Б.Пүрэвсүрэн: Хуулиар хулгайтай тэмцдэг болохоос худал мэдээлэлтэй зууралддаггүй юм

2020 оны 10 сарын 28

ЦЕГ-ын дэргэд Худал мэдээлэлтэй тэмцэх дагнасан нэгж өнгөрсөн есдүгээр сард байгуулагдсан.  Энэ асуудлаар  “Глоб интернэшнл төв” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. 

-Хуулийн байгуул­лагаас худал мэдээлэлтэй тэмцэхээр  нэгж байгуулаад байна.  Энэ асуудлыг та юу гэж дүгнэж байв?

-Би анхнаасаа эсрэг байр суурьтай байсан.  Ер нь хэн, хаанаас ийм хөгжим захиалсан нь ойлгомжтой. Төрийн гурван өндөрлөг буюу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бодлогыг тодорхойлогч эрхмүүдийн хүсэл зориг энэ асуудал дээр нэгдсэн гэж харж байна.   Уг нь үндэсний аюулгүй байдалд халтай хамгийн их сөрөг мэдээлэл түгээгч нь хэн байдаг билээ. Үүнийг бодоод үзээрэй. Олон улсад бол Сингапур улс fake news буюу худал мэдээллийн тухай тусгайлсан хууль 2019 онд баталсан байдаг. Гэсэн ч  энэ төрлийн хууль нийгмийн хэрэгцээ, шаардлагад тэр бүр нийцэхгүй байгаа тухай экспертүүд хэлдэг. Бид хуулийн ганц зүйл, заалт бариад худал мэдээлэлтэй тэмцчихдэг бол амар байх сан. 

Мөн худал мэдээлэлтэй тэмцэх нэгж байгуулаад дэлхий нийтийн шүдний өвчин болсон асуудал дээр үлгэр дуурайл болно гэвэл юу л бол.  Ер нь энэ нэгж иргэдээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаатай нэн холбогдож байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үнэн бодит мэдээлэл түгээх үүрэг нь ёс зүйн зарчмаараа оногдсон байдаг. Ёс зүйн асуудал зөрчсөн бол Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс хариуцлага тооцох зөөлөн зохицуулалтын хэм хэмжээ мөрдөгдөж байна. Харин иргэн хэвлэл мэдээллийн редакци шиг баталгаатай, үнэн бодит мэдээлэл төдийлөн түгээх боломжгүй байдаг нь сэтгүүл зүйн арга, төрлөөрөө ч ялгаатай. Гэвч худал мэдээлэлтэй тэмцэх нэгж нь Монгол Улсын 3.2 сая иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг үл хүндэтгэн онцгой үүрэг хариуцлага ногдуулж, таамагласан, асуудал дэвшүүлсэн төдийд л хариуцлага ярих боломж олгож байна. Өнөөдөр би ийм юм бичлээ гээд маргааш “амаа мэдээрэй” хэмээн дарамтлуулж, хариуцлага үүрэх ёсгүй юм.

-Тэгэхээр ямар зорилготой нэгж гэж та харж байна?

-ЦЕГ-ын удирдлага нь Засгийн газраас томилогддог, шууд харьяаны байгууллага.  Улс төрийн өндөр албан тушаалтнуудын асуудлаар аливаа мэдээллийг хаах, нухчин дарах, олон нийтийн үнэнийг мэдэх эрх ашгийг үл харгалзан шүгэл үлээгчид, мэдээллэгчдийн эсрэг, албан тушаалтнуудын захиалгаар энэ нэгж байгуулагдлаа.   Тэднийг хамгаалах л нэгж байх нь. Мөн нэгж байгуулагдсанаараа иргэдийн өргөдөл, гомдол дээр тулгуурлан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулахаас гадна өөрсдийн үзэмжээр худал мэдээллийн араас хөөцөлдөж хянан шалгах ажиллагаа үүсгэх эрхтэй болсноороо иргэдийн Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх, эрх чөлөөний эсрэг үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг хуулийн байгууллагад олгож байна. Саяхан буюу өнгөрсөн наймдугаар сард  парламентаас Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг баталсан. Тус мөрийн хөтөлбөрийн 2.6.4-т “Хэвлэл мэдээллийн салбарыг үнэн бодит мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх чиглэлээр хөгжүүлнэ” гэж зааснаас үзвэл худал мэдээлэл газар авсныг хүлээн зөвшөөрч, түүнтэй тэмцэнэ гэдгээ албан ёсоор зарласан гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаас соён гэгээрүүлж, хөгжүүлэх амлалттай байтал өөрсдийнх нь өмнө өвдөг сөхрөн, өмөлзөхийг иргэдээсээ тэд хүссэн нь харагдаж байгаа юм.

-ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан нэгж байгуулах болсноо зарласан.  Тэрээр  эдийн засгийн аюулгүй байдал, хүн амын удмын сангийн аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын аюулгүй байдалд нөлөөлж болох мэдээллийг хянаж шалгана гэсэн.  Гэвч яг ямар асуудлыг нь энд хамаатуулж, ямрыг нь хамаатуулахгүй вэ гэсэн тодорхой мэдээлэл өгөөгүй?

-Тэгэхээр худал мэдээлэл гэсэн малгайн дор үнэнийг ч шалгаж магадгүй байна.  Хуулийн заалтын тухайд Эрүүгийн хуулиас гадна Зөрчлийн тухай хууль мөн COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудаар арга хэмжээ тооцно гэсэн үг. Тухайлбал, Цар тахалтай холбоотой хуулийн 12.3-т Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно гэж заасан. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.13 дахь заалтад гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.  Ингэснээр аливаа мэдээлэл түгээснээр  Эрүүгийн болон Зөрчлийн арга хэмжээ авах нөхцөл байдал бий боллоо. Мөн Эрүүгийн хуулийн Эх орноосоо урвах 19.1, Хорлон сүйтгэх ажиллагаа явуулах 19.6 дахь заалттай холбоотой гэмт хэргүүдэд Тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.  Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын эсрэг, сөргөөр нөлөөлж болзошгүй худал мэдээлэл тараасан гэдэг хэт ерөнхий агуулгын араас хөөцөлдөх нь цагдаагийн байгууллагын эрх хэмжээний асуудал биш.  Хуулиар тусгайлан харьяалуулсан Тагнуулын ерөнхий газрын эрх хэмжээний асуудал тул нэгж байгуулсан нь үндэслэл бүхий шийдвэр биш гэдгийг дахин хэлэх хэрэгтэй.

-Энэ нэгжийг байгуулах нь хэд хэдэн хуулийн заалттай зөрчилдөж байгаа ч та хэлсэн.  Энэ талаар тодруулахгүй юу?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар “…Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”, ”Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” гэсэн заалт бий. Үүнтэй ЦЕГ-ын Худал мэдээлэлтэй тэмцэх нэгж нь зөрчилдөж байна.  Ер нь таамагласан байр сууринаас өөрийн үзэл бодлоо илэрхийлж аливаа асуудлаар мэдээлэл түгээх эрх хэнд ч нээлттэй байна. Үүнийг хууль тогтоомжоор хориглож, тусгайлан нэгж байгуулж хяналт шалгалт явуулах нь хүний эрхэд нийцэхгүй. Хууль батлаад хулгайтай тэмцдэг болохоос хуулийн ганц заалтаар худал мэдээллийг хязгаарлаж чадна гэсэн үлгэр хаана ч байхгүй. Энэ бол цогцоор нь шийдэх асуудал бөгөөд дан ганц Монголын өмнө тулгараад буй бэрхшээл биш юм.

-Эрүүгийн хуулийн 13,14 дэх заалтаар “худал мэдээлэл тараах”-ыг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.  Энэ заалт өнгөрсөн нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байна?

-Энэ заалт эхнээсээ зөрчилтэй байсан. Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэдэг урьдчилсан нөхцлийн албан ёсны тайлбар одоог хүртэл байхгүй байна.  Тиймээс тухайн хэргийг шалгаж буй эрх бүхий албан тушаалтан өөрийн үзэмжээр тайлбарлах, хэргийг нэг талд ашигтайгаар шийдвэрлэх боломжийг үүсгэж байгаа юм. Харин энэ гэмт хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрийн өндөр албан тушаалтан гомдол гаргах эрхгүй гэж оруулах нь бодит байдалд нийцэх сайн зохицуулалт юм.

Манай байгууллагаас хийсэн судалгаагаар Иргэний хуулийн 497, 511, 21 дүгээр заалт нэр төр, алдар хүнд гэм хорын хохирлын улмаас нэхэмжлэл гаргаж буй хүмүүсийн 33 хувь нь улс төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байна. Мөн Эрүүгийн хуулиар нэр төр, алдар хүндэд халдсан гэдэг үндэслэлээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж буй хүмүүсийн дийлэнх нь төрийн байгууллага, олон нийтийн зүтгэлтэн  байна.  Тиймээс тус хуулийн заалтын дор эсвэл УДШ-ээс эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг тайлбарласан  тайлбарыг хийж өгөхгүй бол хэн нэгний захиалгаар Эрүүгийн хуулийн худал мэдээлэл тараах заалт нь иргэдийн эсрэг болох эрсдэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.