Хувьд шилсэн Стратегийн ордууд Үндэсний баялгийн санд "нэгдэх" эхлэл тавигдлаа

Х.Батсайхан
1 цаг 14 минутын өмнө

Засгийн газар Стратегийн ордын жагсаалтад багтдаг Ухаахудаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Эрдэнэт”-ийн овоолго дээр үйл ажиллагаа явуулдаг “Ачит ихт” компанийн удирдлагуудтай ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрч, уг тохироогоо баталгаажуулсан протоколд гарын үсэг зурлаа.

Ингэснээр, Стратегийн жагсаалтад багтсан ч хувьд шилжсэн бусад ордуудыг "Үндэсний баялгийн сан"-д нэгтгэхэд /Орлого оруулдаг болгоход/ хэрэглэх жишиг /ард түмэн, ААН-д ногдох өөгжийн хувьд/ тогтоож өгөв. Өөрөөр хэлбэл, энэхүү тохироо нь өгөөжийн хувийг тогтоож байгаа бөгөөд энэ нь бусад орд дээр ч хэрэгжинэ гэсэн санаа юм.  

Ард нь шийдэх асуудлууд бий. “Өгөөж” гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. “Рио Тинто” дээр манайхны гаргасан гол алдаа бол ордын өгөөж “Өгөөж” гэж яг юуг хэлж байгааг тодорхой зааж өгөөгүй явдал гэж Ерөнхий сайд асан С.Баяр хэлж байсан. Тодруулбал, манай тал өгөөжийг “Ногдол ашиг” гэж ойлгож байсан бол “Рио Тинто” дотоодын худалдан авалт, ажилчдад өгч байгаа цалинг хүртэл Монголд ногдож байгаа өгөөж гэж тооцож байгааг тэрбээр хэрвээ мэдэж байсан бол эхлэл цэг дээр нь засах боломж байсан гэж Нээлттэй сонсголын үеэр хэлж байсан.

Тиймээс, ард түмэнд ногдох өгөөжийн хувь 60 хувиас доошгүй байхаар тохирсон нь эхний байдлаар дажгүй тохиролцоо. Үндэсний баялгийн санд дараа, дараагийн ордуудыг нэгтгэхэд эзэмшигч ААН нь дор хаяж өгөөжийн 40 хувьтай үлдэнэ гэдэг баталгаа тул хэлэлцээрүүд ч идэвхжинэ.

Гагцхүү “Өгөөж” гэдэг ойлголтоо нэгтгэхгүй бол Стратегийн ордууд бүгд нэг, нэг Оюутолгой, эзэмшигч ААН-үүд нь “Рио Тинто” болж хувиар эрсдэл байгааг мартаж болохгүй. Ухаандаа, “Орон нутгийн иргэдийг ажилд авч цалинжуулж байна, энэ бол ард түмэнд өгч байгаа өгөөж. Орон нутгаас юм худалдаж авч байна энэ бол өгөөж гэж элийрээд байлгахгүйн тулд энэ ойлголтоо маш тодорхой болгож, нэгдсэн ойлголцолд хүрэх нь чухал юм. Уул уухайн ч тэр, бусад бизнесийн ч тэр, 50-60 хувь нь ерөнхийдөө зардал байдаг. Зардлаа өгөөж гэж тайлбарладаг байдлыг жижиг улсуудыг мөлждөг уул уурхайн үндэстэн дамнасан корпорациуд ашигладаг юм байгаа биз, дотоодын олигархиуд ашигладаг жишиг тогтоож болохгүй.        

Ямартай ч Засгийн газар Үндэсний баялгийн санг мөнгөжүүлэх эхний алхмаа хийж, өгөөжийн хувиа тоодорхой болголоо. Одоо ард түмнийг төлөөлж буй төр тухайн стратегийн ордод хувь эзэмших үү, тусгай АМНАТ-өөр орлуулах уу гэдгийг УИХ-аар оруулж шийдвэрлэхээр болж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна