Зөрчлийн хууль хэрэгжсэнээс хойш 88100 хэрэг, 5.2 зөрчил бүртгэгджээ

2020 оны 09 сарын 30

Зөрчлийн тухай хууль 2015 онд батлагдаж  2017 оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өнгөрөгч зургаадугаар сарын 30-ны статистик мэдээллээр 5.2 сая зөрчил бүртгэгдэж, 88100 хэрэгт хэрэг  бүртгэлтийн хэрэг нээн шалгасан мэдээлэл байна.

Зөрчлийн тухай хууль нь Монгол Улсын нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулдаг 280 гаруй хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлагыг нь хүлээлгэдэг хууль. Өөрөөр хэлбэл бие даасан хариуцлагын тухай хууль гэхээсээ илүү 280 гаруй хуулиар нийгмийн харилцаанд оролцогчдын эрх, үүргийн тодорхойлолтыг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэдэг хууль гэж Хуульзүйн сайд Х.Нямбаатар тодотгосон. 

Дээрх хугацаанд  Монгол Улсын хэмжээнд 532 мянган зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, газар дээр нь хялбаршуулсан замаар хянан шийдвэрлэсэн таван сая 489 мянган шийдвэрлэлтэд прокурор хяналт тавьсан байна.Цаашид хуульд байгаа  дутагдлыг засах,  өмнөх туршлагуудад үндэслэн шинэчлэн найруулах шаардлага тавигдаад байна. Тухайлбал: 

  • Өмнө нь Эрүүгийн хуульд хуульчлагдсан байсан, жижиг гэмт хэргүүд гэж томьёолж байгаа зөрчлүүдийг буцааж Эрүүгийн хууль руу шилжүүлэх. Өөрөөр хэлбэл жижиг, том хулгай гэж ялгах шаардлага байхгүй. Харин үүнийг шийтгэл оногдуулахдаа л ялгах ёстой. Хоногт 200 гаруй зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгддэг ба зарим шөнө 10-15 гэмт хэргийн дуудлага ирж байна. Зөрчлийн дуудлага болгоныг гэмт хэрэг гэж бүртгэх нь өрөөсгөл. 
  • Зөрчлийн хууль бичигдэхэд 250 хуулийн хариуцлага гэдэг хэсгийг тастаж авсан нь буруу байсан. Энэ нь салбарынхаа хуульд үлдчихсэн. Тэгэхээр бид 2300 зөрчлийг дахин шинээр томьёолох шаардлагатай.  Зарим төрлийн зөрчлийг нэгтгэж, давхардлыг арилгана. Хэм хэмжээний бүрдлийг шийднэ.
  • Туйлын тодорхой заалттай буюу торгуулийн хэмжээ тодорхой байна гэсэн үг. Зөрчлийн шинж чанар, зөрчил үйлдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгууль ногдуулна. Торгууль нь дээд доод хязгаартай байх юм. Зарим төрлийн зөрчлүүдэд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага байна. Тухайлбал шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч тэр дор нь захирамж гаргаж баривчлах шаардлага оногдуулна. Энэ нь шүүхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдэл. Гэтэл 2017 оны нэмэлт өөрчлөлтийн үед танхимаас санал гаргаж баривчлах шийтгэлийг унагаасан. Өөрөөр хэлбэл зуун мянган төгрөг төлөөд шүүх хуралдааныг хэдэн ч удаа тасалдуулж болохоор  орчин бүрдсэнийг залруулна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.