БАЙР СУУРЬ: "Их Засаг кинг" сургуулийн талаар хэн юу хэлэв

Zuv.mn
2026/09/10

УИХ-ын ээлжит бус чуулганаар энэ оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ерөнхий сайдын хамаарал бүхий ахлах сургууль тоног төхөөрөмжийн зардал хүссэн гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ асуудалд талуудын байр суурийг хүргэж байна.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир: “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд "Их засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг гурван сургууль төсвийн хөрөнгөөр тоног төхөөрөмж худалдаж авах хүсэлт гаргасан гэж ярьсан.

Дараа нь “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажиллах саналыг дөрвөн сургуульд тавьснаас нэг сургуультай нь хамтарч ажиллаж байна. Нэг сургууль нь хамтарч ажиллахаас татгалзсан. Тэр нь “Их засаг кингс” сургууль” гэж ярьсан юм.

Харин “Их засаг” их сургуулийн Гүйцэтгэх захирал Жамбалын Цэцэгмаа /Ерөнхий сайд Н.Учралын ээж/ "Бид төрөөс ямар ч санхүүжилт хүсээгүй, аваагүй. Төрийн өндөр албан тушаалтан ташаа мэдээлэл хийж олон нийтийг төөрөгдүүлдэг. Үүнийхээ дараа залруулга хийхэд анхны мэдээллээрээ олон нийтэд үлдэх нь түгээмэл байдаг. Ийм мэдэн будилсан зүйл ярьж болохгүй " хэмээн мэдэгдэл гаргасан байв.  

Энэ асуудлаар мөн Ерөнхий сайд Н.Учрал, "Ерөнхий сайд хүн хувийн сургуульдаа санхүүжилт өгнө гэж юу байх вэ дээ. Боловсролын яам тус санхүүжилтээ нээлттэйгээр түмэн олондоо ярих хэрэгтэй. Будилуу яриагаар биш тэр асуудлаа нотлох баримттайгаар ярих хэрэгтэй. Би хариуцлагатайгаар хэлье. Төсөв мөнгөн дээр суулгачихсан байгаа хөтөлбөрөө олон нийтэд ямар зорилготой, ямар үйл ажиллагаа хийх юм гэдгээ ил тод тайлбарлах нь зүйтэй. 

Хувийн сургуульд хувьсах зардлыг жил болгон төлбөртэй нь уялдуулан өгдөг юм билээ. Таван саяас бага төлбөр хүүхдээс авч байгаа бол тодорхой дэмжлэг үзүүлж явсан юм билээ. Хэдэн жилийн өмнө журмаа шинэчилсэн юм байна гэж би ойлгосон" гэлээ. 

Уг нь “Гэрт ойрхон сургууль” хэрэггүй биш, тулгамдсан асуудлыг оновчтой шийдсэн сайн хөтөлбөр. Авч байгаа тоног төхөөрөмж нь тухайн сургуульд үйл ажиллагаа явуулах улсын сургуулийн салбар буюу улсын сургууль гэж суралцаж байгаа сурагчдын хэрэглээнд л зориулагдаж, тэднийгээ дагаж явахаас биш, хувийн сургуульд өмч өгөөд байгаа хэрэг биш. Хамтарч байгаа хувийн сургуулиуд ч ашиг хонжоо олох гэхээсээ төрийн ачаанаас үүрэлцье гэж байгаа нь ойлгомжтой.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна