Н.Учрал: Миний ажил мэргэжил, гэр бүлийн нэр хүндэд битгий халд

Г.Анар-Эрдэнэ
2 цаг 49 минутын өмнө

Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Та бүхэн мэдэж байгаа. Улсын төсвийг энэ цаг үед хэлэлцэж байна. Төрийн өмчит компанийн ногдол ашгийг 3.5 их наядаар нэмэгдүүлэх, Оюутолгойн ногдол ашгийн 3 их наяд төгрөг, багш, эмч, ахмадуудын тэтгэвэр нэмэгдүүлэх зэрэг зардлыг УИХ хуралд өргөн бариад одоо хэлэлцүүлгийн шатанд байна.

Өнөөдөр төсвийн хууль болон тодотголтой холбогдуулаад нэлээд улстөржилт өрнөж байна. Ард иргэд намайг мэднэ. Надад нуух зүйл байдаггүй. Тийм учраас аливаа зүйл нээлттэй ил тод байх зарчмын үндсэн дээр мэдээллүүдийг бүрэн нягтлах хүсэлт АТГ-т гаргалаа.

Энэ хүсэлтийн хүрээнд үнэнийг тогтооно гэдэгт итгэж байна. Төсвийг Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайд нарын гарын үсэгтэйгээр УИХ-д өргөн мэдүүлсэн.

Энд байгаа жагсаалт болгоноор нь УИХ хэлэлцдэг. Төсвийн хуулин дээр, эдгээр заалтууд дээр байхгүй асуудлаар хүнийг гүтгэж харлуулах,  улстөржүүлэх, төсвийг унагаах гэсэн үйлдлүүд байх шиг байна. Тийм учраас үнэнийг тогтоох ёстой гэж үзэж байна.

Төсвийн хуулин дээр тодорхой зардлуудаа тусгасан байгаа. Тэнд Ерөнхий сайдтай хамаарал бүхий сургууль дээр зардал шийдсэн гэх асуудал байхгүй. 

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ийм зүйл хийх шаардлага байхгүй. Миний гэр бүл, ажил мэргэжлийн нэр хүндэд халдаж байна. Есдүгээр сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг дээр сургууль байгуулагдсан. 1-12-р анги хичээлээд явж байгаа юм байна лээ. Хамаарал бүхий тэр сургуулиудаас ямар ч хүсэлтийг төр засагт тавиагүй. Явуулах үйл ажиллагаагаа л явуулж байгаа.

Тийм учраас гэр бүл болон, ажил мэргэжлийн нэр хүндэд халдаж болохгүй гэж байр сууриа илэрхийлж байна.

-Өчигдөр Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга худлаа мэдээлэл хийсэн гэсэн үг үү?

-Ер нь бол Төсвийн тухай хуульд нэг бүрчлэн заасан байгаа. Энэ зардлын хүрээнд төсвийг жагсаалтынх нь дагуу хэлэлцэнэ. Тийм учраас ямар нэгэн файлаар ч гэдэг юм уу, хэн нэгний явуулга, улстөржилт, хийрхэлээр төсвийг харлуулах гэсэн оролдлого хийхийг би хэрхэн ч зөвшөөрөхгүй.

Манай хамаарал бүхий сургууль хүсэлт гаргаагүй, ямар нэгэн төсөв мөнгө аваагүй, хийгээгүй үйлдлийнхээ төлөө ингэж улстөржилтөд өртөж байгаадаа харамсаж байна. Манай гэр бүл, үр хүүхэд, ээж, аав бүх зүйл ил тод. Надад нуух зүйл байхгүй.

Миний аав ээж хоёр насаараа боловсролын салбарт ариун цагаан хөдөлмөрөөрөө зүтгэж байгаа хүмүүс. Тэгэхээр хөгшин аав ээж хоёрыг минь улс төрд битгий хутгаарай. Төсөв мөнгөнөөс таван цаас аваагүй. Төлөвлөөгүй. Ямар ч хүсэлт гаргаагүй. Үүнийг иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй.

Зүгээр л хэн нэгний өгсөн файлаар үүнийг сэвээд байх шаардлага байхгүй. Exel файлаар төсөв хэлэлцдэггүй шүү дээ. Би энэ улстөржилт, хийрхэлээс ангид. Оюутолгойн ногдол ашгийг ард түмэндээ хүртээлгэхийн төлөө, төрийн өмчит компаниудын ногдол ашгийг ард иргэдэд хүргэхийн төлөө ямар ч сорилтуудыг давж хамтдаа зүтгэх болно. Надад хаах зүйл юу ч байхгүй.

-Таны кабинетаас таны эсрэг ажилласан байх боломжтой юу? Танд таамаг байна уу?

-Би үүнийг шалгуулах ёстой. Үнэнийг тогтоох хэрэгтэй. Энэ бол миний хариуцлагатай албан бичиг. Үүний хүрээнд зарим нэг албан хаагч нар ажлын төлөвлөгөө ч юм уу, хаанаас гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй файл явуулж миний нэр хүндэд халдаж байгаад маш их гомдолтой байна.

Тийм учраас миний ажил мэргэжил, гэр бүлийн нэр хүндэд битгий халдаач гэж хэлмээр байна. Би энэ төсвийг ямар ч сорилтыг үл хамааран давж гарна. Ард түмний өргөн дэмжлэг дор Оюутолгойн болон  төрийн өмчит компаниудын ногдол ашгийг та бүхэндээ хүргэнэ.

-Та зарлагдсан компаниудад хувь эзэмшдэг үү?

-Энэ компанид би яаж хувь эзэмших вэ дээ. Би дунд сургуулийн хувь эзэмшихгүй. Манай аав, ээж хоёр насаараа энэ салбарт зүтгэж байгаа. Надад нуух, хаах зүйл байхгүй. Улсаас нэг ч төгрөг аваагүй өнөөдрийг хүртэл ариун цагаан хөдөлмөрөөрөө хөдөлмөрлөж байгаа хүмүүс. Аав, ээж, гэр бүлийг минь миний ажил мэргэжилтэй холбож битгий харлуулаач гэж хариуцлагатайгаар хэлмээр байна.

Тухайн үед тавдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан бүх сургуулиуд руу хүсэлт явуулж, дүүрэг бүрт хэд хэдэн суудал тооцож хүсэлт тавьсан. Тэр үед манай сургууль хүсэлтийг нь хүлээж аваагүй. Энд ямар ч үйл ажиллагаа байхгүй. Тийм учраас төсвийн үйл ажиллагааныхаа хүрээнд хэлэлцээд давж гаръя" гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна