өсөлтийн гол нөхцөл болж байна. Төсвийн орлогын бүтэц, эмзэг байдал нэмэгдэж буйг анхаарч, зарлагын бодлого, эрх зүйн орчны өөрчлөлтийг хийхдээ төсвийн зарлагад ирээдүйд үзүүлэх нөлөөллийг тооцож шийдвэрлэдэг байх хэрэгтэй гэсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна