Бортээгийг эргэлтэд оруулах хувилбарт “Админерал”-ын үйлдвэр үүрэггүй байна

Zuv.mn
1 цаг 30 минутын өмнө

Тавантолгойн бүлэг ордын нэг Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбарыг "Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай, "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу нар танилцуулж, төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын нээлттэй тендер зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ахалж буй. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын материалыг бэлтгэж дуусжээ. Уг материалаа Засгийн газарт гурван удаа танилцуулж, өнгөрсөн лахгава гарагт  болсон Засгийн газрын хуралдаанаас сонгон шалгаруулалт зарлах эрхээ авсан байна.

Харин санал ирүүлэх хөрөнгө оруулагчдад дэд бүтэц, ажлын байр бий болгох, төмөр зам, авто зам, баяжуулах үйлдвэр барих 1000 онооны шаардлагыг тавьж байгаа юм байна. Сарын хугацаанд санал хүлээж аваад Ажлын хэсэг үнэлгээг хийж, 700-гаас дээш оноотой ААН-үүдтэй хэлцэлд орно. Улмаар УИХ-аар оруулж батлуулах бөгөөд энэ ондоо хөрс хуулалтаа эхлүүлж, 2028 оноос бүтээгдэхүүнээ борлуулж эхлэх төлөвлөгөөтэй.   


Эндээс, төсөлд хөрөнгө оруулах ААН-д баяжуулах үйлдвэр барих шаардлага тавьсан нь анхаарал татлаа.  Танилцуулгад Бортээгийн олборлолтыг 2-15 сая тонн нүүрс олборлоно гэж буй. Тэгвэл уг ордоос гарах нүүрсийг боловсруулахад хамгийн тохиромжтой байрлалд баригдсан “Админерал”-ын нүүрс боловсруулах үйлдвэр баригдаж байх үедээ 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай гэж байв. Энэхүү боловсруулах үйлдвэр нь хуурай аргаар буюу байгаль орчинд хамгийн ээлтэй технологитой, 53 сая ам.долларын өртөгтэй гэж үүсгэн байгуулагч нь мэдэгдэж байсан.

Тус үйлдвэрийг Прокурорын шийдвэрээр хааж, битүүмжилсэн гэх мэдээлэл өнгөрсөн аравдугаар сард хэвлэл, мэдээллээр гарч байв.

Яг өнөөдрийн “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Тавантолгой“ компанийн захирлуудын танилцуулсан хувилбарт энэ үйлдвэр ямар ч үүрэггүй байна.

Н.Цэрэнсамбуу захирлын хэлснээр, одоо явж буй хувилбарт хөрөнгө оруулагч нь ордоос гарах нүүрсийг боловсруулах технологитой, борлуулах сувагтай байх ёстой. Мөн дээр дурдсан бүтээн байгуулалтуудыг хийгээд өгөөжийн /Засгийн газар ордуудын өгөөжийг “Татвар, төлбөр, хураамж” гэж тодорхойлж байгаа/ 50-иас дээш хувийг Засгийн газарт өгөх ёстой. Хөрөнгө оруулагч орж ирэхгүй бол “Эрдэнэс Тавантолгой” ХК бие дааж эргэлтэд оруулах бөгөөд энэ тохиолдолд эргэлтэд оруулах ажил удааширна гэж байгаа юм.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна