ОХУ-д айлчилж буй УИХ-ын дарга Н.Учрал “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөв

Zuv.mn
1 цаг 34 минутын өмнө

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монголын парламентын төлөөлөгчид өнөөдөр (2026.02.10) Москва хотын Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр үл мэдэгдэх цэргийн хөшөө”-нд цэцэг өргөлөө. Цэцэг өргөх ёслолд Монголын талын албан ёсны төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев оролцов.

Энэхүү цогцолборыг 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд амь үрэгдэгсэд, мөн дайны үед онцгой гавьяа байгуулсан баатар хотууд болон цэргийн алдар суут хотуудыг алдаршуулах зорилгоор байгуулж, 1967 оны тавдугаар сарын 8-нд нээжээ. 1997 оноос хойш нэр үл мэдэгдэх цэргийн булшийг хүндэт харуулын цэрэг хамгаалдаг болсон байна. Уг цогцолбор нь ОХУ-ын соёлын өв болон Цэргийн алдрын үндэсний дурсгалт газрын нэг юм.

Жил бүрийн тавдугаар сарын 09-ний “Ялалтын өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалд хүндэт зочдоор уригдсан улс орны тэргүүн нар болон ОХУ-д айлчлал хийж буй гадаадын өндөр хэмжээний зочид уг цогцолборт цэцэг өргөдөг уламжлалтай хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна