Италийн Милан, Кортина дАмпеццо хотуудад болж буй “Милан, Кортина 2026” өвлийн олимпын анхны алтан медалийн эзнээр Швейцарийн уулзын цаначин Франьо Фон Алльмен тодорлоо. Уулын цанын хурдтай буух төрөлд өрсөлдсөн тэрбээр Италийн Жованни Францонигаас 0.20 долиор түрүүлж барианд орсон юм. Хүрэл медалийг мөн Италийн Доминик Парис хүртжээ.
Франьо Фон Алльмен 2001 оны долдугаар сарын 24-нд төрсөн, энэ жил 25 настай. 2017 оноос буюу 16 настайгаасаа олон улсын хэмжээнд өрсөлдөж эхэлсэн бөгөөд хурдтай буух төрөлдөө энэ жил бусдаасаа тасархай амжилт үзүүлж байгаа тамирчин юм байна. Өөрөөр хэлбэл, таамгийн дагуу аварга болжээ. Зальбахт болсон 2025 оны ДАШТ-ээс хурдтай буух төрөлдөө ганцаарчилсан болон багийн төрөлд /Лойк Мейярын хамт/ алтан медаль хүртжээ. Сонирхолтой нь, багийн төрөлд ДАШТ-ий эхний гурван байрт Швейцарийн гурван баг орж байв.
Фрида Карлссон
Уулсын цанын хурдтай буух төрөл дууссаны дараахан цанын эмэгтэйчүүдийн уралдаан барианд орж, Шведийн Фрида Карлссон, Эбба Андерссон нар алт, мөнгөн медаль хүртэж, Норвегийн Хайди Венг хүрэл дээр буув.
Хуваарь ёсоор өнөөдөр таван иж бүрдэл медалийн эзэн тодрох ёстой бөгөөд спортын төрөл, дүн гарах цагийг Улаанбаатарын цагаар бичлээ.
Багийн дүнг алт, мөнгөн медальтай Швед тэргүүлж, нэг алттай Швейцарь, мөнгө, хүрэл тус бүр нэгтэй Итали, нэг хүрэлтэй Норвегийн багууд тэргүүлж байна.
Наадмын турш 245, Паралимпын 137 иж бүрдэл медаль тамирчдад очно.
“МИЛАН КОРТИНА 2026”
Хоёрдугаар сарын 7, бямба
Уулын цана /хурдтай буулт/
1. Франьо Фон Алльмен (Швейцарь)
2. Джованни Францони (Итали)
3. Доминик Парис (Итали)
Цана /скиатлон/
1. Фрида Карлссон (Швед)
2. Эбба Андерссон (Швед)
3. Хайди Венг (Норвеги)
Тэшүүр
23:00 – 3000 м, эмэгтэй
Сноуборд
02:30 – биг-эйр, эрэгтэй
Трамплин
02:57 – Энгийн трамплин, эмэгтэй
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна