Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ​

Х.Есү
1 цаг 25 минутын өмнө

Эхнэрээ олон удаа хутгалж харгис хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбат дээд шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж түүнд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ. 

Шүүгдэгч Н.Энхбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан”, тус зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “Хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Н.Энхбат дээд шүүхэд гаргасан гомдолдоо "Үр хүүхдэддээ зовлон шаналал авчирсандаа гэмшиж байна. Гурван хүүхдээ харж хандах хүнгүй ирээдүйг нь бүрсгэр үлдээсэндээ сэтгэл зовж байгаа тул итгэл уучлалт үзүүлж бүх насаар хорих ялыг өөрчилж өгнө үү.

Хорих ангид хөдөлмөр эрхлэх шагналыг хоногоор урамшуулан, суллагдах боломжийг хангаж өгнө үү" хэмээн бичиж байсан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна