Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх товтой байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учир хойшилсон.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатараас тодрууллаа.
-Өчигдөр эдийн засгийн байнгын хороо хуралдах гэж нилээн удсан. Уг нь хуралдчихвал би ч гэсэн ороод асуудал ярих гээд байгаа юм. Би ч гэсэн хүлээж л байна. Төсвийн байнгын хороо хүлээгээд байгаа. Ер нь нийтлэг зарчмын асуудал ярих гэхээр төр өөрөө ёс төдий оромдоод өнгөрдөг болчихоод байна. Урсгал зардал нэмэгдүүлэх, багш ажилчдын цалинг нэмэх гээд асуулт тавиад яръя гэхээр хүмүүс нь томилолтод явчихсан, мэргэжилтнүүд нь ирэхээрээ асуултад ч хариулж чаддаггүй.
Би Хууль зүйн байнгын хорооны асуудлыг ярьж байна. Иймэрхүү хандлагаар ажилд ханддаг удирдлагатай байгууллагууд мөн хуралдаж чадахгүй цааш нь явуулчихдаг Байнгын хороо, дарга нар байна. Асуудалд бид тоглоом л тоглоод байх шиг хандаад байгаа юм. Ажилдаа хариуцлагатай хандаж, аль аль талдаа асуудлаа шийдэж явахгүй бол биднийг цаг хугацаа хүлээхгүй шүү дээ.
-УИХ-ын дарга ээлжит бус хуралдаан зарлахдаа гишүүдийнхээ ирцийг харж, бүртгэдэг зүйл байдаг уу?
-Манай УИХ-ын дарга мэдэж байгаа байлгүй. Гишүүд ажилдаа ирэх үүрэгтэй шүү дээ.
-Төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж ээлжит бус чуулган зарласан шүү дээ. Энэ долоо хоног дуусаж байна. Тэгэхэд гишүүдэд төсвийн задаргааны нарийн мэдээлэл очихгүй, хурал нь болохгүй байдалтай байна?
-Та бүхэн зөв харсан байна. Би сая энд Төсвийн байнгын хорооныхонтой яг наад асуудлыг чинь ярьчихаад гарч ирж байна. Зарчмын хувьд бид хэдэн төрийн албан хаагчтай, тэдэнд ямар цалин өгдөг, яг "бай"-гаа онож чаддаг уу, үгүй юу. Жаахан шинжилгээ тооцоолол хийе гэхээр УИХ, Төсвийн байнгын хороон дээр дата болон задгай тоонууд нь ч байхгүй.
Тэгэхээр үүнийг бид авдаг, мэддэг байж л зөв шийдвэр гаргана. Бүх юмыг хав дарчихдаг. Байж байгаад л нэг шар мэдээнүүд гаргаж ирээд нийгмийн сэтгэлзүйг өөр тийш нь явуулж байгаад ард талаар нь хамаг асуудлаа хийчих гээд байна. Уг нь бол яг тоонуудаа мэдэж аваад ирэх жилийн 43 их наяд төгрөг юунд зарцуулагдах гэж байгааг, хөрөнгө оруулалт болон урсгал зардал буурсан эсэх, томилолт нь багассан эсэхийг мэдэж авмаар байна.
Тэгтэл тоонууд нь алга. Би Зарлагын хорооны дэд хорооны дарга. Мэдээллүүд нь байхгүй. Авна гэхээр бичиг бичиж өгч байж авдаг. Би үнэхээр гайхаж байна. Тоглоом хийгээд байгаа юм шиг л санагдаж байна. Бүгд бүх ажилдаа хариуцлагатай хандаж байж улсыг урагшлуулна.
-Зардлаа нэмээд орж ирсэн төсвийн тодотголыг хэмнэсэн гэж үзэх нь зөв үү?
-Хэмнээд байгаа сүртэй хэмнэлт алга. Тавдугаар сарын 31 гэхэд гэрээ хийгээгүй бол төсөв татагддаг. Тэрийг аваад цалин болон ахмадын тэтгэвэр рүү хийх гэж байгаа асуудал. Уг нь өмнө нь хийчих ёстой байсан асуудлыг одоо зүгээр л 2027 оны төсвийн хэл амны трейлер болгож л байгаа асуудал юм. Энэ бол Ерөнхий сайд Г.Занданшатарын үед гарч байсан тооцооллын алдаанууд одоо тэр чигээрээ яваад байна.
Боловсролын сайд нь гурван талт хэлэлцээр хийхдээ үндсэн болон нэмэгдэл цалин хоёрынхоо нэмэгдлийг өгнө гэдэг асуудлаас эхлүүлээд энэ маргаан гарсан. Тэр үедээ засаад явчихаж болох байсан асуудлыг хугацааных нь эцэст авч ирээд бүгдээрээ шийдэхгүй бол болохгүй асуудал болгосон. Бүгдээрээ шийдэх гэхээр ээлжит бусдаа хэн ч ирэхгүй юм. Тоглоом болж дууслаа даа.
-Энэ их зардлыг хэмнэх орон зай байгаа юу?
-Байгаа. Би арилжааны банкинд ажиллаж байсан. Банкнаас хэдэн хүн авч ирээд төсөв дээр суулгаад яг 43 их наяд төгрөг хэрэгтэй юу, эсвэл 20 их наядаар болгох юм уу гэвэл 20 их наяд дээр тооцоог нь гаргаад явж болно. Яг шаардлага хангасан хүмүүстэйгээ цуг суух юм бол шүү дээ.
Тэгэхгүй бол бид баян айлын хүүхдүүд шиг мөнгөөр тоглоод байна. 2016 онд Болор гэдэг сангийн сайд байх үед 7.9 их наяд төгрөгөөр улс үйл ажиллагаагаа явуулж болдог байсан. 2020 оны цалингийн зардал 2.6 их наяд төгрөг байсан бол одоо тодотголын өмнөх дүнгээр 6.9 их наяд, тодотголын дараа 7.7 их наяд болчихсон. Тэгтэл цалин авч байгаа хүмүүсийн тоо, цалин нэмэгдсэн үү гэдгийг хэн ч мэдэхгүй.
Цалин нэмэгдэж байгаа бол болж байна. Бүтээмжтэй сайн ажиллаж байгаа төрийн алба хаагчид зөндөө байгаа. Эмч, цагдаа нар өргөсөн тангаргаараа ажлын ачаалалтай ч өндөр үр дүн гаргаж байгаа хүмүүс байна. Тэгтэл энэ хүмүүсийн цалин сүртэй нэмэгдэж чаддаггүй. Нэмэгдэл гэж яриад байдаг боловч хангалттай хэмжээнд авч байгаа хүмүүс байхгүй.
Тоог нь ихэсгээд зардлынхаа хэтрэлтүүдийг гаргаад байгаа гэх мэтчлэн бид зардлынхаа хэтрэлтүүдийг хумьж хэрэгтэй зүйлдээ зарцуулна гэвэл боломж маш өндөр байгаа.
-Энэ Байнгын хороо хуралдахгүй байснаар ирэх даваа гарагт хоёрдугаар хэлэлцүүлэг явж амжих уу?
-УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой зүйлсийг С.Бямбацогт даргаас асуу. Энэ хүн гишүүдээ ирүүлэх, зохион байгуулах ажлыг хариуцдаг. Хэрвээ би УИХ-ын дарга болчих юм бол энэ асуултад чинь хариулж болох юм.
-Та ибан данстай холбогдуулаад нэлээд шүүмжлэл хэлж байсан. Энэ зүйлийг байх ёстой гэж бодож байна уу?
-Манайхан олон улсын туршлагаар маш сайн гэж ойлгоод байгаа. Яг Монгол Улсад тохирсон зүйл нь хэрэгжих ёстой. Түүнээс олон улсын юм болгон сайн биш. Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар гэх хүнд энэ зүйлийг цэгцэнд нь оруулаарай гэж хэлсэн ч одоо болтол таг. Хийж чадсан зүйлээ засаж чадахгүй байна. Иймэрхүү хүмүүсийг л бид томилоод байна. Томилсон хүмүүс нь ажлаа хийж чадахгүй байна. Монгол Улсын нийгэмд ийм л үр дүнгүүд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна